БНХАУ-ын Хайнань мужийн Хайкоу хотноо зохион байгуулагдаж буй Азийн уран бүтээлчдийн 18 дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид эх орноо төлөөлөн оролцож, үндэсний урлаг, соёлын өв, уран бүтээлийн өвөрмөц онцлогийг олон улсын үзэгчдэд толилуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд 15 орны 173 уран бүтээлч оролцож, өөр өөрийн улс үндэстний соёлын өв, уламжлал, орчин үеийн урлагийн чиг хандлагыг илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байна.
Тус үзэсгэлэн нь уран бүтээлчид харилцан туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараараа бие биеэсээ суралцах, улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас монгол зураг, уран зураг, бэхэн зураг, уран дархан, уран баримал, орчин үеийн арт урлагийн чиглэлээр нийт 11 уран бүтээлч оролцож, Монголын дүрслэх урлагийн уламжлал, шинэчлэл, уран бүтээлийн олон талт илэрхийллийг олон улсын тавцанд таниулж байна.
Үзэсгэлэнд Т.Нурмаажав, Р.Лхагварэнцэн, Б.Ганцэцэг, Ц.Пүрэвдорж, А.Ихбанди, М.Болортуяа, Б.Цолмонбаяр, О.Ням-Очир, Д.Азжаргал, Х.Болороо, Р.Сэнгүм нар бүтээлээ дэлгэн толилуулж байна.
Монголын уран бүтээлчдийн авьяас, ур чадвар, өв соёл, бүтээлч сэтгэлгээ Азийн урлагийн тавцанд ийнхүү өнгө нэмж байна.


