Их Британийн музейд дэлгэгдэж буй алдарт “Байёгийн хивс”-ийг тойрсон маргаан дэгдлээ. Харааны бэрхшээлтэй иргэн Юсуф Али Осман музейн эсрэг хууль зүйн арга хэмжээ авч, үзмэрийг харааны бэрхшээлтэй хүмүүс хүртээмжтэйгээр үзэж, танилцах боломж хангалтгүй байсан гэж үзжээ.
Осман хивсний дүрслэл болон түүхийг тайлбарласан аудио хөтөч байгаагүй нь харааны бэрхшээлтэй зочдод хүндрэл учруулсан хэмээн гомдол гаргасан байна. Түүний үзэж буйгаар музей нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бусад зочдын адил музейн үзмэрийг хүртэх боломж бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй аж.
Харин Британийн музей цаашид аудио тайлбартай тусгай аялал нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Ойролцоогоор 70 метр урт “Байёгийн хивс” нь XI зуунд бүтээгдсэн бөгөөд 1066 онд Нормандын герцог Уильям Английг байлдан дагуулсан үйл явдлыг дүрслэн харуулдаг. Хивсийг Францын Байё хотод хадгалдаг бөгөөд засвар, хамгаалалтын ажлын үеэр 2026 онд Их Британид анх удаа түр хугацаагаар дэлгэн үзүүлжээ.
Үзэсгэлэн маш их сонирхол татсантай холбоотойгоор музейд урт дараалал үүсэх, тасалбарын асуудал гарах, зураг авахыг хязгаарлах зэрэг нэмэлт маргаан ч гарсан байна.

