Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Өшөө хорсолгүй дурлалын дуулалд уяснам
Жүжиг

Өшөө хорсолгүй дурлалын дуулалд уяснам

Урлаг Урлаг11/10/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
art-love6451238292014-10-11-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  

          Цэцгийн бороотой, цэцгийн улирал үргэлжид сайхан сэтгэлийн уянга нандин учралыг урин дууддаг жамтай.Ийм л нар сарны намуун үдшээр найрагч анд Н.Батжаргал маань ЗҮР ХОНГОР АЯЛГУУ-гаа  эгшиглүүлэн хуртай дуутай гэрэлт агшныг хөглөсөн нь огт зүүдлээгүй гайхам оюунлиг, тэнгэрлэг бишрэлийг хан бүргэдийн дэвэлт мэт өвсний шүүдэр мэт үлэмж төгс ярууслаар төрүүллээ.

.           Би “Зүр хонгор аялгуу”- хайрын дуулалыг уншиж үзэв.. Гайхах юм огт үгүй. Ийм бүтээлийг, ийм л  агуу   хайрын тухай  гагцхүү  Н.Батжаргал  маань  л  бичнэ. Тэрээр  хөх мөнх  тэнгэрийн доор  “ийм л нэг хайр”-тай учрах азтай байсан учраас  ингэж  “амьд яваагаа дэндүү гэгээлэгээр мэдэрч” амьдардаг  бичиж туурвидаг ч байж  магадгүй. Хэн нэгийг үнэн сэтгэлээсээ хайрлах нь алдарт хүрэхээс , хэн нэгний хайрыг татах нь баян байхаас  хавьгүй  илүү гэлцдэг. Батжагийн найрагт гал дүрэлзсэн хүчирхэг амьдрал, яг тийм хүчирхэг дурлал  буй.

     … Чоно дурлажээ. Анхны харцаар л шатаж унаталаа, бүр үхтэлээ дурлав гэнэ…  Өлөгчиндөө дурласан бол, эсвэл олон үлгэр домогт байдагчлан  хааны гүнж үзэсгэлэнт бүсгүйд дурлачихсан байна гэвэл  гайхах юм алга. Цочин  үргэмтгий цойлон зугтамхай   аймхай, тэгээд бас  “хамгийн хүчтэй, гайхамшигтай үнэнч, догшин хайрыг” анзаарахын хувьгүй муу  эм гөрөөсөнд үхэн хатан дурлаж гэнэ!    Ерөөс  Намсрайжавын Батжаргал тэнгэр газар,  хаа эртний Бөртэ чоно, Гоо марлын залбиралтай “чимээгүй инээмсгэлэлтэй амьтан” аж. Хэзээд шинэ туурвил гэрэлт хүмүүний мэлмийд аз баяр, таашгүй зөн билгийг мэдрүүлдэг. Энэ зүс хонгор найрагч гэтэл зүс хонгор зүр, чонын хүү чонын дурлалын тухай дэндүү эмзэг уяхан дуулалтай, хурдны морин мэт ухаарал нисгэсэн уран гоё галбирын илэрхийлэл, намрын айраг шиг чим чимхийн амтагдах, бас гашуун санагдах яруу туульстай золгосон байх юм.   

          Долгионтсон   хар халимагтай нумарсан  галбир  хар хөмсөг, тод цэг-хар мэнгэтэй, урин найрсуу гэрэлт   харцтай  “нэвтрүүлэгч хоолойтой”   залуутай анх  танилцсан тэртээх  өдрөө  тод санадаг юм. Гэгээн хайрын “Хонгорзул”-шинэхэн сонинд маань шинэ шүлэгтэйгээ ирж билээ. Нэг их дурлачихаад яваа  залуу эр хүний  гал дөл  дүрэлзсэн хайрын  уянгалаг бас ухааралтай гэгээлэг шүлгүүдийг  нь шууд л гэрэл зурагтай нь  сониндоо   тавьсаны маргааш нь гэхэд хэд хэдэн бүсгүйчүүд редакци руу залгаж  хаяг утсыг нь сураглаж байсан юмдаг. Түүний ууган  ном “Хайрын хан хөвгүүн”-г уншсан ч, удаах  “Тэнгэрийн их хайр”-аас нь ч, ер нь бусад бүтээлүүдээс  ч  уншигчид ямагт гэгээн хайрын  сэтгэл цалгилсан шүлгүүдийг уншиж, унших бүрдээ  “гоо бүсгүйд яг одоо л, ид дурлачихаад яваа өдрүүд”-ийнх нь шүлгүүд гэж  төсөөлдөг  байхаа ядахгүй гэж бодном.  Тэр жилүүдэд  хайрын  сонинд маань  олон олон  чимэг зураг зурсны зарим нь одоо ч   сонинд маань үе үе тавигддаг аа.

         Намсрайжавын Батжаргалын “Эргэл хайрханы чоно” гэдэг яруу найргийн томоохон  сакинами хэлбэрийн   туурвилийг нь  уншигч та  санаж байгаа гэж  найднам. Мөн л цаг хугацаанд ч үл захирагдах  тэрхүү  танхай чөлөөт “чонон дурлал”-ын ай дуулал нь,  цаг үеийнхээ шинэлэг сонин бүтээл  гэгдэж  байж билээ. Найрагчийн  уг төрх, далд мөн чанар нь  заримдаа надад  чоно шиг  төсөөлөгддөгийг нуух юун.. Хэнтэй ч муудалцаад байдаггүй  учраас түүнд   муу санадаг  таагүй харьцдаг хүн үгүй,  хэзээ ч “овгор атаман”-ууд шиг  төрхтэй  харагдаж байгаагүй хэрнээ  “овгорууд”  түүнтэй болгоомжтой жийрхүү харьцдагийг би анзаарсан  юм. Дүрсхийтэл “чононыхоо хилэн”-г гаргаж байхыг нь ч нэг удаа хөндлөнгөөс  харсан!  Тэгээд, “…-Мань эр сайхан хүмүүст сайхан харагддаг, ууртайчуудад  өөрөөс нь илүү ууртай эр болж харагддаг юм байна даа” –  гэж  ойлгосоноос тийнхүү  чонон төрхийн тухай бодол орж ирсэн хэрэг.  Харин   амьдрал өөрөө, цаг хугацааг эзэмдсэн бяр хүч хурц нүдтэй омголон найрсуу энэ найрагчийн сонгомол аялгуу,  дэндүү эмзэг яруусал, заяа замилангийн эмзэглэл, сүнслэг тэнгэрлэг ертөнцийн дуулал болдог. Ер нь  Н.Батжаргалын гүйцэгдэшгүй сэрэмж мэдрэмжит санаа, энэ бүтээл нь нэн тэнгэрлэг дуулалаар жигүүрлэсэн шүлгэн симпони мэт санагдана. Уул ууланд магадгүй ийм зүр ийм л чонын аргадал гуниг, ганихрал байдаг биз гэж сэрнэм.

       Бүргэдийн үүрэнд галууны өндөг тогтдоггүй гэдэг дээ. “Эрдэнэтийн…”- хэмээгдэгч гэрлийн хурдтай онгод өвөртөлсөн тэнгэрлэг найрагч Намсрайжавын Батжаргалдаа Монголын туульс домгийг ийнхүү гэнэтийн цахилгаан цахих мэт сэрээсэнд нэн талархана. … Тийм ээ,“Зүр хонгор аялгуу”-г уншиж үзэв. Гайхсан л даа. Гэвч … нэг л  гайхмааргүй санагдаад байв шүү.  Зүр гур, чонос хийгээд арга билэг хүмүүний хорвоод хуур дуу, найраг шүлэг зуны цэцэгс шиг дэлгэрэг…!

 МЗЭ-ийн шагналт яруу найрагч
 Ядамдоржийн Бадамсүрэн 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ламбугайн нулимс” дууриас

19/05/2025

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

19/05/2025

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.