Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүлэв
Дүрслэх урлаг

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүлэв

Урлаг Урлаг28/09/2026Шинэчлэгдсэн:28/09/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музей нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, Монголынхоо үзэгчдэд хүргэсээр ирсэн төдийгүй, олон улсын музей, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлсээр иржээ.

Энэ удаад тус музей нь Италийн Ром хотын “Боргезе” галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан дэлгэхээр болж, өнөөдөр /2026.06.28/ “Чингис хаан” үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун, Италийн Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти, Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, музейн куратор Ж.Дархижав нар үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл өглөө.

Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт мастер Рафаэл Сантигийн алдарт “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Нептун”-ыг онцлон толилуулна.

Энэхүү алдарт бүтээл нь хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, хурц сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгддэг, хоёр өөр эрин үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг үзэгчдэдээ олгож буйгаараа онцлогтой.

Мэдээллийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун хэлэхдээ, манай музей энэ жил “Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Бүгд Найрамдах Итали улсын Ром, Турин хотуудад гаргасан. XVII зууны Италийн уран баримал, архитектурын хөгжилд Жиан Лоренцо Бернини томоохон нөлөөг үзүүлсэн. Бернини бол манай Занабазартай нэг цаг үеийнх. Өөрөөр хэлбэл, Өрнө дахинд уран баримал сонгодог урлаг хөгжиж байсан, тэр үед Дорно дахинд бас Занабазар өөрийнхөө шилдэг бүтээлийг туурвиж байсныг харуулж байгаа юм. Энэхүү хоёр сонгодог бүтээл нь Монголд, тэр тусмаа Азид анх удаагаа заларч байна. “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн соёл, урлагийн сонгодог бүтээлүүдийг эх орондоо, эхээр нь үзэх боломж нээгдэж байгаа нь манай музей дэлхийн музейн стандартын шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагаа эрхэлж байгааг нотолж буй” гэдгийг тодотгов.

“Чингис хаан” үндэсний музейгээс “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнг Франц, Итали, Швейцар, Чех, Англид, удахгүй ирэх 10 сард Германд нээх гэж байна. Энэхүү тусгай үзэсгэлэн дэлхийд хамгийн идэвхтэй явагдаж байгаа үзэсгэлэнгийн нэг. Манай музейн урилгыг хүлээн авч, Монголд авчрах боломжийг олгосон Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти, мөн бидний ажлыг дэмжиж ажилласан Элчин сайд Жованни Пиккарета нарт талархлаа илэрхийллээ. Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти хэлэхдээ,бидний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж өөрсдийн уран бүтээлчдийнхээ бүтээлээс хуваалцаж байгаад таатай байна. Галлерейн зүгээс бол Бернинигийн ‘Нептун’ болон Рафаэлийн эх хувийг, эх зургийн хамт оролцож байгаа нь дэлхийн уран бүтээлийг Монголд хөгжүүлэх боломжийг олгож байгаад талархалтай байна” гэв.

Элчин сайд Жованна Пиккаррета хэлэхдээ, тусгай үзэсгэлэн гаргаж байгаа нь алсын хараатай үйл ажиллагаа Италийн урлагийн агуу бүтээлүүдийг Монголын үзэгчдэд танилцуулах боломж нээсэн “Чингис хаан” музейн захирал С.Чулуун, Боргезе галерейн захирал Франческа Каппеллеттид танд талархал илэрхийлье. Энэхүү бүтээлийг Монголд авчирч танилцуулж байгаа нь соёлын харилцааг урлагаар дамжуулан өргөжүүлж байна гэдгийг хэллээ.

Үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд нэг сарын хугацаанд дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ хоёр бүтээлийн түүх, уран сайхны онцлог, утга санааг гүнзгий танин мэдэхэд зориулсан катологи, мерчендайзингийн бүтээгдэхүүн шинээр гарган өргөн барьж буй.

Ийнхүү дэлхийн урлагийн сор бүтээлүүдийг эх нутагтаа авчирч олон улсын тусгай үзэсгэлэн зохион байгуулахад дээд зэргийн зохион байгуулалтаас гадна өндөр зардал шаардагддаг (Тухайлбал: даатгал, тээвэрлэлт, стандартын сав баглаа боодол, задлах, баглах, үзмэрт тавьсан шаардлагын дагуу хорго, танхим, чийг дулааныг хянах дагалдах хэрэгсэл). Чингис хаан Үндэсний музей нь олон улсын музейн стандарт шаардлагуудыг бүрэн хангаж, олон нийтийн соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүйд зориулсан тусгай үзэсгэлэнг дэглэн үзүүлж Монголчуудынхаа мэлмийг баясгахад зориулж тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх бөгөөд, ирэх лхагва гараг буюу есдүгээр сарын 30-ны 14:00 цагт нээлтээ хийнэ.

Ташрамд сонирхуулахад, Италийн Ром хотод байрлалтай Боргезе галерей нь Италид очоод заавал үзэх ёстой музейдийн гуравдугаарт ордог байна. Барилга нь анх 1605-1621оны хооронд Кардинал Боргезе Шипионе гэх хүний хувийн зориулалтаар баригдсан уран барилга юм.

Уг музейд дэлхийд алдартай Караважжио, Бернини, Канова, Рафаэл, Титиан зэрэг уран бүтээлчдийн бүтээлээс гадна Сэргэн мандалтын үеэс Барокко, Неоклассизмын үеийн бүтээлүүд байдаг. Боргезе галерейн сан хөмрөгт Барокко урлагийн үеийн уран баримлын нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернини (1598-1680) уран бүтээлүүд дийлэнх хэсгийг нь эзэлдэг. Бернини нь Ромын V Пап лам Паулын дүү болох Кардинал Шипионе Боргезегийн ивээл дор том хэмжээтэй уран баримлын бүтээлүүдээ анх урлан бүтээж эхэлж байсан түүхтэй ба эдгээр бүтээлүүд нь одоог хүртэл Боргезе галерейд хадгалагдан үлдсэн байдаг.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026
Ярилцлага Урлаг

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026
Сонгодог урлаг Урлаг

Зүүнхараагаас Мариинский театр хүрсэн хүү

24/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Доржпагма “MTV Video Music Awards” (VMAs)-ын дараах үдэшлэгт дуулжээ

28/09/2026

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүлэв

28/09/2026

“MTV Video Music Awards” (VMAs)-ын шилдгүүд тодорлоо

28/09/2026

Жүжигчин Р.Янжиндулам Евро азийн театруудын холбооны олон улсын чуулга уулзалтад оролцоно

28/09/2026

Реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзан дээр

28/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.