Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа. Ярилцлага авах болсон шалтгаан ч ойлгомжтой. Жил гаруй, бараг л хоёр жилийн турш түүнийг нийгмийн багагүй хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй, сонгодог урлагийн хамгийн том байгууллагыг удирдахаар хэн хаанаас ирснийг ухаж чадахгүй явсан. Тэдний нэг нь би. Нэг л өдөр томилогдож, энэ томилгоог баталгаажуулах гэсэн шиг түүнд тохируулсан ажлын байрны захиалга хийгдэж, харин дараа нь түүний өмнө оноогоороо илүүрхсэн хүнд өөр ажил санал болгосноор тэр энэ суудалд үлдсэн. Гэхдээ аливаа асуудлыг зөвхөн нэг талаас харах нь өрөөсгөл учраас түүний үгийг сонсохыг зорьсон юм.
-УДБЭТ-ын гоцлоочид Их театрт тоглох болсон сайхан мэдээ гэгээ татуулсаар түгэж байна. Тиймээс ярилцлагаа эндээс эхэлбэл ямар вэ?
-Салбарын сайд маань намайг энэ албанд томилохдоо олон үүрэг өгсөн ч тэр дунд “Монголын сонгодог урлаг хаана явааг дэлхийд нэг үзүүлээд өгөөрэй” гэсэн үг илүү ойр буусан. Учир нь “Манайхан чадалтай, авьяастай даа. Үүнийг гаднынханд ч гэсэн танилцуулах юмсан” гэдэг бодол эртнээс сэтгэлд уяатай явдаг байлаа. Монголын сонгодог урлаг Азидаа тэргүүн эгнээнд бичигддэг. Мэдээж үүнийг уран бүтээлчид л харуулж, нотолно. Тиймдээ ч би жил хагасын турш амрах завгүй ажилласан. Оногдсон үүргээ ч хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байна. Энэ хугацаанд 20 гаруй дуучин гаднын улс оронд очиж тоглолоо. Дэлхийд Монголын дуучдыг танилцуулах “Монголын алтан хоолойтнууд” төслийг эхлүүлж өнгөрсөн жил Улаан-Үдэд тоглосон. Энэ жил Их театрт тоглох нь. Манайхан АНУ, Солонгост дууллаа. Австри улстай харилцаагаа өргөжүүллээ. Дуурийн дуучдын хувьд Ла Скала, Ковенгарден, Их театрын тайзнаа дуулах нь мөрөөдөл төдийгүй мэргэжлийн ур чадварыг нь тодорхойлох үнэлэмж шүү дээ. Тиймээс театрынхаа гоцлоочдыг Их театрын түүхэн тайзнаа дуулуулахыг зорьсон. 2013 оны аравдугаар сараас хойш хэчнээн зуун имэйл бичиж, утсаар ярьсныг хэлшгүй. Азаар ОХУ 2014 оныг соёлын жил болгон зарласан. Би энэ боломжийг ашиглахыг хүссэн учраас “Оросын балетийн одод” тоглолт манай улсад хоёр жил дараалан зохион байгуулагдсан тухай дурдаж төслөө бичиж, илгээсэн.
-Монголын алтан баритонууд хэмээн алдаршиж байгаа манай эрэгтэй дуучдын амжилт ч чухал нөлөө үзүүлсэн байх. ОХУ-д болсон олон уралдаанд тэд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн.
-Энэ төсөл хоосон хөрснөөс ургаагүй. Бүгдийг л багтаасан. М.Глинк, П.И.Чайковскийн уралдаанд шалгарч, шагнал хүртсэн уран бүтээлчдийн тухай, урын сангаа танилцуулсан. Зүгээр л баярлаж хөөрсөн хүүхдүүд биш гэдгээ бид ойлгуулах ёстой шүү дээ.
-Ганц дуучин биш театрын гоцлоочид баг болон бүтэн тоглолт хийх гэж байгаа нь яах аргагүй сайхан мэдээ юм.
-Манай дуучид бие даасан уран бүтээлчийнхээ хувьд олон удаа уригдаж байсан. Харин энэ удаа театрынхаа нэрийг гаргаж, тоглолт хийх чухал байсан. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд сонгодог урлагийн нарийн мэргэжлийн уран бүтээлчдийг ОХУ-д сургах асуудал нэлээд гацаатай байгаа. Манайхаас ганц балетмейстр “хойно” сурч байна. Балетийн хүүхдүүд Пермьд байгаа. Найруулагч удирдаач, хормейстрээр сурч байгаа хүн алга.
-Сурах хүн байхгүй байна уу, эсвэл сургах тэтгэлэг алга уу. Миний ойлгож байгаагаар БСШУЯ байхаас эхлээд ССАЖЯ байгуулагдсан хойно ч гэсэн ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжсээр байгаа биш үү?
-Сүүлийн 20 жил энэ салбарын тэргүүлэх уран бүтээлчдийг бэлтгэх залгамж халаа үгүй болж, бодлого алдагдсан. ССАЖЯ байгуулагдсанаас хойш энэ үйл явцыг арай түргэвчилж байна. Манай уран бүтээлчид мэргэжилдээ дуртай, авьяастай хэдий ч хэлний бэрхшээлээс болж суралцаж чаддаггүй. Би театр дээрээ орос хэлний сургалт явуулдаг ч юм бил үү гэж бодож байна. Өнгөрсөн жил англи хэлний сургалт явуулахад боломжийн үр дүн гарсан. ОХУ-аас гадна сонгодог урлагийн өлгий болсон Австрид сургах тухай ч судалсаар байна. Өнгөрсөн жил Австрид ажиллахдаа хэд хэдэн зүйл амжуулаад ирсэн юм. Одоо Их театрын тоглолтын дараа манай дөрвөн дуучин Австрийн үндэсний дуурийн театрт дадлага хийнэ. 2016 онд манай дуучид Австрийн дуурьт дуулна. Одоогийн байдлаар соёл урлагийн салбарын мэргэжилтнийг Австрид тэтгэлэгтэй суралцуулах Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр алга байна л даа.
-Одоо танай театрт ямар мэргэжилтэн дутагдаж байна вэ?
-Хөгжмийн театрын найруулагч, удирдаач хэрэгтэй байна.
-Танай хоёр удирдаачийг залгамжлах хүн үгүй байна шүү.
-Хоёулаа тэтгэвэрт гарчихсан. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг ч ажлын ачаалал гэж бий. Та энэ театрын төлөө сөхөрч унатлаа ажиллах ёстой гэж хэлж болохгүй биз дээ. Мэргэшүүлэг удирдаач болгох хүн манайд байна. Мөн мэргэжлийн удирдаачаар 3-4 хүн сургах хэрэгтэй. Нарийн мэргэжлээр 4-6 жил сургахаас гадна ажиллаж байгаа хүмүүсээ жил болон хагас жилийн мэргэшүүлэх сургалтад хамруулах асуудал чухал байна.
-Хөгжмийн театрын найруулагч зайлшгүй шаардлагатай гэж байгаа хэрнээ та ерөнхий найруулагчаа ажлаас нь халж, энэ албан тушаалыг цомхотгоод байгаа. Яагаад?
-Хүмүүс намайг мэргэжлийн хүн биш учраас мэргэжлийн найруулагчаа халлаа гэж буруутгасан. Бас олон хүнийг ажлаас нь халлаа гэсэн. Би халаагүй. Тэр үед 10-аад хүн тэтгэвэртээ гарсан. Үзвэрт ажиллаж байсан нэг хүн, Эрдэнэбаатар найруулагч хоёр л халагдсан. Хүний нөөцөөр ажиллаж байсан хүн “Би ажиллаж чадахгүй ээ” гээд хүсэлтээрээ гарсан. Энэ дундаас нэлээд шуугиан үүсгэсэн нь Эрдэнэбаатар найруулагч. Тэр хүн хөгжмийн театрын дипломтой юу гэвэл дипломтой. Хүмүүс намайг мэргэжлийн биш гэж шүүмжилдэг ч тэглээ гээд би энэ театрыг мэдэрдэггүй, мэддэггүй гэсэн үг биш. Мэдэрч, ойлгоогүй бол өдийд сөнөөнө. Бас мэргэжлийн диплом энэ ажлыг хийж чадна гэсэн цорын ганц шалгуур болж чадахгүй. Орчин цагийн Монголын сонгодгуудыг бүтээсэн хүмүүс бүгд мэргэжлийн дипломтой байсан уу гэвэл үгүй. Хүн болгон өөрийнхөө хийх зүйлийг маш сайн хийдэгт л амжилт нь оршиж байсан. Би Эрдэнэбаатар найруулагчид олон үүрэг өгч, гуйж, ярьж үзсэн. Өөрийнх нь найруулсан дуурийн тайз нь тоглолтын үеэр нурж байхад ч тэр хүн ажил дээрээ байдаггүй. Уран бүтээлчид нь энэ дуурьт тайзны аль талаас гардаг билээ гээд зогсож байхад энэ хүн ойшоодоггүй байсан. Таван сарын турш түүнд үүрэг өгч хүлээсэн ч юу ч хийгээгүй. Тэр хүн ажлаа гүйцэд, сайн хийж байсан бол ийм зүйл болохгүй байсан.
-Гэхдээ шүүхийн шийдвэр түүний талд гарсан шүү дээ.
-Тэр хүн театраас шударга бусаар 2.900.000 төгрөг авсан.
-Шүүхийн шийдвэрийн дагуу биз дээ?
-Гэхдээ л шударга бус. Тэр хүн гэнэт халагдсаны тэтгэмжээ авсан байсан. Театрын тоног төхөөрөмжийг дур мэдэн өөрөө авч явсан. Дуурийн партитур шивнэ гээд мөнгө авсан ч түүнийгээ хийгээгүй. Бас энэ театрын ерөнхий найруулагч мөртлөө түүхийн ховор соёлын өвийг аваад алга болгосон. Эхнэр хүний иж бүрэн хэрэглэл өмсгөлийг алга болгосон шүү дээ.
-Хүн гуйж аваад өгөөгүй. Тэгээд төлүүлсэн гэж ярьж байсан.
-Хоёр жилийн өмнө нэг сая төгрөг төлсөн гэсэн. Гэхдээ энэ хувцас хэрэглэл түүнээс хэд дахин илүү үнэтэй. Хүн өөрийгөө өмөөрч юу ч хэлж болно.
-Шүүх энэ бүхнийг дэнсэлсэн байлгүй дээ
-Нэгэнт өөрөө төлчихсөн гээд байсан учраас би тэр түүхэн үнэтэй хувцас хэрэглэлийн тухай хэлээгүй ээ. Төрийн ажлыг биедээ багахан ачаалалтайгаар цалин аваад тэгсгээд хийе гэсэн бодолтой хүмүүс байгаа нь харамсалтай. Ийм мэргэжилтэй хүн надаас өөр байхгүй гэсэн шиг, хааж боож байгаа мэт ажиллана гэж байхгүй ээ.
-Та анх яагаад энэ театрын захирал болох саналыг хүлээж авсан юм бэ. Хийж чадна гэдэг итгэл байсан болоод л энэ ажлыг хариуцсан байх даа.
-Их богино хугацаанд шийдвэр гаргасан. Гэхдээ би өөрийгөө хийж чадахгүй гэж бодоогүй ээ. Хэрэв би ДБЭТ гэж юу байдаг, хэн ажилладаг, ямар зорилготойг мэдэхгүй байсан бол ирэхгүй. Ямар ч хүн өөрийнхөө хэмжээг мэднэ шүү дээ. Би энэ театрт маш их хайртай байсан. Ахлах ангийн сурагч байхаасаа энэ театрын байнгын үзэгч болсон. Оюутан байхдаа ч чөлөөт цагаа энд л өнгөрөөж байсан. МУИС-ийн хоёрдугаар курст сэтгүүлчийн мэргэжлээр сурч байхдаа өдөрт долоон паар хичээлтэй хэдий ч амралтын өдрөөрөө энд л ирж эрч хүчээ нөхдөг байсан. Төгсөөд энэ салбарын тухай л түлхүү бичиж байлаа. Сургууль төгсөхдөө ардын жүжигчин Чулуун гуайн тухай кино хийж дипломоо хамгаалсан. Загдсүрэн гуай, Банди гуай гээд олон сайхан хүмүүсийн тухай сонсож, амьдралынх нь тухай яриулж байсан тэр үедээ ч би боловсорсоор байсан. Сургууль төгсөхөөсөө өмнө МҮОНТ-ийн соёл урлагийн редакцид ажилд орсон. Энд ч бас театр болон дүрслэх урлагийн тухай л нэвтрүүлэг хийсэн. “Тоска” дуурийн тухай нэвтрүүлэг хийх боллоо гэхэд би дуурийн цомнолыг уншиж, үзэж, бүх талаар нь судлахыг хүсдэг байсан. Танхимд 30-40 үзэгч сууж байхад ч оркестр, дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ яаж чин сэтгэлээсээ тоглодгийг би мэдэх учраас энэ театрыг хайрладаг. Нэг хэсэг иргэний нийгмийн салбарт төсөл хариуцаж байхдаа ч соёл урлагийн чиглэлээ барьж байсан. Кино урлагийн дээд сургууль, СУИС-д менежментийн чиглэлээр багшилж байсан. Гэхдээ хэзээ ч надаар энэ театрыг удирдуулна гэж бодож байгаагүй. Харин сайд “Гадаад харилцаа сайтай, соёл урлагийн суурьтай, урьд нь энэ салбарт ажиллаж байсан хүн хайж судлаад өөртэй чинь уулзаж байна” гэж хэлсэн. Тэр үед би ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффист Монголыг хариуцсан гэрээт мэргэжилтнээр ажиллаад гэрээ дуусаж байсан юм.
-Хангалттай сайн ажиллаж байсан менежерээ сольж таныг энэ албанд томилсон. Хүн болгон гайхсан байх. Мэдээж хар бууна. Ардчилсан нам болон ДБЭТ-ын газрын маргаан даргыг нь өөрчлөхөд хүргэв үү гэж нэг хэсэг нь харсан байх. Гэтэл санхүүгийн зөрчил илэрсэн, хангалттай сайн менежмент хийгээгүй гэдэг үндэслэлээр халсан гэж тайлбарласан. Тийм юм бол Б.Сэргэлэн захирал яагаад шүүх, цагдаагийн байгууллагад шалгуулалгүй нам гүм болж, энэ асуудал намжив аа?
-Би санаж байна. Анх энэ тухай чамайг юу гэж бичиж байсныг ч санаж байна. Ил гаргаж болохгүй, тухайн хүний нэр хүндтэй холбоотой асуудал байна шүү дээ.
-Санхүүгийн зөрчилтэй байсан хүнийг яагаад шалгахгүй орхино гэж. Тухайн өдөр хийгдсэн хоёр томилгоо үнэхээр гэнэтийн санаанд оромгүй байсан. Та ДБЭТ-ын захирал болж, Н.Батбаатар хэмээх салбартаа нэг жил ч ажиллаж амжаагүй залуу Уран зургийн галерейг удирдах болсон шүү дээ.
-Үнэхээр гэнэтийн байсан. ЮНЕСКО-гийн гэрээ дууссаны дараа АНУ-ын хөрөнгө оруулалттай компанид Монголыг хариуцсан мэргэжилтнээр ажиллах гэж байсан юм. Би нийгэмд чиглэсэн ажил хийж явснаас биш бизнесийн салбарт ажиллаж чадамгүй юм билээ. Энэ ажлыг хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл намайг яаж л доромжилж, дарамталж болохоор байна, бүгдээр нь хэлсэн. Би хэн нэгнээс хийсэн ажлынхаа авлагад энэ албыг аваагүй. Би Ц.Оюунгэрэл сайдын сонгуульд ч юм уу, Хөвсгөл аймагт төрөлх суманд нь ажиллаж байгаагүй. Энэ ажлыг авахаасаа өмнө Ц.Оюунгэрэл сайдтай нүүр тулан уулзаж байгаагүй.
-Үнэхээр сонгуулийн ажилд оролцоогүй гэж үү?
-Тэр сонгуулийн үеэр би ЮНЕСКО-д ажиллаж байлаа. Үнэхээр гайхалтай худлаа мэдээллүүд гарч байсан. Гэхдээ тэр болгоны араас хөөцөлдвөл би яаж ажил хийх юм бэ. Би хийж чадна гэж ирсэн болохоор урагшаа хараад л зүтгэсэн.
-Дараа нь сонгон шалгаруулалт юу болж хувирав аа. Танаас илүү оноо авсан хүнтэй тохиролцож байгаад л таныг үлдээлээ.
-Энэ миний хариулах асуулт биш байна.
-Та сонгон шалгаруулалтад түрүүлээгүй. Хоёрдугаарт орсон, тийм үү?
-Тийм. Тэр үед Монгол, Австрийн хамтын ажиллагаанд зориулсан тоглолт, үйл ажиллагаа гээд би маш завгүй байсан. Бас салбарын спортын тэмцээн болж байлаа. Надад шалгаруулалтад орохын тулд хууль судалж, нэмж унших зав байгаагүй. Би мэдэж байгаагаа л шалгуулсан. Мэдээж хүний мэдлэг хязгаартай. Би Далантайгаас хоёр оноо дутуу авсан. Сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсны дараа ажлаа өг гэвэл өгөхөд бэлэн байсан. Бид орлогоо 127 сая төгрөгөөр давуулж, аудитын шалгалтад хангалттай үнэлгээ авч, гадаад харилцаагаа сайжруулсан байсан. Дараагийн хүндээ ажлаа сэтгэл дүүрэн хүлээлгэж өгөхөөр байсан.
-Ажлын байрны захиалгыг ч танд тохируулах гэсэн шиг сэтгүүлч мэргэжилтэй хүн энэ ажлыг хийж болно гэж заасан байсан.
-Би тэрийг мэдэхгүй. Би тэрийг хийдэггүй.
-Ингээд л бүх зүйлийг танд тохируулаад байгаа юм шиг харагдаж байна шүү дээ.
-Би хадаг барьж шавь нь болсон ганц багштай. Наранжаргал багштай хамт ажиллаад би тэвчээртэй, ачаалал даадаг, хийж байгаа ажилдаа итгэл үнэмшилтэй, бусдад нээлттэй болсон. Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажиллаж байсан энэ он жилүүдэд би уран бүтээлч болон сэтгүүлч хүн аль нэгэн намын гишүүн байх хэрэггүй юм гэдгийг сайн ойлгосон. Би хэний ч сонгуулийн ажилд явж үзээгүй. Ц.Оюунгэрэл сайдтай нүүр тулан уулзах хүртлээ түүнийг өөрийгөө хөгжүүлсэн хүчтэй эмэгтэй гэж хүндэтгэн боддог байсан.
-Та энэ театрын захирлаар ажиллаад хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Мэдээж өмнөх төслийн цалингаас хамаагүй бага. Дээр нь хэл амтай. Хэцүү биш байна уу?
-Хэцүү байна. Бага цалинтай. Дуурийн театрын захирал байж нэг саяын гутал өмссөнгүй гэж ч гоочилж байна. Би орлогодоо тааруулж хувцаслана шүү дээ. Өр тавьж амьдрах уу. Хүүхдүүддээ зарцуулах мөнгө ч багассан. Гэхдээ юм бичих чадвар минь алга болоогүй шүү дээ. Нэмэлт орлого байлгүй яах вэ. Бас орчуулга хийдэг.
-Энэ театрын ажил их. Уран бүтээлчид амарч байсан ч та ажиллаж байх ёстой болдог. Түүний зэрэгцээ орчуулга хийнэ гэдэг амаргүй санагдах юм.
-Би эхний жил 08.00 цагаас орой 22.00 цагт хүртэл ажилладаг байлаа. Бэлэн зүйл дээр жаргаад суугаагүй шүү. Гэхдээ хүний хувь тавилан гэж байна. Өөрийгөө зовоогоод ч хамаагүй ганц ч болсон хэрэгтэй зүйл хийх нь чухал юм даа.
-Та ганц бие ээж үү?
-Тэрийг хэлж яах юм бэ. Олон цахим хуудсанд намайг хоёр, гурван нөхөр үхүүлсэн, салсан, шоронд оруулсан гэж бичсэн. Миний хоёр охин, ээж минь түүнийг уншаад уйлсан. Ингэж байхаар боль гэж ятгасан. Гэтэл би албан ёсоор ганц л удаа гэрлэлтээ батлуулж, хоёр охиныхоо аавтай амьдарч байсан. Нэг салбарт ажилладаг ч гэлээ санаа нийлэхгүй болоод л салсан. Одоо тэр хүн сайхан гэр бүл, үр хүүхэдтэй болсон.
-Г.Бадамрагчаа найруулагч та хоёрыг нэг хэсэг хамт амьдарч байсан гэж ярьж, бичиж байсан.
-Бид нэг студийн найруулагч, зохиолч байсан. Олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Хоёр жил гаруй хамт амьдарсан. Албан ёсоор нөхөртэй байсан маань түүнээс өмнө шүү дээ. Юуг нь ч мэдэхгүй байж хамаагүй бичихээр Бадмаад ч хэцүү. Намайг янз бүрээр хэлэхэд би тоохгүй. Харин эргэн тойрны хүмүүсийг минь битгий оролцуулж, эмзэглүүлээч ээ.
Бүх асуултад нээлттэй хариулсан түүний илэн далангүй байдал их таалагдлаа. Магадгүй тэр сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан давуу талаа ашиглаж өөрийгөө эерэгээр танилцуулах боломжтой л байсан байх. Тэгсэнгүй. Харин одоо бол уран бүтээлчдэдээ хүлээн зөвшөөрөгдөж, тэднийгээ хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Ж.СОЛОНГО