“Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд” зэрэг кинонд тоглосон залуу жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Тусгай ажиллагаа” кино энэ сарын 22-нд нээлтээ хийнэ. Тус бүтээлийн “Улаан хивс”-ний ёслол нэлээд онцлогтой болно гэж байгаа талаар сонслоо. Энэ талаар сонирхуулна уу?
-Манай кино энэ сарын 22-нд нээлтээ хийнэ. Уг нь энэ сарын 15-нд нээлтээ хийх байсан ч өөр киноны нээлттэй давхацсан учраас хойшилсон юм. Киноны нээлтэд ирсэн үзэгчдийг улаан хивсэн дээгүүр алхуулж хүндэтгэл үзүүлнэ. Учир юу вэ гэхээр бид бүхнийг ард түмэн, үзэгчид үргэлж дэмжиж байдаг. Ард түмний хүчээр өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Тэгэхэд урлагийнхан өөрөөр хэлбэл, бид нүүрээ нуух нь холгүй зугтааж гүйж орж ирээд баяраа тэмдэглэнэ гэдэг байж болохгүй зүйл. Тийм учраас киноны нээлтэд ирсэн бүх үзэгч “Улаан хивс”-ний ёслолд оролцоно.
-Сүүлийн үед монгол кино их гарч байгаа ч үнэ цэнэ нь буураад байгаа юм шиг. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Монголын уран бүтээлчид нэгнийгээ дэмжье гэчихээд яс юман дээрээ өчнөөн сар жил оюун санаа, хүч хөдөлмөрөө дайчилж хийсэн бүтээлээ нэг сар театрт гаргаад дараа нь видео санд аваачаад өгчихдөг. Тэгэхээр нөгөө үзэгчид маань театрт үзэхээсээ илүү гэртээ суугаад үзчихнэ гэж бодох нь ойлгомжтой. Шинэ кино нээгдээд сар хүрэхгүй хугацаанд сайт, прокат гээд хаанаас ч олоод үзчих юм чинь гэсэн бодолтой байна. Ингээд үнэ цэнэ нь буураад байна. Монголын кино үйлдвэрлэгч, кино хийгээд байгаа найзууд, залуустаа хандаж нэг зүйлийг уриалаад байгаа. Д.Галбаяр бид хоёр киногоо сайт, прокатад өгөхгүй. Магадгүй хэдэн сая төгрөг олох байсан ч хамаагүй видео сан, вэб сайтад манай кино тавигдахгүй. Үүнийг бид хоёрын зүгээс Монголын кино урлагт хийж буй багахан дэмжлэг гэж ойлгоорой. Бүх кино бүтээгчид ийм байгаасай гэж уриалмаар байна. Тиймээс үзэхийг хүссэн хүмүүс кино театртаа ирж үзнэ үү гэж хүсье.
-Киноны явцад тохиолдсон хөгжилтэй зүйлээс яривал?
-Хөгжилтэй зүйл олон тохиолдсон. Зураг авалтын үеэр хүмүүс ирж сонирхож хардаг л даа. Нэг хүн нохойтойгоо ирээд бидний зураг авалтыг үзэж байсан юм. Тэр үед нохой нь хуцаад бага зэрэг саад болсон. Тэгээд нохойгоо холдуулаад өгөхгүй юу гэхэд нохойгоо хөөж явуулчихаад зураг авалтыг харж зогсч байгаад нохойгоо алдчихсан. Дараа нь олоогүй гэж байсан. Бас Т.Хулангийн “Та нар үнэхээр уумаар байна уу” гэдэг нэртэй зураг авч байсан юм. Тэгээд Т.Хулан “Та нар үнэхээр уумаар байна уу” гэж орилоход бидний хажууд нэлээн уучихсан хижээл насны хоёр эр “Тийм ээ, уумаар байна” гэж билээ.
-Таны хувьд Монголын кино урлаг ямар шатанд явна гэж боддог вэ?
-Хөгжиж байгаа шүү дээ. Өөр өөрийн төрөл жанраар кино хийж байгаа нь сайн хэрэг. Залуу зураглаач, найруулагч товойж гарч ирж байна. Сүүлийн үед нэлээдгүй бүтээл гарч үзэгчдийн хүртээл болж байна. Энэ нь яваандаа сайн муугаараа шигшигдэнэ гэж боддог. Үүнийг хэн шигших вэ гэхээр ард түмэн л шүүнэ. Урлаг угаасаа хүний нүдэн дээр ил явдаг. Тухайн хүн маш сайн найруулж, сайн зохиол бичиж чадвал мэдээж амжилттай л явна.
-Өөрөө хэр дэгжин залуу вэ. Ямар хувцас өмсөх дуртай вэ?
-Би дэгжин хүн биш. Албан ёсны үйл ажиллагаанд костюм өмсөнө. Бусад үед энгийн хувцаслах дуртай.
-Өнөөгийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөгийн залуус соёлтой болсон байна. Гэхдээ надад үүний сөрөг нөлөө харагддаг. Би 21 настай залуутай уулзаад Д.Нацагдоржийн тухай ярихад “Хэн гэдэг хүн бэ” гэж асуусан. Хүн хөгжиж, боловсорч болно. Гэхдээ Монголын түүхээ мэдэх ёстой шүү дээ. Энэ бол эмгэнэл. Гадаад ертөнцийн мэдээлэл сайтай мөртлөө монгол ардын зүйр цэцэн үгс мэддэггүй. Түүнд л монгол ахуй, соёл агуулж байгааг ухаарахгүй юм. Монгол гэрийн тооныг цонх гэж нэрлэж байгаа нь харамсалтай.
-Хошин шог болон дэлгэцийн бүтээлээс таныг хөгжилтэй залуу гэж хардаг. Та хэр хөгжилтэй хүн бэ?
-Би их хурдтай хүн. Найзууд хэлэхдээ “Мөөжиг нэг асаад гүйвэл бужигнуулна даа” гэдэг. Би өөрөө ч идэвхтэй байх дуртай. Даруу төлөв зан байхгүй. Уран бүтээл хийх гэж буй хүмүүс чөлөөтэй ярилцаж байж санаагаа олдог. Тиймээс эргэн тойрны хүмүүстэйгээ хөгжилтэй байдаг.
-Сүүлийн үед хошин урлагаас илүү дэлгэцийн уран бүтээлд харагдах болжээ. Цаашдаа кино урлагт хүч үзэхээр шийдсэн үү?
-Надад кинонд тоглох санал их ирдэг боловч зохиол нь таалагддаггүй. Жүжигчин хүн гэхээр бүх зүйлд тоглох нь учир дутагдалтай гэж боддог. Чадвал Равсал панз ч юм уу, Итгэлт баян шиг сайн ганц дүр бүтээхийг л хүсдэг. Надад энгийн хүний дүр сонин санагддаггүй. Зарим зохиолын үйл явдал нь өрнөлгүй, хүн үзэхэд сонирхолгүй санагддаг. Би мөнгийг нь бодоод кинонд тоглож болно. Гэхдээ мөнгө чухал биш. Би жүжигчнийхээ хувьд сайн суралцмаар байна.
-Танд ихэвчлэн ямар дүрийн санал ирдэг вэ?
-Надад инээдмийн кинонд тоглох санал их ирнэ. Киноны гол биш ч туслах дүрийн санал ихэвчлэн ирдэг. Заавал гол дүр байх шаардлагагүй шүү дээ.
-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан байх?
-Дараагийн зохиолын санаа ерөнхийдөө гарчихсан байгаа. Цаасан дээр буулгах л дутуу байна. Мөн Д.Галбаяр найзтайгаа хамтарч ажиллана. Оны дараа мотор дуугарах болов уу гэж бодож байна.
Ц.ЗАЯА