Жүжигчин Жулиа Стайлс 2001 онд “Save the Last Dance” кинонд тоглосныхоо дараа бүжгийн ур чадвартай холбоотой шүүмжлэлээс болж өөртөө итгэх итгэлээ алдаж, бүжгийн хичээлээ орхисон тухайгаа ярьжээ. Харин 25 жилийн дараа тэрбээр “Dancing with the Stars” шоугаар дамжуулан олон жилийн өмнөх айдсаа даван туулахаар шийдсэн байна.
Өдгөө 45 настай Стайлс “People”-д өгсөн ярилцлагадаа киноны төгсгөлийн бүжгийн хэсгийн дараа өөрийгөө хэт их шүүмжилж, бусдын үнэлэлтэд эмзэг ханддаг болсон гэж дурсжээ. Үүний улмаас тэр бүжгийн хичээлд дахин явахаа больсон байна. Харин “Энэ удаа би шантрахгүй” гэж Стайлс хэлжээ.
Жүжигчин “Dancing with the Stars”-т оролцох болсон гол шалтгаанаа тайзан дээр өөртөө дахин итгэхийг хүссэнтэй холбон тайлбарласан байна. Түүний хувьд гэртээ бүжиглэх нь асуудал биш ч үзэгчдийн өмнө бүжиглэж, өөрийнхөө дотоод ертөнцийг шууд харуулах нь илүү том сорилт болжээ.
Стайлс уг шоуны саналыг өмнө нь хэд хэдэн удаа авч байсан ч хүүхдүүд нь бага байсан болон өөрийн айдсаас шалтгаалан татгалзсаар ирсэн байна. Харин нөхөр Престон Ж. Күүк нь энэ удаа шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлжээ.
Тэрбээр одоо гурван хүүхдийн ээж бөгөөд шоуны бэлтгэлийн улмаас Лос-Анжелес болон Нью-Йорк хотын хооронд байнга зорчиж, бүжгийн хамтрагч Эзра Сосатай хамтран бэлтгэл хийж байгаа аж.
Жулиа Стайлс 1999 оны “10 Things I Hate About You” киногоороо олонд танигдаж, дараа нь “Save the Last Dance”, “Jason Bourne” цуврал, “Silver Linings Playbook”, “Hustlers” зэрэг бүтээлүүдэд тоглосон юм.

