Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хурмастын дайчид
Уртын дуу

Хурмастын дайчид

Урлаг Урлаг24/10/2014Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2ffec318359f2ea9bc87537d3b397b54original7444339612014-10-24-09-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нэгэн цагт эзэн гүрний их хаан байсан эрхэм хүмүүн атгаг хорон санаа, хомхоо шуналт сэтгэлээс болж эх дэлхийгээ эзгүйрүүлэн хоосруулж, хүн төрөлхтөнд хараал чатга хийсээр байгаад “Харанхуйн эзэн Атгаалж” гэх муу санаат мангас болон хувирчээ. Тэрхүү Атгаалжийг дарж чадах цор ганц зэвсэг бол долоон хүч нэгдэхэд шидийг олох тэнгэрийн илд байх ажгуу. Ингээд Буган Халдун хайрханаас нутагтай отогийн толгойлогч Ерөөлт зайран, Харанхуйн эзнийг дарах аугаа баатар эрийг бидэнд илгээгээч хэмээн мөнх тэнгэрээс сүслэн гуйсанд хурц илд бүхий Алтан гэх хүү мэндэлдэг.

Хүү арван нас хүрмэгцээ Хөвсгөл далай ээжээс илгээгдсэн усны хүчийг захирах шидтэй лусын гүнж Эг, Тужийн их нарсны ээж удган модноос мэндэлсэн ургамлын аймгийг захирах идтэй Боодой хүү,  Мэнэнгийн их талын сүнсний эзний хүү өнгөрснийг харж, бүхнийг нэвтлэх чадалтай Гүйдэл, Зоргол Хайрхан аавын ууган хүү хад чулууг захирах увидастай Тайхар, Хорго хайрханаас төрсөн, галыг удирдах шидтэй Цахиур гэх мэт өөр, өөрийн чадал бүхий баатруудтай эв санаа нэгдэн Харанхуйн эзнийг дарахаар шийддэг. Харин энэ замд бидний хэзээний танил тарвага болон хувирсан эрхий мэргэн алга даахай хүлэгтэйгээ тэдэнд туслах бөгөөд Монгол ардын үлгэрийн баатрууд ч туслах дүрээр эргэн амьлана…

Танил дотно газар нутаг, уул, усны нэртэй Хурмастын дайчдын нэгдэх болсон шалтгаан энэ. Хүүхэлдэйн киноны баатрууд ч эх дэлхийгээ хамгаалахаар нэгдсэн бол, Хурмастын дайчдын уран бүтээлчид ч мөн байгаль дэлхийгээ хамгаалах гэсэн нэг хүсэл дээр тулгуурлан цаашлаад олон, олон зорилгын дор зориг шулуудан ажилдаа оржээ. Өчигдөрхөн дүү минь шинэ тоглоом авснаа надад үзүүлэх гэж бөөн баяр хөөр болсон хүн намайг угтлаа. Тэгээд “Нүдээ аниарай” гээд харанхуй өрөө рүү хөтлөөд оров. “Болоогүй шүү, болоогүй шүү” гэсээр “За, одоо “Нүдээ нээ дээ” гэхэд ханан дээр “Ben 10” гэх хүүхэлдэйн киноны баатрууд өнгө, өнгөөр гэрэлтэж харагдав. Шидэт зургийн аппарат гэж бичсэн хуванцар тоглоомын товчлуур дээр дарвал, ханан дээр өнгө, өнгийн баатруудын зураг гэрэлтэн, солигдох аж. Энэ ногоон хувцастай жаал бяцхан хүүхдүүдийн чин зүрхний баатар шүү дээ. “Cartoon Network”-оор гарч буй хүүхэлдэйг өдөржин үзэж суудаг дүү минь “Ben 10” тай бохь чихрээс эхлээд, үнэ ихтэй тоглоом бүрийг авахуулж байгаа харагддаг юм. Харин энэ бүхний цаана асар их мөнгөний эргэлт гадагшаа урссаар л… “Бээнтээн” гэж шулганах авч Монгол ардын үлгэрийг үл сонирхох бяцхан жаалууд гадаад хэлээр гадны урлагтай танилцан, өнөөх л соёлын довтолгоонд автаж буйг бид анзаарах ч үгүй байна уу даа?

Дэлхийд өрсөлдөх анхны бүрэн хэмжээний монгол хүүхэлдэй

Харин бид 2015 оны сүүл гэхэд анхны бүрэн хэмжээний буюу 90 минутын монгол хүүхэлдэйн кинотой болж, монгол бахархал нэгээр нэмэгдэх нь. Тэр тусмаа зураг хөдөлгөх аргаар буюу өөрөөр хэлбэр секундэд 25-30 кадр зурж бүтээдэг тийм л нарийн аргаар хийгдэж буй тус хүүхэлдэй нь монгол зургийн техник дээр тулгуурлаж байгаагаараа маш онцлог аж.  “Мазаалай, Эрх цагаан ишиг, Арван хоёр жил” гэх мэт тоотой хэдэн хүүхэлдэйн киногоор л түүх нь хязгаарлагдах “Mongolian Cartoon”-ийн дэлхийд гарах сайн цагийн эхлэл одоо л ирж байна гэж хэлэхэд буруудахгүй. Өдгөө барууны соёл эргээд дорно руу чиглэж байхад бид хэчнээн Холливүүдийн уран бүтээлийг дуурайгаад, муухан давталтууд хийгээд ч амжилт олох нь хол болж.  Харин үүнээс илүүтэй, өөрсдийн угт байх тэр л соёлыг таниулж, тордож чадвал үр дүн нь арай өөр гэж тус хүүхэлдэйн киноны уран бүтээлчид хэлж байлаа. Дэлхийн уран зурагт ч өөрийн шинж чанараараа гайхагдсаар ирсэн монгол зургийн техникээр бүтээгдэж буй тус хүүхэлдэй нь дуу оруулалт, хөгжмийн найруулга зэргээрээ ч урьд нь байгаагүй дэвшилтэт байдлаар хийгдэж байгаа гэнэ.

Мөн зайлшгүй ахин онцгойлон хэлэх ёстой зүйл бол хүний гараар бүтсэн зүйл гэдэг үнэхээр гайхамшигтай байдаг. Үйлдвэрийн хувцаснаас илүү гараар урласан эд үнэтэй байдаг шиг,  технологийн дэвшил улам нарийн болсоор байгаа ч гэлээ гараар зурсан зурган хүүхэлдэй зураачын чадварыг харуулж, маш их хөдөлмөрөөр бүтдэг учраас юу, юунаас илүү үнэ цэнэтэй байдаг аж. Тийм ч учраас уран бүтээлчид маань дэлхийн зах зээлд гар зургаас бүтсэн атлаа өөр хаана ч байхгүй монгол зургийн техникээр бүтээсэн хүүхэлдэйн киног бусад орны хүүхэлдэйтэй өрсөлдөхүйц сайн бүтээл болно гэдэгт туйлын итгэлтэй байна.

Ямарваа нэг киног бүтээхэд тухайн зохиол дээрээ тохирох жүжигчнээ олоод л ажил эхлэдэг бол хүүхэлдэйн кино тэс өөр. Юун түрүүнд дүрийнхээ царай төрхөөс эхлээд бүхнийг шинээр бий болгож, ийм хэсэг дээр ингэж хөдлөнө, ингэж харна гээд бүгдийг зурдаг. Минут, минутаар бус секундээс секундын дунд ажиллаж байж бүтдэг хүүхэлдэйн киног хийхийн тулд нэг хөдөлгөөнийг л харуулах гэж маш олон хувилбараар хийж байж сонгодог аж. Түүнчлэн уран бүтээлчид маань барууны шинжтэй хэтрүүлгүүдийг нэг их оруулахгүй гэж шийдсэн ба нэг ёсны хүүхдүүдийг хиймэл, кибер ертөнцөөс холдуулж, хөрсөн дээр нь буулгах хүсэлтэй байгаа гэнэ. Хүүхэлдэйн кино учир тулаан, хэтрүүлэг тодорхой хэмжээнд байх бөгөөд баатрууд бүр өөр, өөрийн гэсэн шидэт чадвартай байх боловч тэр нь ч гэсэн лус савдаг, уул усны эздийн хүч чадлыг харуулах учир монгол хүүхдүүд монгол баатруудаар хүмүүжиж, үлгэр дууриал авах гэнэ. Нөмрөг өмсөөд нисдэг гэсэн ойлголтыг бус, монгол хүүхэд өөрийн гэсэн бахархалтай болоосой гэсэн хамгийн чухал санаа уран бүтээлчдийн гол зорилго ажээ.
Түүнчлэн монгол хүүхэлдэйн киноны эсрэг дүр ч бусдаас өөр. Тэнгэрээс унаж, газраас ургаагүй зүгээр л урьд нь хүн байсан нэгэн хаан байгаль эклогио хайрлаагүйгээс мангас болон хувирсан тухай. Энэ нь ч амьдралаас хол сэдэв биш. Өнөөгийн нийгэмд байж л байгаа зүйл. Үүнийг тойроод бялдууч худалч хуурмаг зарц, боолууд гээд нөгөө л амьдралд байдаг увиагүй дүрүүдийг ч мөн харуулах бөгөөд дайснаа дарлаа гэхэд цус урсгаж, ямар нэг харгис, түрэмгий зүйлс гарахгүй ба муу зүйлс зүгээр л саринан алга болж буйгаар дүрслэгдэх ажээ. 

Их гүрний гадаад баатрууд

Их гүрнүүд ирээдүйгээ хамгаалж, оюун санааны дархлаа тогтоохын тулд бүр бага балчираас нь анхаарч эхлэдэг. Өдгөө олон орны хүүхэлдэйн киноны онцлогоос үүнийг анзаарч болно. Дан ганц сэтгэлгээний онцлог төдийгүй үүнийг дагаад асар их бизнес, мөнгөний эргэлт явж байдаг учраас тэр. Хамгийн ойрын жишээ гэхэд ногоон нүдтэй, орос үндэсний хувцастай, алчуур зангидсан бяцхан Маша охин. Хэчнээн эгдүүтэй хайр татам дүр билээ дээ! Гэтэл хүүхэлдэйн киног анзаараад байхад нөгөө л орос каша, дүнзэн байшин, данх сав суулга гээд бүгд л оросын ахуй соёлыг өгүүлээд байна. Микки Маус, Дональдийг зохиогч  Уолт Диснейд Филаделфи мужын амбан захирагч болооч гэсэн санал тавихад “Би бүхэл бүтэн хаант улсын хаан байж, яалаа гэж мужын захирагч хийх билээ” хариулсан байдаг. Үнэхээр хүүхдийн ертөнц бол өөрийн гэсэн хаант улс. Хүүхдийн хүсэл сонирхлыг л татаж чадваас  тухайн бараа бүтээл нь эзэндээ эрдэнэсийн уурхай нээсэн мэт хөрөнгийг цуглуулж чаддаг. Учир нь ямар ч эцэг эх үр хүүхдээсээ сайныг харамлаж чаддаггүйд нууц нь оршино. Том ашиг орлого олдог бизнесийн талбар зөвхөн томчуудад зориулсан бараа үйлчилгээ байдаггүйн нотолгоо нь  Уолт Диснейн  вант улс шүү дээ. Ингэхэд Монголын өнөөгийн хүүхэд багачуудын бахархал болсон баатар гэж байдаг болов уу? Тэдний үлгэр дууриал болсон баатрууд ямар байдаг бол гэсэн сониуч зан хөдлөөд цэцэрлэгийн ханан дахь зургуудыг анзааран харж үзлээ. Дандаа гадны хүүхэлдэйн киноны баатрууд. Чихрийн уут, ундаа, тараг сүүний саван дээр ч тэр гадны үлгэрийн баатруудын инээмсэглэсэн зураг, хөрөг дүүрэн.

Гэтэл бид хүүхдийн ертөнц рүү чиглэсэн бизнесийг “Хөх хулганы орон” тэргүүтэй цөөн хэдэн тоглоомын төв, хувийн сургууль цэцэрлэг, хэдэн чихэр ундаа төдийхнөөр сэтгэж ирлээ. Харин бид үнэхээр гадны хүүхэлдэйн кинотой дүйцэхүйц шинэ зүйлийг хийж чадвал хүүхдүүдийн анхаарал ч тийшээ чиглэж, ирээдүйд дүү нар маань “Алтан баатар, Эг гүнж”-ийн дүрд хувирах гэж хөөр баяр болох биз ээ.

“Хурмастын дайчид”-ын уран бүтээлчид бол анхдагчид. Анхдагчид хэзээ ямагт түүхийн нэг хэсэг байдаг. Харин тэд бол ёстой л сэтгэлээрээ хүүхэлдэйн кино хийх гэж яваа хүмүүс. Уран сайхны кинонд бол санхүүгийн дэмжлэг үзүүлсэн компаниа бараа бүтээгдэхүүнийг нь киноны үйл явдалд оруулаад л  рекламдаж болдог бол хүүхэлдэйн кино өөр. Ерөнхийдөө манайд урьд нь хүүхэлдэйн киноны ямар нэг туршлага үгүйгээс албан байгууллага, компаниуд энэ талын санхүүжилтэд нэг л “итгэлгүй” байна гэж уран бүтээлчид маань ярьж байлаа. Өнөөдрийг хүртэл өөрсдийн сэтгэлээр хүүхэлдэйн киногоо бүтээж яваа хүмүүст мэдээж дэмжлэг хэрэгтэй байна. Гэвч энэ бол гуйлга төдий зүйл биш. Харин хамтран ажиллаж чадвал, нийгэмд, хойч үед мөн тухайн газраа ч ашигтай нэг том бренд болж болох шинэ санаа юм. Хэрвээ эдийн засгийн асуудлаа бүрэн шийдэж чадвал тус хүүхэлдэйн киноны уран бүтээлчид, аль хэдийнээ өндөр түвшинд бэлтгэгдсэн үзэгчдэд тэнцэхүйц бүтээлийг хийж чадна гэнэ.

Ирэх оны сүүл гэхэд би монголын анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны нээлтэнд дүү нараа дагуулаад явна гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд хүүхдүүд бужигнасан кино театрт өөрсдийн чин зүрхний баатраа хараад бахархангуй зогсох жаалууд “Хөвсгөл далай, Хоргын тогоо” гээд эх орныхоо үзэсгэлэнт газруудад очиж үзэхсэн гэсэн мөрөөдөл тээгээд гарах биз ээ! 

Э.БҮЖИНЛХАМ

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.