“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарласан байсан бол өчигдөр /2026.10.05/-өөс 30 хоног саатуулан хориод буй.
Эл үйл явдалтай зэрэгцэн жүжигчин Б.Одончимэг цахим хуудсандаа дараах нийтлэлийг нийтэлжээ.
“Би уран бүтээлч хүн. Театрт би хайртай. Урлаг, улс төр хоёр тусдаа ойлголт.
Анх “Монгол хаан” жүжигт Цэцэр их хатны дүрд тоглох санал ирэхэд эмэгтэй уран бүтээлчийн хувьд хэн ч хүсэх л дүр. Улсын драмын эрдмийн театрт 13 жил ажиллах хугацаандаа л “Тамгагүй дүр” жүжигт олны хэсэгт тасралтгүй гардаг байлаа. Урдаас мундаг жүжигчдээ харж, бахархаж, үгийг нь дагаж хэлдэг байлаа.
Энэ төсөлд ороод, нэгэн эд эс нь болоод жил гарангийн хугацаанд “Монгол хаан” жүжигт маань Монгол улсынхаа олон сайхан уран бүтээлчтэй хамтарч Азийн топ 5-д багтддаг Японы театр болон Оросын Марийнский театр гэх мэт гайхалтай театруудын тайзан дээр гарах боломж, үнэхээр гайхалтай огшмоор санагдсан.
Ямар ч хэлтэй, ямар ч орны үзэгчид үзээд догдолж, уйлж, бахархаж үзэж байгааг мэдрэх нь Монгол улсын маань том сурталчилгаа болж байгаа нь өөрөө бахархмаар огшмоор санагддаг.
Энд нэг хүний тухай биш зуугаад уран бүтээлчдийн хамтын их хөдөлмөр цаана нь яригдаж байгаа билээ.
Миний хувь уран бүтээлчийн бодол “Монгол хаан” жүжиг маань өшөө олон оронд очиж, өшөө олон театрын тайзан дээр тоглогдоосой гэж хүсдэг.
Одоо бидний аялал улам холыг харж, цааш үргэлжилж, ямар ч орны хүсээд тэр болгонд боломжгүй гэх хязгаарыг давж, агуу Бродвейн тайзнаа тоглохоор албан ёсоор сонгогдоод байгаа билээ. Энэ бол Монгол улсын нэр дэлхийн тайзнаа түүх болон үлдэх маш том боломж юм” гэжээ.

