“Оскар”-ын шагналт жүжигчин, дуучин Женнифер Хадсон “Dreamgirls” мюзиклийн Бродвейн шинэчилсэн хувилбарыг продюсерлохоор болжээ. Тус бүтээл 2026 оны намар тайзнаа эргэн ирэх бөгөөд энэ нь 1987 оноос хойшхи анхны Бродвейн шинэчилсэн найруулга болох юм.
Хадсон 2006 онд дэлгэцийн “Dreamgirls” кинонд Эффи Уайтын дүрийг бүтээж, уг дүрээрээ “Оскар”-ын шилдэг туслах эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. Тус кино нь түүний “American Idol”-оор олонд танигдсаны дараах анхны кино бүтээл нь байсан юм.
“Dreamgirls” мюзикл анх 1981 онд Бродвейд нээлтээ хийж, бараг дөрвөн жил тоглогджээ. Анхны хувилбар нь “Tony Awards”-ын 13 номинацид нэр дэвшиж, зургаан шагнал хүртсэн бөгөөд Женнифер Холлидэй шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан байна. Түүний “And I Am Telling You I’m Not Going” дуу тус мюзиклийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон юм.
Хадсон “Dreamgirls”-ийг продюсерлох нь түүний Бродвейн продюсерын хувьд гурав дахь том төсөл болохыг онцолжээ. Тэр өмнө нь “A Strange Loop” болон “Smash” мюзиклийн продюсерын багт ажиллаж байсан.
Шинэ хувилбарыг Камиль А. Браун найруулж, бүжгийн дэглэлт хийх бөгөөд дүрийн сонгон шалгаруулалтыг дэлхийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй байна.
Мөн Хадсон өөрийн нэртэй ток шоудаа Том Крузыг оролцуулсан талаар ярьж, түүнийг шоуны алдарт “Spirit Tunnel” хэсэгт оролцохыг өөрөө ятгасан тухайгаа хуваалцжээ. Круз тус хэсэгт оролцох үеэрээ “Risky Business” киноны алдарт бүжгийг дахин үзүүлсэн байна.

