Холливудын жүжигчин Жэйми Ли Кёртис найруулагч Роб Райнер болон түүний эхнэр Мишель Сингер Райнер нарын хүүхдүүдтэй ойр дотно харилцаатай хэвээр байгаагаа хуваалцжээ. Тэрбээр эцэг, эхээ алдсан Жейк, Роми Райнер нартайгаа гэр бүлийн холбоогоо хадгалж, хүнд цаг үед бие биедээ түшиг болж байгаагаа онцолсон байна.
Өдгөө 67 настай жүжигчин “Extra” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Бид нэг гэр бүл. Ийм зүйл тохиолдоход хүмүүс улам бүр ойртдог” хэмээн ярьжээ. Мөн Роб, Мишель нарын хүү Жейктэй хамт ярилцлагад оролцож байхдаа түүний дэргэд суух нь өөрт нь сэтгэл хөдөлгөм, хүнд мэдрэмж төрүүлсэн тухай дурдсан байна.
Жэйми Ли Кёртис болон Роб Райнер нар олон жилийн турш дотно найзууд байжээ. Кёртис нөхөр Кристофер Гэсттэйгээ 1984 оны арванхоёрдугаар сарын 18-нд Роб Райнерын гэрт хуримаа хийсэн бөгөөд найз нь түүний хуримын гэрчээр оролцож байсан аж. Түүнчлэн Роб Райнер Кёртисийн охин Аннигийн загалмайлсан эцэг байжээ.
Тэдний нөхөрлөл зөвхөн хувийн харилцаагаар хязгаарлагдаагүй бөгөөд буяны үйлсэд ч хамтран оролцож ирсэн байна. Роб, Мишель нар Кёртисийг “Children’s Institute” байгууллагатай холбож өгсөн бөгөөд жүжигчин түүнээс хойш тус байгууллагын үйл ажиллагааг олон жилийн турш дэмжиж иржээ.
Кёртис мөн Роб, Мишель Райнер нарын нэрэмжит “Champion for Change” шагналын анхны эзнээр тодорч, “Children’s Institute” байгууллагын “Cape & Gown Gala” арга хэмжээнд оролцохоор болсон байна. Шагналыг хосын хүү Жейк гардуулах аж.
Жүжигчин энэхүү арга хэмжээг зөвхөн талийгаач найзуудаа дурсах бус, тэдний эхлүүлсэн сайн үйлсийг үргэлжлүүлэх боломж гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

