“Beef” цувралын дүрээрээ “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн жүжигчин Чарльз Мелтон “Naruto” мангагаас сэдэвлэсэн уран сайхны кинонд тоглохоор яригдаж байна. Тэрбээр “Lionsgate”-ийн бүтээж буй тус киноны гол дүрүүдийн нэг болох Какаши Хатакегийн дүрийг бүтээхээр эцсийн шатны хэлэлцээрт орсон талаар мэдээлжээ.
Уг киног “Marvel”-ийн “Shang-Chi and the Legend of the Ten Rings” болон одоо кино театруудаар гарч буй “Spider-Man: Brand New Day” бүтээлээрээ танигдсан найруулагч Дестин Даниэл Креттон найруулна. Тэрбээр Масаши Кишимотогийн бүтээсэн дэлхийд алдартай “Naruto” мангагаас сэдэвлэн уг киног бүтээхээр ажиллаж байна.
“Naruto” анимед нинжа тосгоныхоо удирдагч болохыг мөрөөддөг, эрч хүчтэй залуу нинжа Наруто Үзүмакигийн түүхийг өгүүлдэг. Түүний биед есөн сүүлт үнэгний хүч оршдог бөгөөд энэ нь Нарутогийн амьдрал, нинжа болох замд нь олон бэрхшээл авчирдаг билээ.
1999-2014 онд Японы “Weekly Shonen Jump” сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн “Naruto” манга нь дэлхий даяар асар их алдартай болж, улмаар хоёр том хэмжээний анимэ цуврал гарсан юм. Тус цувралууд нь олон улсын хэмжээнд “Cartoon Network”, “Disney XD” зэрэг сувгуудаар цацагдаж байжээ.
Одоогоор киноны Наруто Үзүмакигийн дүрд тоглох жүжигчнийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, киноны продюсероор Эйви Арад, Ари Арад, Эмми Ю болон Жереми Латчам нар “Arad Productions”-ийн нэрийн өмнөөс ажиллах бол Дестин Даниэл Креттон өөрийн “Hisako” продакшнаар дамжуулан Жейюн Манфордтой хамтран продюсер хийхээр ажиллаж байгаа бөгөөд “Naruto” киноны зураг авалтыг 2027 оны хоёрдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

