Монголд зохион байгуулж буй цөлжилт, ган, газрын доройтлын эсрэг НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна.
Алтайн өвөр говийн Дархан цаазат газрын А хэсэг буюу Монгол орны байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутагт өдгөө ч амьдран буй нэн ховор амьдтын нэг нь мазаалай баавгай болон хавтгай буюу зэрлэг тэмээ юм.
Жил ирэх бүр цөлжилт говийн аймгуудын нутгаар улам тэлж, усны хомсдлоос гадна нэн ховор ургамлуудын гарц гаралт буурч буй нь дэлхийд цөөн тоологдох амьтдын амьдрах нөхцөлд ч сөрөг нөлөө үзүүлсээр байна.
Бэлчээрийн доройтол нь дан ганц малчдад тулгамдаж буй асуудал биш бөгөөд мазаалай, хавтгайн идэш тэжээлийн нөөц багасах, улмаар популяц нь ч багасахад хүрч буй юм. Мазаалайг судална гэдэг говийг судлахын нэр. Иймээс судлаачдын өмнө дэлхийд ердөө 51 бодгаль тоологдсон энэ амьтныг эрж, судлах нь тухайн байгаль экологийн өмнө юу тулгамдаж буйг олж мэдэхэд өндөр үр нөлөөтэй билээ.
Мөн хавтгай тэмээний генфондод учирч буй олон сорилтууд, үүний цаадах цөлжилт, усны асуудал, малчдын оролцоо зэргийг ойлгох нь ойрын ирээдүйд говийн бэлгэ тэмдэг болсон эдгээр нэн ховор амьтдыг авран хамгаалахын гол учир шалтгаан юм. Иймээс эдгээрийг хөндөн харуулсан найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын хамтын бүтээл “Их говийн манаач”, “Хавтгай” баримтат кино төслийг өнөөдөр СОР17 хурлын Монголын говийг дэлхийн өвд бүртгүүлэх тухай үндсэн үйл ажиллагааны хүрээнд Ногоон бүсийн Тулуй танхимд 16:30-17:30 цагт танилцуулах гэж байна.
“Их говийн манаач” баримтат кино 2026 оны эхээр нээлтээ хийж, БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэрээр шалгаран, БНСУ-ын үзэгчдэд хүрсэн билээ.
Дөрөвдүгээр сард Болгар Улсын Софи хотноо зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival”-аас “Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон” -ы учир “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) бүтээлд “Алтан Мазаалай” (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон юм.
Мөн Бангкокийн Кино шүүмжлэгчдийн мэргэжлийн зөвлөлийн 7 сарын “Шилдэг найруулагч” төрөлд шалгарчээ. Түүнчлэн “Их говийн манаач” баримтат кино Их Британийн “MegaFlix Movie Awards” болон АНУ-ын “Angeles Documentary Film Festival” кино наадмын “Official Selection” буюу албан ёсны шалгаруулалтад оролцохоор тэнцээд буй.

