Археологичид Туркийн баруун хойд нутагт малтлага хийх явцдаа 16 мянга 500 жилийн өмнөх үеийнх байх магадлалтай 25 ширхэг яст мэлхийний баримлыг олжээ.
Эдгээр олдворыг Билежик мужийн Инхисар дүүргийн Гедиккая толгод болон Ин агуйд хийсэн археологийн малтлагын талбайгаас олж илрүүлсэн байна.
Туркийн Соёл, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Билэцик Шейх Эдебали их сургуулийн Археологийн тэнхимийн профессор Дениз Сaригийн удирдсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тавдугаар сарын 18-наас долоодугаар сарын 18-ны хооронд уг малтлагыг хийжээ.
Эдгээр баримлыг шохойн чулуугаар хийсэн бөгөөд заримыг нь шавардсан байв. Хамгийн том нь ойролцоогоор 30 см урт, 20 см өргөнтэй байжээ.
Археологийн шинжилгээгээр, эдгээр олдвор нь Эпипалеолитийн үеийн МЭӨ 14 500–11 200 оны хооронд хамаарахыг тогтоосон байна. Эдгээр баримлыг ёслолын зориулалтаар бүтээж, агуй дотор байрлуулсан гэж үзэж байна. Агуй доторх археологийн олдворуудыг анх 2017 онд гадаргын судалгаагаар илрүүлжээ.
Энэ онд ерөнхийлөгчийн зарлигаар уг талбайд ажил эхлүүлэхээсээ өмнө тус их сургуулийн судлаачид 2019–2023 онд Билэцик музейн удирдлага дор аврах малтлага явуулсан байжээ.
“Энэ газар мөргөлийн ёслолын бүс байсан гэдгийг эдгээр олдвор харуулж байна. Яст мэлхийний баримлууд нь агуйн ёслолын талаарх шинэ ойлголтыг өглөө” гэж Сари хэлэв.
Ихэнх баримал барзгар, болхидуу хэлбэртэй байсан нь ёслолд зориулсан бүтээл болохыг харуулж байгаа юм.

