“Би Монгол эх орондоо монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Монгол хүн болоод Төрийнхөө алтан соёмбот далбаан дор ажиллаж амьдарч яваагаараа л бахархдаг” хэмээн Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Ц.Батчулуун нэгэнтээ хэлж байжээ.
Монгол Улс НҮБ-д элсэн орсны 50 жилийн ойд зориулан НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд хийсэн тоглолтынхоо талаар тэрээр “Энэ бол монгол хүн болж төрсний бахархал байлаа. Маш сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын Морин хуурын чуулга НҮБ-ын их танхимд тоглож, Монголын морин хуур, Морин хуурын чуулга дэлхийд бас хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Тэр танхимд 190 гаруй орны төр, засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар хуран цуглаж хүн төрөлхтний болон дэлхийд тулгамдсан асуудлыг ярилцдаг. Тэнд манай нэр цуутай бөхчүүд очиж барилдаагүй, бас манай бусад салбарын гайхамшигт хүмүүс ид хаваа үзүүлээгүй. Гагцхүү Монгол Улсын Морин хуурын чуулга л тоглолтоо хийсэн. Энэ бол бидний төдийгүй Монголын бахархал” хэмээн өгүүлсэн байдаг.
НҮБ-ын их танхимд Морин хуурын чуулга тоглолтоо эхлэхийн өмнө АНУ-ын Корнайгийн найруулагч манай уран бүтээлчдэд хандан “Манай энэ танхим дэлхийн улс орнуудыг аль нэгийг нөгөөгөөс нь илүүд үздэггүй юм. Тэгэхээр нэг их алга ташаад сүйд болохгүй байх. Та бүхэн зөв ойлгоорой” гэж хэлж байсан гэдэг. Гэтэл тоглолтын үед уур амьсгал эсрэгээр эргэжээ. Хэр баргийн тоглолт үзээд алга ташдаггүй эрхмүүд Морин хуурын чуулгын тоглолт эхлэнгүүт л нижигнэсэн алга ташилтаар мялааж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гү Мин, НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга Нассер Абдулазиз Аль-Нассер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд хандан үг хэлж, баяр хүргэсэн нь ховорхон сайхан тохиолдол болжээ.
Францын нийслэл Парис хотод байрлах НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төв байгууллага ЮНЕСКО-гийн төв байрны нэгэн танхимд морин хуурыг хүндэтгэлтэйгээр залсан байдаг. Энэ бол 2003 онд ЮНЕСКО-гоос Монгол үндэстний морин хуур хөгжмийг “Дэлхийн үндэстнүүдийн шилдэг хөгжмийн зэмсэг мөн” гэсэн тунхаг гаргаж, албан ёсоор бүртгэж авсаны баталгаа юм. Морин хуурыг ийнхүү дэлхийд данслуулахад ардын жүжигчин Ц.Батчулууны оруулсан хувь нэмэр их ээ.
Түүний үүсгэн байгуулалцаж, өөдлөн дэвжээсэн “Морин хуур” чуулга эдүгээ хоёр мянган, хоёр зууныг дамнан хөг яруу эгшгээ дуурьсган, хуурын хос чавхдас шиг хоёр арван илүүтэй он цагийн түүхээ тэрлэжээ.
Морин хуурын аялгуу тив алгасан, тэнгис далай гэтлэн эгшиглэсээр. АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхим, Парис хотод байрлах ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы танхим, хүн төрөлхтний сонгодог урлагийн өлгий нутаг Италийн “San Giovanni Maggiore”, ОХУ-ын Москвагийн алдарт Их театр, БНХАУ-ын Бээжингийн Үндэсний театр, Австрийн Вена хотын “Musicverein”-ын Алтан танхим, Токиогийн “Suntory” концертийн их танхим зэрэг манай гарагийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй их танхимуудын тайзан дээр хос чавхдаст хуур маань эрхэмсэгхэн заларч, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга”, Б.Шаравын “Сэрсэн тал”, П.Чайковскийн романс, Б.Марчеллогийн концерт, Ж.Визегийн “Кармен” дуурь, Оросын хөгжмийн зохиолч Р.Шедриний Зөвлөлтийн балетийн алдарт од Маяа Плицескаяд зориулсан “Кармен сюйт”-ийг эгшиглүүлсэн билээ.
Ийнхүү Морин хуурын чуулга дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт яруу сайхан эгшгээ дуурьсган, сая сая хүний зүрх сэтгэлийг уяруулсаар байна. Японы Осака хот дахь Монгол Улсын өргөмжит консул Сато Норика “Яагаад би Морин хуурын чуулгатай хамтран ажиллах болсон юм бэ гэвэл эн тэргүүнд сайхан аялгуунд нь татагдсан юм” хэмээн өгүүлж байжээ. Таван тивийн хаана ч очсон олон хүн ингэж хэлнэ. Энэ бол Морин хуурын чуулгынхны гавьяа. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан ардын жүжигчин Цэндийн Батчулууны үндэсний урлаг, өв соёлынхоо төлөө гэсэн цуцашгүй хөдөлмөр зүтгэл, чин сэтгэлийн үр дүн билээ.
Морин хуурын аялгуун дор дэлхийг хураасан энэ эрхмийг би хуур барьсан Элчин сайд гэж боддог. Монгол морины туурай хүрээгүй дэлхийн дайд, далайн чинадад хүртэл тэрээр морин хуурынхаа аялгууг дуурьсгасан юм. Морин туураар дэлхийн талыг тамгалсан дээдсийн үр сад ийнхүү хориннэгдүгээр зуунд морин хуураар дэлхийг бүхэлд нь байлдан дагуулж чадсан билээ. Морин хуур эгшиглээгүй алга дарамхан газар ч энэхэн бөмбөрцөгт үлдээгүй хэмээн хэлж болно.
Морин хуурын чуулгынхны аялан тоглосон замыг хэмжвээс дэлхийг хэд хэд тойрохоор болжээ. Эдүгээгээс 22 жилийн өмнө Морин хуурын чуулгыг байгуулах санаа Ц.Батчулуун хуурчийн толгойд эргэлдэж, зүрх сэтгэлд нь лугшиж явахад түүнийг дэмжих хүн ч байж, эсэргүүцэн үгүйсгэгчид ч цөөнгүй гарсан гэдэг.
“Морин хуурын чуулгыг Улаанбаатарт улсын чанартай байгууллага болгож байгуулах хэрэг байхгүй. Тэр дуу хуурын өлгий Дундговь аймагтаа л байгуулдаг юм байгаа биз” гэж үзэх хүн ч байж. Тэр бүхэнд ухарч няцсангүй. Уйгагүй хөөцөлдсөний эцэст шинэ байгууллага байгуулж, улмаар морин хуурыг ихэсгэж багасган дунд хуур, их хуур гэхчилэн хэдэн янзаар бүтээж мөн цохиур, төгөлдөр хуур, ёочин, флей, ятга зэрэг төрөл бүрийн хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжмийг нэгтгэн найруулж, мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулахын тулд нойр хоолгүй зүтгэж олон өдрийг үдсэн гэдэг. Ингээд Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдаж, анхныхаа тоглолтыг дараа жилийнх нь хавар буюу 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь бүжгийн академик театрт хийж байжээ.
Дуурь бүжгийн театрыг сонгосон учир нь маршал Х.Чойбалсан тус театрын шавыг анх тавихдаа сууринд нь морин хуур, цай, хадагны хамт хийж хүндэтгэл үзүүлснийг бэлэгшээсэн гэдэг. Морин хуурын чуулга анх байгуулагдахдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн 4-8 дугаар ангийн сурагчид болон мэргэжлийн хуурч, ятгын дөрвөл, төгөлдөр хуур гэсэн бүрэлдэхүүнтэй байв.
Анхны тоглолт тэдэнд асар их урам зориг хайрлажээ. Удалгүй Морин хуурын чуулга дэлхийг тойрон аялах аянаа эхлэв. Автобусаар Улаан-Үд, галт тэргээр Хөх хотод очиж анхныхаа тоглолтуудыг хийж байсан тэр цагаас хойш Морин хуурын чуулгынхан ОХУ, АНУ, Итали, Франц, Япон, БНХАУ гээд таван тив туулж, дөрвөн их далайг гатлан яруу эгшгээ дуурьсгасаар байна.
“Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдасаар ярьж”, монгол хүний зовлон жаргалыг дуулсан морин хууртай Элчин сайд бол Монгол Улсын ардын жүжигчин Цэндийн Батчулуун билээ.
С.Содбилэг