Английн хөлбөмбөгийн од асан Дэвид Бекхэмийн гэр бүлийн бизнесүүд 2025 онд санхүүгийн ашигтай ажиллаж, 51 сая ам.долларын ногдол ашиг хүртжээ. Түүний орлого өсөхөд 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой арилжааны гэрээнүүд чухал нөлөө үзүүлсэн гэж “Financial Times” мэдээллээ.
Бекхэмийн брэнд, сурталчилгаа болон медиа бизнесийг нэгтгэдэг “DRJB Holdings”-ийн орлого 2025 онд өмнөх оноос 20 хувиар өсөж, 110.5 сая ам.долларт хүрсэн байна. Харин татварын өмнөх ашиг нь 46 хувиар нэмэгдэж, 65.7 сая ам.доллар болжээ.
Компанийн орлого өсөхөд Бекхэмийн олон улсын брэндүүдтэй байгуулсан сурталчилгаа, лиценз болон хамтын ажиллагааны гэрээнүүд голлох нөлөө үзүүлсэн байна. Тэрбээр 2013 онд мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлсан ч өөрийн нэр, имижийг дэлхийн хэмжээний брэнд болгон хөгжүүлж, “Adidas”, “Boss” зэрэг компаниудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Санхүүгийн өндөр үзүүлэлтийн үр дүнд Бекхэмийн гэр бүл 51 сая ам.долларын ногдол ашиг авсан нь бизнесийн хувьд рекорд амжилтын нэг болж байна. Энэ нь мөн хөлбөмбөгийн карьераа дуусгаснаас хойш арав гаруй жилийн дараа ч Бекхэмийн нэр дэлхийн спорт, загвар, сурталчилгааны зах зээлд өндөр үнэ цэнтэй хэвээр байгааг харуулжээ.

