Ховд аймгийн Дуут сумын цуурч Паарайн Наранцогт урианхайчуудын дунд үеэс үед дамжин ирсэн цуур хөгжмийн уламжлалыг хадгалж, үр хүүхэд, ач нартаа өвлүүлсэн нэрт өвлөн уламжлагч юм.
П.Наранцогт урианхай угсаатны цуурчдын долоо дахь үеийн төлөөлөл. Тэрээр өвөг дээдсээсээ цуур хөгжмийн уламжлалыг өвлөж авч, цуурын олон аялгуу, тоглох арга барилыг эзэмшин, хойч үедээ зааж сургасан байна.
XX зууны сүүл үед цуур хөгжмийн уламжлалт урын сан, тоглох арга барил мартагдах, тасрах аюултай болсон үед П.Наранцогт цуурын аялгуу, цуурдах арга ухааныг мэддэг цөөн өвлөн уламжлагчийн нэг байжээ. Түүний ач хүү, цуурч Б.Наранбат “1980-аад онд цуур хөгжмийн өвийг манай өвөө Паарайн Наранцогт ганцаараа тээж байсан” хэмээн дурссан байдаг.
Алтайн урианхайчуудын дунд цуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг төдийгүй уул, ус, байгаль дэлхийгээ аргадан тахих, гэрийн жаврыг үргээх зэрэг зан үйлтэй холбоотой байжээ. Мөн байгаль, уул усны өнгө аясыг цуурын эгшгээр илэрхийлдэг онцлогтой.
Социализмын үеийн соёлын хоригийн үед цуурыг модон хайрцагт хийж, бүсэндээ нуун авч яван айл саахалтаар цуурддаг байсан тухай ахмад үеийнхний дурсамж бий. Тэр үед цуурын аялгуу, тоглох арга ухааныг хадгалж, хойч үедээ зааж сургасан хүмүүсийн нэг нь П.Наранцогт байв.
Түүний ач хүү Б.Наранбат зургаан настайгаасаа өвөөгөөсөө цуур сурч, удам дамжсан найм дахь үеийн цуурч болжээ. Тэрээр өвөөгөөсөө өвлөсөн цуурын дэг, аялгуу, урын санг үргэлжлүүлэн эзэмшиж, монгол цуурын уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Б.Наранбат 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд оролцсон бөгөөд 2024 онд “Шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарчээ.
П.Наранцогтын өвлөж авсан цуурын дэг, аялгуу, тоглох арга ухаан ач хүү Б.Наранбатаар дамжин өнөөдөр найм дахь үедээ үргэлжилж байна. Энэ нь урианхайчуудын цуур хөгжмийн уламжлал удам дамжин хадгалагдаж буйг харуулж байна.
Ийнхүү шилдэг өвлөн уламжлагчдын тухай Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас цувралаар танилцуулж байна.

