Монголын “Хэрмэл Крю” болон БНСУ-ын “Horizon Works Studio” хамтран “Хэт их хайр” нэртэй уран сайхны кино бүтээж эхэлжээ. Тус бүтээл нь хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд франчайз эрхийн дагуу хэрэгжих юм.
Кино эхлээд 2027 оны эхний улиралд Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөсөн бол 2028 оны нэгдүгээр улиралд БНСУ-д солонгос хэлээр дахин бүтээгдэж, үзэгчдэд хүрэх аж. Мөн уг бүтээлээр реппер Seryoja буюу Ц.Мөнхбаяр кино урлагт анхны алхмаа хийх гэж байна.
“Чи нэг тийм”, “Мангар”, “Адармаа”, “Амбуу”, “Мөнх гуниг”, “Талх”, “Guilty” зэрэг уран бүтээлээ сонсогчдын эчнээ танил болсон Seryoja 2022 онд “Монхор баатар” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, мөн онд анхны бие даасан тоглолтоо хийсэн. 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нд “US” нэртэй хоёр дахь бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо “AIC Steppe Arena”-д толилуулж байв.
Ийнхүү хөгжмийн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгосон Seryoja энэ удаа “Хэт их хайр” киногоор жүжигчний карьераа эхлүүлэх гэж байна. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уран бүтээлчид удахгүй зарлахаа мэдэгджээ.

