Тайландын Бангкок хотод болж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 10-нд финалын шалгаруулалтаар өндөрлөнө. Тэмцээнд оролцогчид есдүгээр сарын 18-19-нд Тайландад цугласан бөгөөд Монгол Улсыг төлөөлөн бүртгэгдсэн Амбер Юхань нэртэй оролцогч өнөөдрийн байдлаар “Mongolia” гэсэн тууз, Монгол Улсын төрийн далбаатайгаар тэмцээний хөтөлбөрт оролцож байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тодруулахад, өнөөдрийн байдлаар Тайланд дахь Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандсан, салбарын сайд Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу одоогоор ирээгүй гэлээ.
Монгол Улсын нэрийн өмнөөс хэн оролцож байгаа, тухайн оролцогч Монгол Улсыг төлөөлөх ямар эрхтэй, уг эрхийг хэнд ямар журмаар олгосон нь тодорхойгүй хэвээр байна.
“Miss Grand International”-ийн албан ёсны бүртгэлд Амбер Юхань Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэгдсэн байна. Түүнийг 177 сантиметр өндөртэй, гоо сайхны салбарын бизнес эрхлэгч хэмээн танилцуулжээ. Харин цахим орчинд түүнийг БНХАУ-ын иргэн гэх мэдээлэл тархсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбоотойгоор Монгол Улсын холбогдох байгууллагууд иргэншил болон Монголыг төлөөлөх эрхийн үндэслэлийг тодруулж эхэлсэн юм.

