Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өвөөс сэдэвлэсэн уран барималч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монгол хатдын түүхэн дүр, хувь заяа, нийгэмд эзэлж байсан байр суурийг уран баримлын хэлээр илэрхийлсэн бүтээлүүд дэлгэгдлээ. Уран бүтээлч түүхэн сурвалж, археологийн олдвор, эртний дүрслэл, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан хатдыг зөвхөн хаадын гэргий бус, тухайн цаг үеийн төр, нийгэм, соёлын үйл явцад оролцож байсан бие даасан түүхэн оролцогчид хэмээн бүтээлдээ дүрсэлжээ.
Б.Очирсүрэн нь Дүрслэх урлагийн академийн уран баримлын ангийг төгссөн бөгөөд Монголын түүх, археологи, нүүдэлчдийн соёлын өв, уламжлалт дүрслэх урлагийн хэлбэрүүдийг судлан, уран баримлын хэлээр дахин тайлбарлан бүтээл туурвидаг. Тэрбээр Австрийн Вена хот дахь Дэлхийн музейд (Weltmuseum Wien) бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан юм.
“Монгол хатдын домог” үзэсгэлэн аравдугаар сарын 30-ныг хүртэл “Хаан” банкны үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болно.


