Монголын дэлгэцийн зургаан ч бүтээлд маршал Х.Чойбалсангийн дүрийг бүтээж ард түмний хайртай жүжигчин болсон УДБЭТ-ын Уран сайхны удирдагч, АЖ А.Дашпэлжээтэй театрын 52 дахь улирлын нээлт, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
–УДБЭТ 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
-Энэ өдрийн мэндийг уншигч олондоо хүргэе. Манайх нээлтийн үйл ажиллагааны хүрээнд маш олон төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэд хэдэн онцлог талууд бий. Хамгийн түрүүнд 52 дахь улирлын нээлт болж байгаа нь бидний хувьд маш том үйл явдал. Мөн их зохиолч Д.Нацагдорж гуайн “Учиртай гурван толгой” бүтээл зохиогдоод 80 дахь жилээ үдэж байгаа нь их онцлог. Үндэсний ууган сонгодог бүтээлийн 80 жил тохиож байгаа учраас бид “Учиртай гурван толгой”-г нээлтийн бүтээлээрээ сонгосон юм. Энэ дууриас манай үе, үеийн алдартнууд төрсөн байдаг. АЖ Л.Цогзолмаа гуайгаас эхлээд бүгд л Монгол түмний бахархал болсон хүмүүс шүү дээ. Өнөөдөр ид сайхан дуулж байгаа уран бүтээлчдээ бид дүр бүрт томилоод өөр өөр өнгө аяс бүхий олон Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган нарыг үзэгчдэд харуулахыг хичээж ажиллалаа. Аравдугаар сарын 4,5-нд тоглогдох “Учиртай гурван толгой” дуурьт маань Юүндэнд: дунд болоод залуу үеийн төлөөлөл болсон МУГЖ М.Болд, МУГЖ Э.Амартүвшин, СТА Э.Анхбаяр, Ч.Энхтайван, Нансалмаад: СТА М.Даариймаа, СТА Ш.Наранчимэг, СТА Д.Туяа, Б.Энхнаран, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Б.Эрдэнэтуяа, МУГЖ Ө.Уянга, Балганд: СТА Э.Бумхүү, СТА Ж.Бямбажав, СТА Б.Алтанхуяг, СТА О.Хүрэлбаатар нар тоглож, МУГЗ Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар удирдана. Энэ удаа тавдахь удаагийн тавилт болж байгаа. Ерөнхий найруулагчаар нь Л.Эрдэнэбулган гуай ажилласан. Удирдаачаар нь манай н.Пүрэвдулам, зураачаар манай Ардын зураач н.Гунгаасүрэн нар ажилласан.
-“Учиртай гурван толгой” бол үнэхээр Монголын шилдэг бүтээл. Анх 1934 онд тоглогдож эхэлсэн гэдэг байх аа?
– Тийм ээ. Манай театрын хувьд энэ улирлын нээлттэй нийлээд 2411 дэх удаагаа тоглогдож байна. Энэ түүхэн үйл явдлыг бид тэмдэглэн өнгөрүүлэхгүй байж яавч болохгүй. Хэдийгээр улс орон, нийгмийн байдал тийм ч таатай биш, эдийн засгийн хувьд хүндхэн байгаа ч гэлээ бид боломжоороо энэ тэмдэглэлт үйл явдалд ач холбогдол өгч зарим тайз, бүжгийн хувцсыг шинэчлэн хийж, бүжгийг шинэчлэн тавьж байгаа юм. Мэдээж бидэнд санхүүгийн боломж байсан бол энэ дууриа бүр тэр чигээр нь шинэчилж тавих хүсэл байсан. Гэхдээ чамлахаар чанга атга гэж үзсэн хүмүүс маань сэтгэл хангалуун үлдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
–Дуурьт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болж байгаа юм уу?
– Түүхэн ном гаргаж байгаа юм. “Учиртай гурван толгой”-той холбоотой бүхий л талын мэдээллийг багтааж чадсан, түүхэн зурагтай цогц бүтээл бид гаргана. Өнөөдөр хараахан хэвлэлтээс гарч амжаагүй байна. Нээлтийн үеэр энэ номоо танилцуулж, тараах болно. УДБЭТ-ын эрдмийн лабортори маань Соёл судлалын хүрээлэнтэй хамтран эрдэмтэд судлаачидтай эрдэм шинжилгээний хурлыг хийх юм. Үүнд зориулсан эмхтгэл бэлтгэгдэж байгаа. Энэ түүхэн эмхтгэлд эрдэм шинжилгээний илтгэлүүд орж ирээд бүгд нийлээд нэгэн цогц ном болж байгаа юм.
Мөн театрын зүгээс 10,11,12 дугаар сар буюу нэг улирлыг хамарсан зарлал, сурталчилгааны жижиг хэмжээний товхимол гаргана. Үүнээс үзэгчид хэзээ, хэн, ямар дуурь, балет тоглогдох талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг авдаг болох юм.
–УДБЭТ-ын хувьд нээлтийн дараа ямар бүтээлүүд дээр ажиллах вэ?
-Цаашид театрын уран сайхны бодлогын хувьд үндэснийхээ бүтээлүүдийг түлхүү анхаарч тавих тал дээр ажиллана. Манайх 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотор дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулна. Алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн “Хөхө намжил” дуурийг шинэчлэн 11 дүгээр сард тоглоно. Л.Мөрдорж гэдэг хүнийхээ хувь ч бас манай үндэсний хамгийн том хөгжмийн зэмсгийн төлөөл морин хуурын тухай гэдгээрээ ч хүүхэд залуус, хөгшид буурлууд гэд хэн бүхэнд их ач холбогдолтой гэж бид бодож байна. Мөн УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинээр, мөн өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөсөн. Мэдээж “Ламба гуайн нулимс” дуурь ч тавигдана. Бүр тусгай концерт тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
–Нээлтийн хүрээнд “Хунт нуур” бас тавигдах юм байна?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн 30 гаруй орны 60 гаруй хотын 100 гаруй театрын урын санд олон хэлбэр, урсгал чиглэлээр тавигдсан дэлхийн балетын урлагийн шилдэг бүтээл болох “Хунт нуур” балет манай тайзнаа 136,137 дахь удаагаа тоглогдох юм. “Хунт нуур”-ын хувьд 2015 онд манай театрт тавигдсан 40 дэхь жилтэйгээ золгоно. Нэлээд нүсэр арга хэмжээнүүд зохиох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
–Монголын сонгодог урлаг одоо дэлхийн хэмжээнд яригддаг болсон нь сайшаалтай?
-Сонгодог урлаг Монголд хөл тавиад 50 гаруй жил болохдоо дэлхийн төвшинд хөгжүүлж чаджээ гэсэн дүгнэлтийг гадаадын мэргэжил нэгт нөхөд тодорхойлдог. Тэгэхээр манай улсын сонгодог урлагийн хөгжил хурдацтай явж ирсэн. Манай орны урлаг соёлын хөгжил Бөмбөгөр ногооноос л эхтэй шүү дээ. Түүний дараа хөгжимт драматик хөгжсөн. Тухайн үед унаган төрөлх авьяастнууд урлагийг хөгжүүлж явсан байдаг. Тэр үеэс Монголын төр засаг сонгодог урлагийн боловсон хүчнээ гадаадад сургаж бэлтгэж байсан.Анхны дуурийн дуучин, балетын бүжигчин, удирдаач, хөгжимчдийг сургаж эхэлсэн. Театрыг авч явдаг хүмүүс бол уран бүтээлчид. Уран бүтээлчдийг хөгжүүлж, дэгжүүлж, чанаржуулж байдаг хүмүүс нь уран бүтээлийн удирдлагууд. Уран бүтээлийн удирдлагыг уран бүтээлчидтэй нь бодлогын хувьд зангидан авч явдаг нь дарга, уран сайхны удирдагч. Бүтцийн хувьд ийм л байдаг.
–Гадны уралдаан тэмцээнүүдээс ганзага хоосон ирнэ гэж бараг байхгүй болсон байна шүү?
-Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Солонгосын Пусан хотын олон улсын хөгжмийн наадамтай хамтарсан концертод манайхан маш амжилттай оролцоод ирсэн. Одоо энэ нээлтийн дараа Солонгосын Тежон хотын дуурийн театртай хамтарсан дуурь тавихаар баг явах гэж байна. ОХУ-ын Улаан-Үд хотын хөгжмийн наадам, Австри улсад гоцлол дуучид мэргэжил дээшлүүлэх зэрэг олон ажил багтаж байгаа юм.
–Театрын уран сайхны дарга хүний хувьд театрт ямар шинэчлэл хийж байна вэ?
-Манай театрт захирал, уран сайхны удирдагчаар хэн ирэх, хэн явахаас үл шалтгаалан уран сайхны бодлого үргэлжлэн явж байдаг бичигдээгүй хуультай. Би чинь 1996-2000 онд театртаа даргаар ажиллаж байсан юм шүү дээ. Тэр үеэс хэвшсэн заншил ёсоор театрын үзвэрийн хуваарь, программыг бүтэн жилээр нь гаргадаг юм. Театрын хувьд ажил үнэхээр урагштай байж, чөлөө завгүй ачаалалтай ажиллаж байна. Уран бүтээлчдийн ажиллах эрч хүч маш их байна. Нэг үеэ бодвол сүүлийн үед манай театрын уран бүтээлчид залуужсан. Бүхэл бүтэн нэг үе солигдож байна гэж хэлж болно. 22-27 насны шижигнэсэн залуучууд уран бүтээл дээрээ ажиллаад их ачаалал авч байгаа. Манай өөрийн гадагшаа тэлэх бодлого эрчимтэй явж байна. Нэг хүн яваад дуулах биш, нэг хэсэг уран бүтээлчид явж гадаадын нэртэй тоглолтуудад оролцож, өөрсдөө тоглолтоо хийнэ гэдэг бол том амжилт.
–Баярлалаа. Цаашид ч олон сайхан бүтээлүүдээр үзэгч биднээ баясгахыг ерөөе?
-Ерөөл бат оршиг. Хичээх болно. Баярлалаа.