Хөгжмийн продюсер, реппер Шон “Дидди” Комбс “NBCUniversal” болон “Peacock”-ийг 100 сая ам.доллараар шүүхэд өгсөн ч шүүхээс тус компанийн хууль зүйн зардалд 477,700.50 ам.доллар төлөхөөр болжээ.
Комбс 2025 оны эхээр Нью-Йоркт иргэний нэхэмжлэл гаргаж, “Peacock”-ийн “Diddy: The Making of a Bad Boy” баримтат кино нэр төрд нь халдсан гэж үзсэн байна. Тэрбээр тус бүтээлд өөрийнх нь талаар үндэслэлгүй хуйвалдааны онолуудыг дэвшүүлж, түүнийг гэмт хэрэгтэн мэтээр дүрсэлсэн хэмээн 100 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Гэвч шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа “NBCUniversal” Комбсоос хуульчдынхаа зардалд бараг 1 сая ам.доллар гаргуулах хүсэлт тавьсан байна.
Нью-Йоркийн шүүгч Фаедра Ф. Перри-Бонд аравдугаар сарын 6-нд шийдвэр гаргаж, Комбсыг “NBCUniversal”-ийн хууль зүйн зардалд 477,700.50 ам.доллар төлөх ёстой гэж тогтоожээ.
Гэхдээ шүүх “NBCUniversal”-ийн шаардсан бараг 1 сая ам.долларын зардлыг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна. Комбсын хэвлэлийн төлөөлөгч Жуда Энгелмайерын хэлснээр шүүх хууль зүйн зардлын зарим хэсгийг “хэт өндөр, үндэслэлгүй” гэж үзэн, нийт нэхэмжилсэн дүнгээс 512 мянга гаруй ам.долларыг хассан байна.
Комбсын гаргасан нэхэмжлэлд “Diddy: The Making of a Bad Boy” баримтат кино түүний нэр хүндэд ноцтой хохирол учруулсан гэж үзсэн бөгөөд уг бүтээлд түүний бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэх мэдэгдэл гаргасан хүмүүс болон өмнөх хамтран ажиллагсдын ярилцлагууд багтсан байна.
Комбс одоогоор Нью-Жерси дэх “FCI Fort Dix” холбооны хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд биеэ үнэлэлттэй холбоотой зорчих ажиллагааны хоёр зүйл ангиар буруутгагдан, 50 сарын хорих ял сонссон байна. Түүний суллагдах хугацааг 2028 оны гуравдугаар сар хүртэл хойшлуулжээ.

