Дэлхийн хамгийн алдартай к-поп хамтлагуудын нэг болох “Stray Kids” нь BTS хамтлагийн нэгэн адил 2027 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь энэ оны эхээр Азийн поп хөгжимд зориулсан шинэ шагналын төрөл нэмж оруулсантай холбоотой бөгөөд шүүмжлэгчид үүнийг к-поп, ж-поп зэрэг урсгалуудыг тусгаарлаж, хязгаарлагдмал хүрээнд өрсөлдүүлэх зорилготой гэж үзэж байгаа.
BTS хамтлаг өнгөрсөн долдугаар сард “Грэмми”-ийн шагналын ямар ч төрөлд дуугаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаж, хөгжмийг “бүс нутаг, хэлээрээ ангилагдах бус, харин өөрийн мөн чанараараа сонсогдож, хайрлагдаасай” гэж хүсэж буйгаа илэрхийлж байв.
Тэгвэл АНУ-ын зах зээлд ес дэх удаагаа шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлээд буй “Stray Kids” хамтлаг мөн адил шийдвэр гаргалаа. Тэдний харьяалагддаг JYP агентлаг товч мэдэгдэлдээ “Грэмми”-ийн шагналд “Stray Kids” бүтээлээ нэр дэвшүүлэхгүй” гэжээ.
Тус хамтлаг өмнө нь уг шагналын талаарх асуултуудад тодорхой хариу өгөхөөс зайлсхийж байсан юм. Наймдугаар сард болсон “This and That” цомгийнхоо хэвлэлийн хурлын үеэр дуучин Хван Хёнжин “Бид шагнал авах эсвэл амжилт гаргахыг хэзээ ч зорилгоо болгож байгаагүй” гэж хэлж байв. Тэрбээр цааш нь “Бидний хувьд хамгийн чухал зүйл бол шүтэн бишрэгчид маань аз жаргалтай, сэтгэл хангалуун байх явдал юм” гэж мэдэгдэж байжээ.
Энэхүү мэдээ нь “Грэмми”-ийн шагналыг зохион байгуулдаг “Recording Academy”-ийн хувьд томоохон цохилт болж байна. “Stray Kids” нь АНУ-д асар их нэр хүндтэй бөгөөд саяхан Нью-Йорк хотод болсон “Governor’s Ball” хөгжмийн наадамд Lorde, A$AP Rocky нартай хамт гол уран бүтээлчээр оролцсон билээ.

