"Оролмаа эх" 2014 оны 11 сарын 28-нд 19:00 цагаас УДЭТеатрын тайзнаа…
Төрийн хошой шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжиг бол Монголын театрын сонгодог бүтээлүүдийн нэг. Анх 1973 онд С.Галсанжав анх найруулан тавьж байсан түүхтэй. Театрын 80 жилийн ойгоор 2011 онд хэд хэдэн бүтээлийг тайзанд эргэн сэргээж тавьсаны нэг нь “Оролмаа эх”. Зохиолыг Д.Намдагийн отгон шавь нарын нэг УГЗ Ш.Гүрбазар дахин хянан тохиолдуулж, тайзны зохиолыг шинээр боловсруулан бичиж, УДЭТ –ын найруулагч УГЗ Ч.Найдандорж тайзанд амилуулсан байна.Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнамьдрал, тэмцлээр дамжуулан монголын төр, нийгмийн нэгээхэн үеийн амьдралын тухай өгүүлэх энэхүү жүжгийг угтаатүүхэн гэхээсээ төрт ёс, түмэн олны тухай жүжиг гэж хэлж ч болох.
Үндэсний хөгжим эгшиглэж, Оролмаа эх овоонд чулуу нэмж буйгаар жүжиг эхэлнэ. Тэрээр гурван хүү, хоёр охинтой. Нөхөр нь гамингийн шоронд хоригдож байгаад нас баржээ. Том хүү Найданжав нь аавынхаа үйл хэргийг залгамжлан төрийн хүн болж, дунд хүү Сандагдорж ээжийнхээ хүслээр шашны мөр хөөн хийдэд шавилан суудаг гэлэн. Харин бага хүү Хаймчиг нь улаан хувьсгалын тэмцэгч. Хаймчиг хувьсгалт тэмцэлдээ хэт автаж, ах дүү гэр бүлийнхэндээ анхаарах нь бүү хэл ад үзэх болж, улмаар амаржих дөхсөн эхнэрээ төрхөмд нь буцаадаг. Энэ байдал нь Найданжавт огтоос таалагдахгүй учир дүүтэйгээ хүчтэй тэмцэлдэж эцэстээ хоёул эсэргүү хэмээгдэж гянданд орно. Оролмаа эхийн хүүхдүүд жүжгийн төгсгөлд ч эвлэрсэнгүй. Шашин гадуурхагдсан учир хийдэд шавилан сууж асан Сандагдоржхүү нь холын орныг зорих аж. Эцэст нь Хаймчигийн хуучин эхнэр Хүүхнээгийн төрүүлсэн хүүгХүүхнээгийн ээж Должин нь хүрдэн дээр орхих гэж яваад Оролмаатай таарч, Оролмаа нялх хүүг авч тэжээнэ хэмээн зүтгэсээр гэртээ авчирна. Нөхрөө алдаад удаагүй байхад хоёр хүүгээ төрд алдаж зовсон Оролмаа эх огтхон ч цөхөрсөнгүйгээр барахгүй ачынхаа төлөө шинээр амьдрах гэж байгаа мэт“Цөхрөлөөсөө ч үнэнийг хүлээх хүртлээ эх миний сэтгэл сэрүүн байх болно оо. Эцэг нь, эцгийнх нь эцэг нь хүртэл амь насаан зольж авчирсан тэр цагийн тэр шударга төрд энэ ачыгаа зорих хүртэл би сэрүүн байх болно. Тэнгэрээс ч болов адил шүү дээ” хэмээн өчиж байгаагаар жүжиг төгсөнө. Гэхдээ жүжиг дандаа гуниглаад байхгүй, зарим чимх инээд ч бий. Жишээ нь тайзанд түм түжигнэсэн 1920-иод оны үеийн хар зах үзэгдэнэ. “Малгай аваарай”, “Зуух, тулга үзээрэй” гэх. Мөн “Далай вангийн хошууны тэргүүн зэргийн цагаан идээ аваарай” гэсэн нөхрөөс “Үнэхээр Далай вангийнх мөн үү” гэхэд “Биш. Гэхдээ мөн гэж итгээд авсан хүн гомдохгүй” гэх зэрэг хөгжилтэй үйл явдал, харилцан яриа шигтгэж өгсөн.
“Оролмаа эх” жүжиг үзэгчдийг уйлуулж, хүн бүрт ээжийгээ бодох, эх хүнийг өрөвдөх бас бишрэхсэтгэлийг төрүүлнэ. Оролмаагийн дүрд ардын жүжигчин С.Сарантуяа тоглосон бөгөөд нийтдээ 40 орчим дүр гардаг учир УДЭТ –ын бараг бүх жүжигчид оролцон тоглодогоороо онцлогтой. Харин тайзны зураачаар “Гэгээн муза”-ийн хоёр удаагийн шагналт Т.Ганхуяг ажилласан байна.