Завхан аймгийн төв Улиастай хотод XVIII–XIX зууны үед холбогдох тээрмийн чулуун дурсгалууд хадгалагдан үлдсэн нь тухайн бүс нутгийн уламжлалт аж ахуй, соёл, тариалангийн хэрэглээг судлахад чухал хэрэглэгдэхүүн болж байна.
Одоогоор аймгийн төвийн Жавхлант толгойд дөрөв, Алдартны музейн орчимд хоёр, Гандан хийд болон бусад байгууллагын хашаанд байрлах зэрэг нийт арав орчим тээрмийн чулуун дурсгал бий.
Эдгээр нь зөвхөн ахуйн хэрэглээний эд зүйл бус, тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, хүнсний боловсруулалт, уламжлалт мэдлэгийг илэрхийлсэн түүх, соёлын өвд тооцогддог.
Археологийн судалгаанд тээрмийн чулуу нь эртний хүмүүс үр тариа, эмийн ургамал, хүнсний түүхий эдийг боловсруулахад ашиглаж байсан багаж хэрэгслийн нэг бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлэн дундад зууны үе хүртэлх олон дурсгалт газраас олддог.
Ийм олдвор нь тухайн нутагт зөвхөн мал аж ахуй бус, газар тариалан, хүнсний боловсруулалтын үйл ажиллагаа хөгжиж байсныг нотлох чухал баримт болдог.
Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэгийн хэлснээр, тээрмийн чулуу нь дугуй хэлбэртэй, голдоо эргүүлэх голтой хоёр чулуун хэсгээс бүрдэх бөгөөд улаан буудай, арвай, вандуй зэрэг үр тариаг нунтаглах зориулалттай байжээ.
Тээрэмдсэн гурил нь байгалийн шим тэжээл, амт чанараа илүү хадгалдаг байсан тул айл өрхүүд хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангахдаа өргөн ашигладаг байсан аж.
Монгол Улсын хэмжээнд чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үед холбогдох суурин, агуй, бууц суурингаас гар тээрмийн чулуу болон түүний хэлтэрхий олонтоо илэрсэн байдаг. Ийм олдворууд нь эртний хүмүүсийн аж ахуй, технологийн хөгжил, суурин соёлын түвшнийг судлахад чухал эх сурвалж болдог бөгөөд Үндэсний музей болон археологийн судалгааны байгууллагуудын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Завхан аймаг нь Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй 667 дурсгалт газартай, 6700 гаруй үл хөдлөх түүх, соёлын дурсгалтай бөгөөд буган чулуун хөшөө, хадны зураг, хиргисүүр, хүн чулуу зэрэг олон төрлийн археологийн өвөөрөө улсын хэмжээнд онцлогт тооцогддог.
Сүүлийн жилүүдэд Соёлын өвийн үндэсний төвөөс аймгийн зарим чулуун дурсгалд сэргээн засварлалт хийж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг хийж байна хэмээн музейн тайлбарлагч онцолсон юм.
Түүх, соёлын эдгээр дурсгал нь зөвхөн өнгөрсөн цагийн ахуй амьдралыг өгүүлэхээс гадна өв соёлоо хамгаалах, хүүхэд залууст уламжлалт мэдлэгийг өвлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэт эх сурвалж болсоор байна.


