Холливудын жүжигчин Бен Аффлек 14 настай байхдаа төрөлх Кембриж хотод явж байхдаа хутга тулгуулан дээрэмдүүлж байсан тухайгаа ярьжээ. Тэрбээр энэ талаар Керри Вашингтоны “Street You Grew Up On” подкастын тавдугаар улирлын эхний дугаарт оролцохдоо дэлгэсэн байна.
Аффлек ахлах сургуулиасаа гэр рүүгээ алхаж байхдаа хоёр залуугийн дайралтад өртсөн бөгөөд тэд түүнд хутга тулган мөнгө өгөхийг шаарджээ. Гэвч тэр залуусыг өмнө нь бейсбол тоглож байхыг нь харж байсан тул таньж, улмаар халдлагаас мултарсан байна.
Түүний хэлснээр, тухайн этгээдүүдийн нэг нь гурав, дөрвөн жилийн дараа хутгаар хүн хөнөөж, 20 жилийн хорих ял сонссон аж. Аффлек энэ явдал түүний өссөн орчинд хүчирхийлэл хэр ойр байсныг ойлгуулсан дурсамжуудын нэг хэмээн ярьжээ.
Подкастын үеэр Аффлек мөн жүжигчин болох замналынхаа талаар ярьж, драмын багш Жерри Спека өөрийг нь болон бага насны найз Мэтт Дэймоныг жүжиг, зохиол бичихэд нь ихээхэн дэмжиж байсан тухай дурдсан байна. Тэдний хамтын бүтээл болох “Good Will Hunting” кино 1998 онд “Оскар”-ын шилдэг зохиолын шагналыг хүртсэн юм.
Мөн Бен Аффлек, Керри Вашингтон нарын хамтран тоглосон “Animals” кино аравдугаар сарын 9-нд кино театруудаар нээлтээ хийх бөгөөд мөн өдөр “Netflix”-т цацагдахаар болжээ.

