Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.
– Яасан бэ?
– Саяын алиалагчдыг бодоод. Хөөрхөн юмаа. Эд яаж ийм юм бодож олдог байна аа?
– Бөмбөлөгөө хагалаагүй бол ч тэр хоёрын хайр өнгөрсөөн. Ингэхэд тэд тэр бөмбөлөгөө хийх гэж зовсон байх даа?
– Бөмбөлөгтөө хайртай ч гэсэн хагалахаас өөр замгүй юм даа
– Харин тийн. Пүдхийтэл мөргөлдөөд л хоёр тийшээ өнхрөөд унахын. Тэгээд хашрахгүй дахиад л бие биен рүүгээ гүйх нь хөөрхөн тээ. . .
Зоригт Сарнай хоёр циркийн үзүүлбэр үзчихээд харьж яваа нь энэ. Хөөрхий алиалагчийн хөгтэй явдлыг хөгжилтэй нь аргагүй ярьж, яг л залуухан охин шиг инээх Сарнай Зоригтын сэтгэлийг улам нялхруулна. Аз жаргал гэдэг атгаад авсан хүндээ алхам бүрт мэдрэгддэг сэтгэлийн амттан ажээ.
Циркийн манеженд томоо гэгчийн хийн бөмбөлөгтэй эр эм хоёр алиалагч зөрөлдөн алхана. Тэд өөр өөрсдийнхөө бөмбөлөгийн сайхныг илэрхийлж, илж таална. Төдөлгүй бие биенээ олж харан сэтгэл алдарч, хөтлөлцөн алхана. Хийн бөмбөлөг нь том учир гар нь арай чүү гэж хүрэх ажээ. Улам бүр дотносох тэд тэврэлдэн үнсэх гэвч яагаад ч хүрэхгүй. Асар их хүчин чармайлт гарган холоос гүйж ирэн тэврэх гэвч хийтэй бөмбөлөг хоорондоо мөргөлдөж тэд тэртээ хол үсэрч унана. Босож ирээд дахин оролдоно. Үзэгчид тэгэх тоолонд элэглэн шоолцгооно. Бүр эвхэрч унан инээлдэнэ. Эцэстээ алиалагчид бөмбөлөг саад болоод байгааг ойлгож, хагалахаар шийднэ. Эхлээд эрэгтэй нь харамсаж байгаа хэдий ч зоригтойгоо илтгэн хагалав. Гэтэл мөн л хоёр биенээ тэвэрч, үнсэж чадсангүй. Тэгээд эмэгтэй нь бас л харамсан байж хагалав. Өөрсдийнхөө хамгийн хайртай бөмбөлөгийг хагална гэдэг тэднээс ихээхэн сэтгэлийн тэнхээ шаардах ажээ. Гэвч эцэстээ тэд бие биенээ тэвэрч, үнсэж, хайрлаж чадаж байв. Алиалагчдын үзүүлсэн сюжет энэ.
Үүнийг Сарнай дахин дахин бодож, бодолдоо болон хөгжилтэйхэн инээж яваа юм. Сарнайгийн зөөлөн хар үс салхин аясаар намилзаж, сахилагагүй гэмээр очис тохь суусан харцанд нь зочин юм шиг гэрэвшинэ.
“Өдий насанд ийм сайхан бүсгүй надад заяах гэж. Би ч бас азтай моньд шүү” гэж Зоригт нэгэн бодлын бүсгүйгээр, нөгөө бодлын өөрөөрөө бахархаж явав. Бахархахаас ч яахав. Энэ хоёр дөч гарсан хойноо учирч, эргэх хорвоогийн эерүү аашинд ээнэгшсээр ойрмогхоноос Зоригт Сарнайгийнд ирж нэг гэртээ оржээ.
Хоёул инээлдсээр, хөтлөлцсөөр, хослохын жаргалд умбасаар гэртээ ирцгээв. Сарнай угаалгын өрөөнд ортол зах нь яльгүй хиртсэн Зоригтын эрээн цамц өөрийг нь хүлээх мэт хөглөрөн хэвтэнэ. Хоёр ч хоног хэвтэж байгаа цамцыг Сарнай угаах гэтэл яагаад ч юм “энэ чинь өөр хүний цамц” гэсэн хөндлөнгийн салхи исгэрээд ирлээ шүү. Ер нь Зоригтыг энд ирснээс хойш гадны хүн гэх нь ч хаашаа юм гэхдээ л энэ минийх биш гэсэн бодол үе үехэн тэгж бодогдоод байх нь сонин. Зоригт ч гэсэндээ “танай энэ, танай тэр” гэж ярьдаг. Тэгэхээр өөрийнх нь зөв ч юм шиг. Сарнай цамцыг тэр чигт нь орхиод жаахан хоол бэлдэхээр гал тогоо руу явлаа. Мах гаргаж, ногоо арилгах зуураа “Ямар хоол хийдэг билээ” гэж бодов. Уг нь өөрийнхөө хүслийг чагнавал хуурай хоол идмээр. Гэвч Зоригтоос асуухгүй бол, эртээрхэн хоолноос болж ам зөрсөн санагдана. Шөл идэх байсныг нь мэдэлгүй хуурга хийсэн хэрэг л дээ. Тэрийгээ санан асуух санаатай том өрөөнд ортол Зоригт хамаг хувцсаа тайлаад шидчихсэн нүцгэн тэрийж харагдав. Түүний энэ байдал Сарнайд аятай санагдсангүй. Гэнэтхэн дургүй нь хүрээд асуусангүй эргэлээ. “Үгүй ер, хийгээд өгсөн хоолыг идвэл идэг, байвал байг” гэж бодогдож байна. Сарнай үе үехэн хуйрагнаад ирдэг энэ сэрэхүйгээ дарах санаатай дуу аялав.
Дөч гартлаа ганцаар амьдарсан Сарнай хүссэн хоолоо идэж, дуртай үедээ унтаж, сэрсэн цагтаа босож, хэнээс ч хамааралгүй явсансан. Гэтэл хүнтэй суучихаар тиймгүй ажээ. Ямар нэгэн үйлдэл байтугай амнаас гарах үгээ хүртэл хянах ёстой болдог нэгэн бодлын төвөгтэй. Сарнай энэ бүхнийг нөхөрт гарсан найз бүсгүйчүүдийнхээ амьдарлаас анзаардаг байсан болохоор мэдэхгүй биш мэднэ л дээ. Гэхдээ ингэтлээ мэдрээгүй явж.
Гэлээ гээд одоо яах билээ дээ. Ямар тэгтлээ их зовоод ч яваа биш. Заримдаа Зоригтыг “Ингэж зөрүүдэлж байхаар зүгээр л татаад үнсчихээсэй” гэж бодох үе байдаг л юм. Даанч Зоригт энэ хүслийг нь анзаарахгүй нь харамсалтай. Эрчүүд ийм насандаа өөрсдийгөө хаан мэт гэрийн хойморт намбайгаад л байх ёстой гэж боддог шиг байгаа юм. Тэрэндээ ч дуртай бололтой. Гэтэл бүсгүй хүн гэдэг чинь үргэлж л хайрлуулж, халамжлуулж байх дуртай улс. Тэр тусмаа хожуу ханилсан бүсгүйчүүд бүгд л тийм байдаг байх. Анх учрахдаа Зоригт
Нөхөргүй хүүхнүүд
Тэврүүлж хэвтэх дуртай байдгийм
Нөмгөн сэтгэлдээ тэд
Нөмөр нөөлөг хайж явдгийм . . . гэж ирээд л уншихад Сарнайд нэг их сайхан санагдаж билээ. Одоо л нэг өөрийг нь ойлгох хүнтэй таарсан санагдсан байх. Тэр яагаад ч юм санаа алдав.
Зурагтын суваг эргүүлж суусан Зоригт “Энэ маань юу хийгээд байгаа юм бол? Уух юм дөхүүлчихгүй юм байх даа” гэж бодоод угаалгын өрөө рүү орлоо. Өчигдөр ч билүү, уржигдар ч билүү тайлсан цамц нь яг хэвээрээ хэвтэж байв. “Өө, энийг базаад гаргачихад юу нь болдоггүй байнаа” гэж бодсоноо
– Хайргүй нь л тэр байхгүй юу гэж өөрөө өөртөө хариулаад цамцаа угаах санаатай авав. Гэтэл яагаад ч юм болсонгүй.
– Гаднаас орж ирчихээд аяга цай ч дөхүүлчихгүй, ганц цамц ч угаачихдаггүй эхнэр гэж хаа байсан юм гэж уцаартай хэрнээ сулавтар үглэв. Найз нарынх нь эхнэрүүд хааяахан яваад ороход цай хоол дөхүүлэхээс авхуулаад угааж арчихдаа нөхрөө гар хүргэдэггүй л юмдаг. Тэр байтугай хүссэн хоолыг нь хэлсэн юм шиг л хийгээд өгчихнө. Хүний эхнэр ийм байхад манай энэ эртээр яав. Найз ороод ирэхэд огт хөдлөхгүй зэрэгцээд л суугаад байх юм. Ямар ресторан биш дээ. Аргаа бараад “Цаана чинь хүнд амсуулчих юм юу байна? Дөхүүлэх үү хө” гэхэд “Миний хань очоод аваад ирэх үү” гээд л хошуугаа цорвойлгоод байгаа юм шүү дээ” гэж бодлоо. Зоригтын цээжинд зүүрмэглэж хэвтсэн саарал гуниг цочин сэрэх шиг болов. Тэрээр цамцаа буцааж шидчихээд Сарнай руу очин
– Сарнай . . . Миний хань хөгшнийхөө цамцыг базчихгүй яагаа вэ хө гэж хэрээрээ эелдэгхэн хэллээ. Гэтэл Сарнай
– Миний хайр өөрөө угаачих юм уу гэж хөөрхөн аалиар хариу барив. Зоригт нэг л олигтой уурлаж болдоггүй. Цөхөрсөн янзаар
– Үгүй ээ, чи нээрээ . . . гээд үгээ ч гүйцээж чадахгүй түгдрэхэд Сарнай хоолоо хутгангаа
– Нээрээ юу гэж? Би нээрээ яасан билээ? Хоол хийгээд байхын гэж үү? Тэгвэл больчих юм уу? гэж илт өдсөн өнгөөр хэлэв.
– Больчихооч
– Чи цатгалан байгаа юм уу? Тэгвэл би тийм биш байна л даа.
– Гаднаас орж ирээд аяга уух юм дөхүүлчихэж болохгүй юу
– Энд байгаа ш дээ. Аль хэдийн чанасан. Миний хань хийгээд уучихгүй. Гар хөл нь зүгээр биз дээ гэж цаанаа бүр нэг ёжтой хэлэхэд Зоригтын дотрыг хоолны хутгуураар ухаад хаячих шиг болов. Гэсэн ч тэрээр аргаа барсан шинжтэй ээрч, түгдэрч байснаа цааш эргэлээ. Сарнай хойноос нь харах хэдий ч царай өгсөнгүй. Зоригт том өрөөнд ороод юу хийж явснаа санах гэсэн мэт хэсэг гөлрөв. Тэр уурандаа багтраад байгаа бололтой.
Зоригт ганц бие явахдаа сайхан байжээ. Хэн нэгэнд найдах гэсэн ойлголт байхгүй. Өөрөө л хийчихнэ. Дуртай цагтаа гарч орно. Хаа явж, хэнтэй уулзсанаа тайлагнаад байх шаардлагагүй. Хааяахан ганц нэг дотроо халаачихад нэг их хулганаад байхгүй. Эхнэртэй эрчүүд цаанаа нэг дүлэгнүүр, зарим нэг юманд хорголоо тоолоод, гортойгоод ч байгаа юм шиг харагддагийг ганц нэг найз нарынхаа байдлаас мэднэ л дээ. Даанч ийм хэцүү байдгийг мэдэрч явсангүй.
Тэр гараа угаах гэж явснаа гэнэтхэн санаж угаалгын өрөөнд ортол өнөөх цамц нь дахиад л хууч хөдөлгөх гэсэн мэт хэвтэж байв. Цээжний гүнээс үл мэдэг хөндүүр гиншээд ирэх шиг болов. Үүндээ ч тэр үү уур нь оволзоод ирэв.
– Чи өөрийнхөө хувцсыг угаадаг л биз дээ? гэж байдгаараа хашгирахад үүнийг нь Сарнай бүр хүлээж байсан аятай
– Тэр чинь минийх юм чинь тэгэлгүй яадгийн гэж гал тогооноос орилов. Үүнийг сонссон Зоригт угаалгын өрөөнөөс ухасхийн гарч ирээд
– Чи ер нь ингэхэд яахараа . . . яахаараа . . . гээд багтарсандаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй байгаа бололтой баахан амьсгаадан зогсов.
– Яахаараа юу гэж? Би чиний цамцыг угаах гэж чамтай суугаагүй ш дээ
– Тэгээд . . . Тэгээд яах гэж суусын? гэж Зоригт уурандаа ямар ч утгагүй асуултыг учиргүй хашгирч асуулаа. Асуух ч гэж дээ зүгээр л дэлбэрчихэв. Ингэснээр Зоригтын хувьд байдал хүндрээд ирэв. Бөхөөр бол хөлөө алдчихлаа гэсэн үг л дээ. Гэвч ингээд л буугаад өгчих ч бас хаашаа ч юм бэ дээ.
– Чиний орилохыг чагнах гэж л лав суугаагүй шүү гэж Зоригт чангахан хэлэх гэсэн чинь нэг л эрчээ авч чадалгүй зүгээр л нэг гиншээн маягтай юм болчихов. Түрүүний балмагдал түүний хэрүүлийн энерцийг бууруулсныг анзааралгүй дэмий оролдлого хийж. Үндэсний бөхөөр бол ингээд л унаа. Гэвч ялагдахгүй гэсэн хүслийн гялбанцар Зоригтын цээжний мухарт байгаа учир чөлөөт бөх болгоод доошоо хараад хэвтчихэж байгаа юм. Нэг оноог бол аль хэдийн алдсан. Харин одоо нэмж оноо алдахгүй хамгаалах хэрэгтэй.
“Одоо л энэ над руу сэхээ самбаагүй дайрна даа” гэж бодон зогстол Сарнай энэ моментыг ашиглах сөхөөгүй байгаа бололтой хоолоо хутгаад зогсов. Тэгэхээр нь Зоригт байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлчих санаатай хоёр гараа алдлан, мөрөө өргөж “одоо яах вэ дээ” гэсэн үйлдэл хийгээд додигорхон эргэлээ. Энэ үйлдэл Сарнайгийн аазгайг хөдөлгөв бололтой араас нь ирж
– Ингэхэд чи надаас л элдвийг шаардаад байхаас намайг ойлгодог юм уу? Үгүй биз дээ. Энэ амьдралынхаа эв зүйг байтугай миний аашийг олоод явчих ухаан чамд байгаа юм уу? гээд завсар өгөлгүй үглэж эхлэв. Завсар өгсөн ч Зоригтод хэлэх үг байсангүй. Хий дэмий л “Түрүүн шал дэмий мөрөө өргөлөө” гэж бодов. Гэвч Сарнай зогссонгүй
– Зүгээр л нэг татаад үнсчихийн оронд чи уурлаж, тунирхахаас өөр юм байхгүй. Би дандаа чамайг аргадаад гүйгээд байж чадахгүй гэснээр Сарнай нуман тулгууртай шахаж эргүүлэх мэх хийгээд Зоригтоос өчнөөн оноо авчих нь тэр.
“Тэгвэл одоо үнсчихдэг юм бил үү” гэж бодоод хартал Сарнайгийн нүд нь гялтганаад нэг л эвгүй. “Худлаа даа, худлаа. Одоо л ингэсэн дээр нь нам даръя гэж бодож байгаа. Ёстой зэвүүн” гэж бодоод Зоригт
– Хэзээ би чамд тунирахчихаав? гэж хэдэрлэв. Түрүүчийнхийг бодвол дуу шуу нь овоо өндийх нь өөрт мэдэгдээд ирлээ шүү. Шүүгчийн шүгэл тасхийж, ашгүй хэвтээ байдлаас босгох шиг.
– Дандаа. Цаг үргэлж л чи надаас анхаарал халамж нэхдэг биз дээ? Худлаа юу? Айн? гэж хэлээд Сарнай Зоригтыг хариу хэлж зүрхлэхээргүй харцаар харлаа. Арай хийж өндийнгүүт хоёр хөлд нь давхар хамчих нь тэр л дээ. Гэвч Зоригт ингээд л ялагдчихыг хүссэнгүй. Хамаг хүчээ шавхан
– Тэгээд чи ер нь юу хүсээд байгаа юм бэ? Салах гээ юү? гэж хашгирлаа. Дээх нь нэг удаа ингэж орилоод Сарнайг овоо сулруулсан удаатай.
– Салсан ч яадгийн. Ийм амьдрал гэж юу байдгийн гэж Сарнайгийн хэлэх нь шийдэмгий ч сонсогдох шиг эвгүй. Гэсэн ч нэр хичээж
– Сал . . . сал . . . Юм л бол сална, сална гэдэг чи. Явж үз зүгээр. Тэгээд ч чи бид хоёрын хооронд эвлэх юм гэж алга. Зайлахгүй юү чи гэж Зоригт хамгийн сүүлчийн аргаа хэрэглэлээ. Тэр өөрийнхөө юу хэлснийг ч анзаарах сөхөө байсангүй. Тэгтэл Сарнайгийн хоёр нүд магнай дээрээ гараад ирэх нь тэр. Хүний нүд ингэж дээшилдгийг анх удаа харсан Зоригт гэнэт ухаарч “би юу хэлчихэв” гэсэн янзтай бодолхийллээ.
– Өө хө, хөөрхий. Та гариг андуураагүй биз? Энэ дөрвөн хана одоо таных уу, тээ? Ёстой нөгөө хойноос ирээд юу минийх гэдэг билээ, тэр нь болж байх шив дээ гэж Сарнайг хэлэхэд Зоригт сая нэг юм уурандаа болоод хол андуурснаа ухаарав. Дэвжээн дээр нухуулж, нухуулж арай хийж завсарлахаар нь амрах булангаа андуурч очсон бөхтэй тун дөхүү юм болов. Байдал нэгэнт ийм болоод ирэхээр ичих мичих ч өнгөрч байгаа юм. Одоо зүгээр дөргүй бух шиг зүтгэхээс өөр арга Зоригтод үлдсэнгүй.
– Аа тийм л дээ, энэ таны гэр. Тэгвэл би зайлаад өгье л дөө
– Зөв, зөв. Би чамайг өдий дайны ухаантай гэдгийг чинь мэднэ л дээ гэж Сарнай түүнийг улам тавлав. Зоригт ухасхийн энд тэндээс өөрийн гэх бүхнээ цуглуулж, нэгэн цүнх рүү ууртай нь аргагүй шидлэх зуураа
– Үхсэн хойноо амьдрал бол доо. Яршиг л байна зүгээр гэж амьсгаагаа давхцуулан үглэж байснаа түүний хөдөлгөөн бүрийг дагуулан харах Сарнай руу
– Чи юуг нь хараав? Чиний юмыг л авчихгүй
– Чамайг л юмаа үлдээчих вий гэж санаа зовж байна. Дараа нь тэрийгээ ч авъя, энийгээ ч мартаж гээд ирдэг биз дээ гэж хоёр гараараа ийш тийш нь заан
– Тэр чинийх, энд бас нэг юм үлдээчихэж гэж хойд эх шиг аашлав. Нэг мэдсэн чинь Зоригт хачин хурдан хөдөлж байгаагаа анзаарч, “Эндээс гараад хаачих билээ” гэж бодохуйд хөдөлгөөн нь удааширлаа. Тэгээд
– Чи миний мууг үзэх яахав. Цаад хоол чинь түлэгдлээ
– Идэх хүн байх биш түлэгдэж л байг гэж Сарнай тоомжиргүй хэллээ.
– Хоол нь ч яахав сав нь . . . гэж Зоригт сулхан дуугарахад
– Сав нь нь ч гэсэн манайх гэхэд Зоригтод хэлэх үг олдсонгүй. Тэгтэл ашгүй Сарнай гал тогоо руугаа нэг юм орлоо. Зоригтын цүнх юу юугүй дүүрч, гарахад ойртоод ирэв. Тэрээр шууд л гараад явчихаж чадсангүй. Хий дэмий юмаа хайж буй хүн болж ханын шүүгээ, тавиур энээ тэрээг онгично. Оволзоод байсан уур уцаар ч хаачив, мэдэхгүй. Гэвч “Сарнай намайг хориглох болов уу, Тэгвэл шууд л орцны хаалга хүртэл гарах юм шүү” гэж бас бодогдоно. Гэтэл Сарнай хорих нь битгий хэл хэзээ гарах нь вэ гэсэн шиг гал тогооноос гардаггүй. “Хөөш, хорихгүй бол явлаа шүү” гэлтэй нь биш. Тэгсээр байтал Зоригтод гарахаас өөр зам үлдэхгүй нь бололтой.
Хонгилын хананд өлгөөтэй байх толинд өөрийгөө нэг харав. Үс нь өрвийгөөд, өнгө зүс ч гэж алга. Хөөгдөж байгаа амьтанд ямар юмны гоо сайхан байх билээ дээ. Гэхдээ л “гэрээс гарах гэж байгаа хүн байна даа” хэмээн бодож сам хайлаа. Гай болж тэрүүхэнд нэг сам хэвтэх. Үсээ самнах зуураа галын өрөө рүү хялам, хялам хийлээ. Байдаггүй ээ. Тэгжээ зогстол нэг санаа олоод
– Гудамжинд хонох юм чинь энд нэг бие засчихаад зайлъя гэж Сарнайд сонсогдохоор хэллээ. Хариу алга. Зоригт угаалгын өрөөнд орлоо. Өнөөх хэрүүлийн эзэн эрээн цамц элдэвлэх мэт хэвтэж л байв. Мань эр тэндээ нилээн суулаа. Сарнайгаас сураг ажиг алга.
“За байз, одоо гарахаар яадаг бол? Зайл, зайл гэх болов уу? Байз, байз гэх болов уу? Зайл, зайл гэвэл ч өнгөрч. Харин байз, байз гэвэл бүр албаар гарч айлгах юм шүү” гэж бодлоо. Итгэл найдвар гэдэг эр хүнд хэзээ ч гэсэн байж байдаг хойно доо.
Зоригт хумсаараа шүдээ тогшин хий дэмий баахан сууснаа цаг хожих санаатай өнөөх цамцаа авч зах, ханцуй гээд нилээн нухацтай угаалаа. Нэг их цаг оролгүй дуусчих юм. Ахин нэг угаалаа. “Энүүхний төлөө ингээд гарахдаа тултлаа хэрэлдсэн байх гэж” хэмээн бодогдож байна. Үгүй тэгээд жорлондоо суугаад байлтай биш . . . хулгаж, хулгаж гарч ирлээ. Одоо ч ёстой явахаас өөр замгүй дээ.
Цүнхээ барьсаар бүх өрөөгөөр тойрч явлаа. Салах ёс маягтай юм хийж байгаагаа Сарнайд мэдэгдчихвэл бас зүгээр байдаг. Сэтгэл гэдэг бөөн уй. Сарнай таг чиг. Тэгсэн ч “Чамд хэлэх үг алга уу?” гэж доошоо оролтой биш. Тэгэн тэгсээр Зоригт хаалганд тулаад ирлээ дээ. Түлхүүрээ удаахан эргүүлэх гэтэл торр гээд л юу юугүй онгойчихов. Зоригт шүлсээ гүд хийтэл залгиад
– За, за баяртай. Хаалгаа . . . гэж арай чүү гэж хэллээ. Тэгтэл Сарнай
– Одоо энэ харанхуйд хаачих гээд байгаа юм? Хоол ундаа ид л дээ. Тэнэгтэж ханахгүй хүн юмаа чи гэхэд Зоригт “Хаачсан ч яадаг юм. Ямар хөөгдөөд суугаад байлтай нь биш” гэж хэлмээр санагдсан ч хоолой дээр нь нэг юм зангирчихаад амнаас нь гарсангүй. Хаалганы бариулаас барьсан чигтээ гацаж орхив. Сарнайг ирээд татах болов уу гэсэн тэндээ юу ч юм хийгээд ирдэггүй. Гаръя аа гарч болдоггүй, үлдье ээ үлдэж болдоггүй лүд оргив. Өнөө орцны хаалга хүртэл явж айлгах ч байдаггүй. Хэрвээ гарвал араас дуудахгүй бол бүр өнгөрөх гээд байдаг. Ашгүй тэгтэл Сарнай
– Чи яачихав аа? Энэ хоолоо ид гэж хэлээд ширээн дээр тавагтай хоол тавих нь сонсогдов. Дууных нь өнгө бүр нэг өөриймсөг шүү. Зоригт цүнхээ барьсан чигтээ гал тогоонд оров. Миний явах хэвээрээ шүү гэдгээ харуулах гэсэн үү эсвэл өрөвдүүлэх гэсэн үү алин болох оо тэр өөрөө ч ялгасангүй. Сарнай түүнийг харж жуумганаснаа инээдээ барьж ядан нуг нуг хийв. Зоригтын инээд хүрсэн ч инээхгүйг хичээн тааз гөлөрлөө. Үгүй, тэгээд дуугай зогсоод байлтай биш тунирхсан өнгөөр
– Яахав дээ, сүүлийн удаа ганц хоол идчихье гэхэд Сарнай түүний үнэхээр үнэмшилтэй жүжиглэж байгаа царайг хараад бүр тэсэхээ байж тас, тас хийтэл инээв. Энэ удаа Зоригт ч тэссэнгүй. Амандаа хийсэн хоолоо үсчүүлэн байж инээв. Сарнай
– Сүүлийн удаа ч гэх шиг хи хи гэж гэдэлзэж байснаа
– Чи нээрээ ганган эрээ . . . гэрээсээ хөөгдөж байж бас үсээ самнахтайгаа гээд элгээ эвхэн инээлээ. Хоёул биесээ шоолж нулимсаа гартал инээлдэв. Тэгснээ гэнэтхэн чимээгүй боллоо. Хэн хэн нь дуугарсангүй. Зөвхөн Сарнайгийн нэг их уртаар санаа алдах нь зүрх ёг хийлгэмээр сонсогдоно. Сарнай
– Хоол нь түлэгдчих шиг боллоо. Амтагдаж байна уу?
– Хоолны түлэнхий яахав дээ. Сэтгэлийн түлэнхий л хэцүү юм гэж Зоригт харамссан өнгөөр хэлээд бас л чимээгүй боллоо. Дахиад л чив чимээгүй.
– Зоригоо, одоо тэгээд цаашдаа хоёулаа яах ёстой юм болоо? Надад үнэхээр мэдэх юм алга гэж Сарнай чимээгүйг эвдэн хэлэхэд Зоригт бодолхийлэн хэсэг сууснаа
– Хоёулаа алиалагч болъё гэв. Юу ч ойлгоогүй Сарнай
– Юу . . . уу? гэж асуулаа. Түүний харцнаас “Энэ юу хэлчихэв” гэсэн гайхшрал салсангүй.
– Чи бид хоёр ч гэсэн зөвхөн өөрийгөө гэсэн том бөмбөлөгтэй юм байна. Хичнээн хэцүү ч гэсэн бид хийн бөмбөлөгөө хагалах ёстой байх гэж Зоригт хэлэв. Сая учрыг нь ойлгосон Сарнай хэсэг бодолхийлснээ харцанд нь сахилгагүй очис гялсхийж, Зоригтын суганд хуруугаа хийн хөдөлгөөд, өхөөрдөм өнгөөр
– Эхлээд эрэгтэй нь хагалаад байсан байх шүү гээд нөгөө өрөө рүү гүйчихэв.
– Аа тийм бий чи . . . гээд Зоригт араас нь ухасхийлээ. Ширээний дэргэд хувцас чихсэн цүнх хэзээ онгойхоо хүлээн гайхсан янзтай үлдэв.
www.URLAG.mn