Холливудын жүжигчин, продюсер Риз Уизерспуны үүсгэн байгуулсан “Reese’s Book Club” номын клуб 2026 онд уншигчдад санал болгосон 11 номын жагсаалтаа танилцууллаа. Тус клуб сар бүр эмэгтэй гол дүртэй, сонирхол татахуйц үйл явдал, амьдралын өөрчлөлт, сорилт бэрхшээлийг хөндсөн бүтээлийг онцолдог уламжлалтай.
Уизерспун 2017 онд өөрийн “Hello Sunshine” продакшнаар дамжуулан номын клубээ байгуулсан бөгөөд түүнээс хойш 100 гаруй бүтээлийг уншигчдад санал болгожээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн амьдрал, сонголт, бэрхшээлийг өгүүлсэн, уншигчдад итгэл найдвар төрүүлэх түүхүүдийг сонгохыг зорьдог байна.
2026 оны нэгдүгээр сард Лора Дэйвийн “The First Time I Saw Him” бүтээлээр эхэлсэн жагсаалтад хоёрдугаар сард Филиппа Маликагийн “In Her Defense”, гуравдугаар сард Рэйчел Хоххаузерын “Lady Tremaine” номууд багтжээ.
Харин дөрөвдүгээр сард Эмма Бродигийн “Into the Blue”, тавдугаар сард Александра Эндрюсийн “The Fine Art of Lying”, зургадугаар сард Мари Бенедикт болон Виктория Кристофер Мюррей нарын хамтран бичсэн “A Pair of Aces” бүтээлүүдийг онцолсон байна.
Долдугаар сард Стефани Дрэй, Лора Камой нарын “A Founding Mother”, наймдугаар сард Келли Андерсоны “The Wild Beneath”, есдүгээр сард Лиан Мориартигийн “Big Little Truths” номыг сонгожээ. Аравдугаар сарын сонголтоор Мэг Мэйсоны “Sophie, Standing There” роман багтсан бол арваннэгдүгээр сарын номоор Шэннон Сандерсын “The Great Wherever” бүтээлийг нэрлэсэн байна.
Риз Уизерспуны номын клубын сонголтууд түүхэн роман, сэтгэл зүйн драм, нууцлаг үйл явдал, хайр дурлал зэрэг олон төрлийн жанрыг багтаадаг. Тус клубын албан ёсны цахим хуудсанд сар бүрийн сонголт болон өмнөх жилүүдийн номын жагсаалтыг нийтэлдэг байна.

