Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматт 1921 оны нэгдүгээр сарын 5-нд мэндэлжээ. Залуудаа нэлээд нэртэй сэтгүүлч болж, улс төрийн нийтлэлээсээ болж шоронд хоригдож явсан түүх түүнд бий. Зураач болохоор Цюрихийн уран зургийн сургуульд орж суралцсан ч хэтэрхий чөлөөт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх арга хэлбэр нь тухайн үеийн багш нараас сайн үнэлгээ авч чадалгүй сургуулиа орхисон гэдэг.
1946 онд Фредрих Дюренматт анхныхаа жүжгийг, 1948 онд удаах жүжгээ бичиж, олон тооны уран бүтээл туурвисан ч төдийлөн амжилт олж чадалгүй санхүүгийн хувьд хүндхэн амьдарч байжээ. Харин 1956 онд “Хатагтайн айлчлал” жүжгээ бичсэнээр Швейцарь төдийгүй олон улсад алдар нэртэй болж, ХХ зууны жүжгийн шилдэг зохиолчдын эгнээнд үүрд бичигдэж үлдсэн байна. Европт гайхмаар амжилт олсон уг жүжгийг 1958 онд Америкийн Бродвейд Питер Брук найруулан тавьж байжээ.
Уг жүжгийг уран сайхны кино, дуулалт жүжгийн хэлбэрээр олон оронд үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд хамгийн сүүлд гэхэд дуулалт жүжгийн хувилбар нь 2013 онд Швейцарь, 2014 оны хоёрдугаар сард Австрийн Вена хотод тоглогдоод байна. Харин драмын жүжгийн хэлбэрээр 2010 оноос Энэтхэгийн Банглор хот, 2008 оноос ОХУ-ын Москва хотод тогложээ. Фредрих Дюренматт 1990 онд зүрхний шигдээсээр нас баржээ. “Хатагтайн айлчлал” бол эмгэнэлт инээдмийн драм. Шударга ёс, мөнгө, хувь хүний өш хонзон, хүнлэг ёс гээд бидэнд ойр сэдвийг сонирхолтой түүхээр дамжуулан өгүүлнэ.
Бэлэвсэрч хоцорсон тэрбумтан эмэгтэй сүйрлийн ирмэгт байгаа төрөлх хотдоо ирнэ. Тэр өөрийн хотдоо тэрбум доллар өгөхөө мэдэгдэж. харин хариуд нь нэг зүйлийг хүснэ. Түүний хүсэлтэнд шударга ёс, өш хонзон, үйлийн үр, анхны хайр …гээд олон зүйлс сүлэлдэнэ. Тэгвэл энэхүү жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид өөрийн тайзнаа манай нийгмийн өнөөдрийн амьдралд буулган хөрвүүлэн тавихад бэлэн болжээ. Б.Цацралын орчуулгаар “Хатагтайн айлчлал” жүжгийн анхны тоглолт өнөөдөр 15:00 цагт болно.
Б.БӨРТЭ