Холливудын нэрт жүжигчин Майкл Дуглас алдартай эцэг, эхийнхээ нэр хүнд, холбоо харилцааны ачаар урлагийн салбарт боломж олж авсан хүмүүсийг нэрлэдэг “Nepo Baby” гэх нэршлийн талаар байр сууриа илэрхийлж, энэ үг өөрийг нь “үнэхээр их бухимдуулдаг” гэжээ.
Майкл Дуглас бол Холливудын домогт жүжигчин Кирк Дугласын хүү бөгөөд кино урлагийн гэр бүлд өссөн. Тэрdээр эцгийнхээ нэр хүнд карьерынх нь эхэнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч “Nepo Baby” гэх шошго нь тухайн хүний өөрийн хөдөлмөр, авьяас чадварыг үл ойшоосон хэтэрхий хялбарчилсан ойлголт гэж үзэж байна.
Дуглас уг нэршлийн талаар ярихдаа “Энэ үг намайг үнэхээр их бухимдуулдаг” хэмээн хэлжээ. Түүний үзэж буйгаар хүний гэр бүлийн гарал, эцэг эхийнх нь амжилтыг тухайн хүний өөрийн карьерын ололтыг үгүйсгэх үндэс болгох нь шударга бус аж.
Майкл Дуглас 1960-аад оноос жүжигчний карьераа эхлүүлж, “One Flew Over the Cuckoo’s Nest”, “Fatal Attraction”, “Basic Instinct”, “Wall Street” зэрэг бүтээлээрээ дэлхийд танигдсан юм. Тэрбээр “Wall Street” киноны Гордон Геккогийн дүрээр 1988 онд шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд “Оскар” хүртсэн юм.
Дугласын хувьд гэр бүлийнх нь нэр Холливудад тодорхой давуу тал өгсөн байж болох ч өөрийн карьераа олон арван жилийн хөдөлмөрөөр бий болгосон гэж үздэг байна. Тэрбээр эцгийнхээ нэрээр хаалга нээгдсэн байж болох ч тэдгээр хаалгаар орсны дараа өөрийгөө уран бүтээлчийн хувьд батлах шаардлагатай байсан гэж онцолжээ.

