Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert” 23 дахь жилдээ болно
Сонгодог урлаг

Шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert” 23 дахь жилдээ болно

Урлаг Урлаг29/11/2026Сэтгэгдэл байхгүй10 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улиран одох дөхөж буй 2026 онд уран бүтээлийн өндөр амжилт гаргасан мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert” арванхоёрдугаар сарын 2-нд Уран зургийн галерейд болно.

23 дахь жилдээ болох “Virtuoso Gala Concert”-ыг энэ удаа цөөн үзэгчийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд тасалбар бус, такс авч үзэх аж.

“Virtuoso Gala Concert”-ын хөтөлбөрийг хүргэе.

  • Д.Даваасүрэн /Хэл хуурч, СТА, олон улсын артист/

(Монгол хэл хуурын холбооны тэргүүн. Монголын язгуур урлагийг олон улсад түгээн дэлгэрүүлэгч.

Уран бүтээлч Монгол төрийн их баяр наадмын концертууд, Венецийн дүрслэх урлагийн 58, 59 дүгээр биенналь зэрэг дэлхийн түвшний томоохон арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн.

Санаачлан бүтээсэн Буга хэл хуураараа дэлхийн нэр хүндтэй тайзнуудад тоглож байна. Хэл хуурын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын эзэн.

УГЗ Н.Буянбаатарын санаачилсан “Authentic Mongolia” төслийн хүрээнд Австри улсын Вена хот дахь Брамсын болон Гайднын алдарт танхимууд, тус улсын Грац, Линц хотын төв тайзнаас уран бүтээлээ хүргэсэн.

Испани улсын Гран Канариа аралд болсон дэлхийн хөгжмийн WOMEX олон улсын экспод оролцож, Монголынхоо хөгжмийн урлаг, уран бүтээлчид, уран бүтээлийн талаарх мэдээллийг олон улсын агентуудад хүргэсэн)

Тоглох бүтээл: Өөрийн зохиомж “Салхин сүлбээ”.

  • Э.Номин /Бүжигчин, ҮУИТ-ын гоцлол бүжигчин, СТА/

(ҮУИТ-т 20 гаруй жил ажиллаж буй, Монголын үндэсний урлагт нэр нь тод уран бүтээлч.

2004 оноос мэргэжлийн улсын чанартай болон БНХАУ, ОХУ, БНСУ-д зохион байгуулсан олон улсын уралдаанд амжилттай оролцож ирсэн бөгөөд олонход нь гран при шагналтан болж, алт, мөнгөн медаль хүртсэн.

БНХАУ-ын Хөх нуурт болсон Дэлхийн ардын урлагийн 10 дугаар наадамд “Салхич шувуу” бүжгийг гоцлон бүжиглэсэн нь шилдэг үзүүлбэрээр шалгарч байлаа. Монгол бүжгийн олон улсын II уралдааны тайзны төрөлд УГЗ Д.Баярбаатарын дэглэлт “Хурмастын уялга” бүжгээр хүрэл, ардын болон тайзны төрөлд олны бүжгээр алтан цом хүртсэн.

“The 14th Seoul International Dance Competition”-д креатив буюу мэргэжлийн тайзны эмэгтэй гоцлол төрөлд Монголоос анх удаа өндөр амжилт үзүүлэн III байр (Өнөөг хүртэл энэ төрөлд эмэгтэй бүжигчдээс дахин шагнал хүртээгүй) эзэлсэн. “The 2nd Busan International Dance competition”-д тайзны эмэгтэй гоцлол төрөлд Монголоос анх удаа өндөр амжилт үзүүлэн II байр эзэлж байв.

ҮУИТ-ын гурван удаагийн “Оны шилдэг бүжигчин” өргөмжлөлтэй. 2017 онд театрынхаа “Шилдгийн шилдэг уран бүтээлч” болсон. Засгийн газрын “Мөнгөн мод” цомын эзэн.

“Authentic Mongolia” төслийн хүрээнд Австри улсын нэр хүндтэй танхимуудад ятгачин, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хослон уран бүтээлээ хүргэсэн.

Тоглох бүтээл:

Дэглээч О.Ууганбаяр, хөгжим Б.Шарав

“Бүсгүй заяа”

Ятгачин, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хоршино.

  • Ч.Мөнх-Эрдэнэ /Ятгачин, Консерваторийн багш, МУГЖ/

(Гоцлол хөгжимчин, дэд профессор түүний ажлын гараа 1993 онд ХБДС-д багшилж, Морин хуур чуулгад гоцлол хөгжимчнөөр ажилласнаас эхтэй. Одоогийн ҮУИТ-т 1993-1996 онд мөн гоцлол хөгжимчин байв. Европт 2010 он хүртэл ажиллахдаа “Эгшиглэн”, “Уянга”, “Бөртэ” хамтлагт тоглож, олон орны үзэгчдэд монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг таниулж байлаа.

Олон улсад ажилласан туршлага арвин бөгөөд үйл ажиллагаа олон талт.

2001-2024 оны хугацаанд есөн удаа бие даасан тоглолт хийжээ.

Украины Запарожье хотын, Германы Баден-Баден мужийн, Штуттгарт, Иена хотын, БНХАУ-ын Гоанжоугийн, Франц улс дахь НҮБ-ын төв танхимд Чех улсын симфони найралтай тоглосон.

ОХУ болон ХБНГУ-д хоёр удаа, Тайваньд ятга хөгжмөөрөө мастер класс сургалт хийсний сацуу олон улсын хэд хэдэн уралдаанд шүүгчээр ажилласан.

“Алтан Намар” хөгжмийн наадмын “Шилдгийн шилдэг хөгжимчин”, Л. Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байр, Узбекстан улсад болсон олон улсын “Тронолари” наадмын шүүгчдийн нэрэмжит шагналтан.

Бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал”-ыг “Бөртэ” хамтлагаараа хүртсэн.

Засгийн газрын “Мөнгөн мод” шагналтан)

Тоглох бүтээл:

Бүжигчин Э.Номинтой хоршин тоглоно (Б.Шаравын ятгын концертын найруулга).

  • О.Өнөболд /МУК-ийн оюутан, Морин хуур найрлын хөгжимчин/

(“Гэрэгэ” хөгжмийн наадам, уралдааны II, алдарт хуурч Г.Жамъянгийн нэрэмжит Олон улсын уралдааны II, 2025 оны “Өвлөн хөгжимдөхүй-IV” уралдааны нумт хөгжмийн ангилалд II, 2026 онд ОХУ-ын “Найдал” олон улсын хөгжимчдийн уралдаанд III байр эзэлсэн. Мөн энэ онд болсон “Чөлүгэн” морин хуурын дөрвөл хөгжмийн уралдаанд багаараа III байр эзэлсэн амжилттай)

Тоглох бүтээл:

Пиаццолла, Cafe 1930

Мэргэжлийн багш А.Даваазориг

Төгөлдөр хуурч СТА О.Урангоо

  • Э.Пагма /Ёочинч, Консерваторийн багш, “Aydu production-ын уран бүтээлч/

(Б.Шаравын нэрэмжит олон улсын III уралдааны тусгай байрын шагналтай. ОХУ-ын “Надежда” олон улсын уралдаан, “Хятад зохиолыг хэн сайн тоглох вэ” уралдааны тэргүүн байрын эзэн.

2012-2018 онд үндэсний хөгжмийн “Жонон” болон бусад хамтлагтай хамтарч гадаадын олон оронд тоглож байлаа.

2022 онд Швейцарийн Лугано хотод “Lucarno” 75 дахь удаагийн кино наадмын хүрээнд монгол үндэсний ёочин хөгжмийн хэм, хэмнэл, хурд, хүчийг гайхуулан байсан бол мөн онд Францын Страсбург хотод “L”œuvres de J.S.BACH” болон “Duo” бие даасан тоглолтоо хийсэн. Дараа жил нь Итали улсын Торино хотод Рай симфони найралтай хамтарсан “Rai musica nouva” тоглолтоо хүргэсэн юм.

2024 онд “Pagmа” цомгийнх нь нээлтийн тоглолт болсон. Жилийн дараа Рэппэр Big Gee-тэй хамтарсан “Legacy” тоглолтоо толилуулсан. 2025 онд “October” бие даасан тоглолтоо хийв.

2026 оны 10 дугаар сард ОХУ-ын Москва хотод болсон “Московская осень-46” олон улсын орчин цагийн хөгжмийн бүтээлийн фестивальд УГЗ Ш.Өлзийбаярын “Ёочин, симфони найралд зориулсан каприччио концерт”-ыг тус улсын БХЯ-ны дэргэдэх симфони оркестртой хамтарч удирдаач М.Калицкийн удирдлага дор амжилттай тоглолоо.

Уг фестивалийн үеэр Москвагийн Хөгжмийн зохиолчдын ордны Бага заалд залуу хөгжмийн зохиолч Э.Нармандахын “Цэцэгсийн нөлөө”, prismobeats-З.Мөнх-Өлзийн “Лабиринт” гэсэн, хуучир, ёочинд зориулсан өвөрмөц зохиомжтой, сонирхолтой хоршил зохиолуудын Премьера-тоглолтыг хуучирч Э.Цэндсүрэнгийн хамт тоглов.

Тоглох бүтээл:

З.Мөнх-Өлзий, Ёочинд зориулсан зохиомж

Төгөлдөр хуурч Э.Номин

Ли Бочан, Шимээр тэтгэгч бороо

Ёочинч оюутнууд:Б.Амарзаяа, Б.Энхчимэг, Ц.Оюумаа

II хэсэг. Сонгодог

  • Ж.Сүмбэр /“Дэм-Авьяастан” сургалтын төвийн суралцагч, 10 настай/

(“Шинэ Монгол”сургуулийн 5 тавдугаар ангийн сурагч тэрбээр тус төвд 2023 оноос суралцаж буй. Испани улсад болсон ”Gran Klavier” уралдаанд I байр эзэлж, Бээжин хотод зохион байгуулсан “Brahms International Music Competition”-д Special Gold Award шагнал хүртсэн. Мөн түрүү жил тус уралдааны Asian Final (Hong Kong)-ын ганцаарчилсан болон хоршил төрөл, энэ оны Asian (Korea) Future Star Piano Competition-ы гран при шагналтан)

Тоглох бүтээл:

Ф.Шопен вальс ор.64, №1

Мэргэжлийн багш БТА Б.Одгэрэл

  • Ч.Түшиг /Өсвөрийн виолончельч, МУК-ийн ЕБС-ийн сурагч/

(МУК-иос зохион байгуулдаг “Талант” олон улсын уралдаанд хоёр удаа тэргүүн байр эзэлсэн. АНУ-д зохион байгуулсан Өсвөрийн хөгжимчдийн “Crescendo” олон улсын уралдаанд I, Франц улсын “Flame” 34 дүгээр уралдаанд II байр эзэлсэн.

БНЧУ-д олон улсын өсвөрийн виолончельчдийн дунд зохион байгуулдаг уламжлалт Хераны нэрэмжит уралдааны тусгай байрын шагналтан. Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн)

Тоглох бүтээл:

Даниэль ван Гоэнс “Скерцо”

Мэргэжлийн багш Д.Амармэнд

Төгөлдөр хуурч Б.Номингуа

  • Н.Саруул /МУК-ийн ЕБС-ийн ахлах ангийн сурагч/

(Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын болон УГЗ Ч.Сангидоржийн нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцсон.

“Кима” олон улсын уралдааны II байрын шагналтан. Итали улсад болдог Олон улсын хөгжимчдийн уламжлалт “IBLA Grand Prize” уралдаанд II байр эзэлж, Унгарын “Bartók World Competition”-ын тусгай байрын шагналтан болсон. “Piano duo” уралдааны II, БНЧУ-ын “Smetana international piano competition”-ы III байрын эзэн.

Түрүү жил Япон улсад болсон С.Рахманиновын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, диплом хүртсэн. Энэ онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд IV байр эзэлсэн.

Тоглох зохиол:

Ф.Лист, Концертын этюд (Transcendental Etudes No.4. Mazeppa)

Мэргэжлийн багш БТА, СТА Б.Ариунаа

  • Т.Марал /МУК-ийн төгсөх курсын оюутан/

(Консерваторийн шилдэг оюутан тэрбээр 2017 онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн 11 дүгээр уралдаанд тусгай байр эзэлснээс эхлээд оролцсон уралдаан бүртээ өндөр амжилт үзүүлж ирсэн.

“И.С.Бах- ХХI зууны хөгжмийн өргөл” VI нээлттэй уралдааны мэргэжлийн “Б” ангилалд III байр эзэлсэн. Тухайн жилээ уран бүтээлийн бие даасан тоглолт хийсэн.

Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын IV уралдааны насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөн 2 дугаар шатанд тэнцсэн. “Норовбанзад сан”-гаас төгөлдөр хуурчдын дунд зохион байгуулсан уралдааны насанд хүрэгчдийн ангилалд гран при шагналтан болсон. Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Төгөлдөр хуур чавхдаст хөгжимчдийн улсын V уралдааны насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцож, МУК-ийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн нэрэмжит шагнал хүртсэн.

ОХУ-ын Улаан-Үд хотод болсон хөгжимчдийн олон улсын “Найдал-2026” уралдаанд тэргүүлсэн.Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны II байрын эзэн.

Энэ оны 10 дугаар сард уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн)

Тоглох зохиол:

Н.Капустин, концертын этюд оп.40ь №3

Мэргэжлийн багш БТА Г.Оюун-Эрдэнэ

  • Т.Гэрэлтуяа /Хийлч, МУК-ийн багш, СТА/

(ХБК, Итали улс дахь The United Word College, АНУ-ын Бостон хотын Хөгжмийн дээд сургуулийн төгсөгч тэрбээр 2014 оноос The Civic Orchestra of Chicago-д ажилласан. Дэлхийн алдарт хөгжимчин виолончельч Yo Yo Ma болон алдартай олон удирдаач, хөгжимчидтэй хамтран ажилласан.

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд дөрвөн удаа амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртэж байлаа.

Итали улсын Trieste хотод зохион байгуулсан International Music Competition-ы II, III байрын эзэн. 2025 онд АНУ-ын Цагаан Ордоноос олгогддог The President Volunteer Service Award, Gold Medal -аар шагнуулсан.

“Clinton Global Initiative University” залуу манлайлагчдын уралдаанд шалгарч АНУ-ын Аризона мужид залуучуудын чуулга уулзалтад оролцсон. “Davis Foundation-ы “Project for Peace“ төслийн уралдаанд шалгарснаар Улаанбаатарт “The UB Project“ хөдөлгөөнийг “Манай гэр” болон “Боловсрол” асрамжийн төвүүдэд өрнүүлж, хүүхдүүдэд хөгжмийн мэдлэг олгож, бие даасан тоглолт хийсэн.

Чикаго хотод “Peoma” утсан хөгжмийн дөрвөлийг үүсгэн, хэд хэдэн цуврал тоглолт зохион байгуулсан. “Мusic House” school of Performing arts-д болон Чикаго хотын бага сургуулиудад багшилсан.

2022 онд АНУ-ын Техас мужийн Forth Worth Opera company-тай хамтран Монгол болон Ази хөгжмийн “Belonging” тоглолтыг зохион байгуулсан.

2024 оноос АНУ дахь анхны, монгол залуу хөгжимчдийн “Mongolian Youth Orchestra”-д удирдаач багшаар ажилласан.

Үүнээс хойш тэрбээр Camerata Chicago болон Arthemis orchestra-д ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Консерваторит багшлахын зэрэгцээ хийл хөгжмийн сургалтын “UB Strings” төвөө ажиллуулж байна)

Тоглох зохиол:

Gershwin- Heifetz It Ain’t Necessarily So from “Porgy and Bess”

Төгөлдөр хуурч СТА Э.Ундрах

  • А.Отгонболд /Тенор, “Улаанбаатар” театрын гоцлол дуучин, СТА/

(ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховойны нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XI уралдааны дэд, мөн тус улсын Ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит “Мужские голоса” олон улсын VI уралдааны III байрын шагналтан. ОХУ-ын Ардын жүжигчин Л.П.Абрамовагийн нэрэмжит “Bella Voce” олон улсын XXV уралдааны тэргүүн байрын эзэн.

П.И.Чайковскийн нэрэмжит XVII уралдаан, БНХАУ-ын “Ningbo International Vocal Competition”-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Бүгд Найрамдах Алжир Улсад зохион байгуулсан “Оросын дуурь” олон улсын сонгодог дуурийн дуулаачдын анхдугаар наадмын тэргүүн байрын эзэн.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны дуурийн манлай эрэгтэй дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын VI уралдаанд дэд байр эзэлсэн. Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал–2025” дуу, хөгжмийн наадмын дэд байрын шагналтай.

Бүгд Найрамдах Киргиз Улсад болсон “Meikin Asia 2025”, БНСУ-д зохион байгуулсан “Chungjang Music Festival 2025” олон улсын хөгжмийн наадмуудад урилгаар Монгол Улсаа төлөөлөн оролцсон.

“Authentic Mongolia” төслийн хүрээнд Австрийн алдарт Haydn, Brahms-ийн болон Mimoriten, Middle танхимуудад уран бүтээлээ толилуулсан.

Засгийн газрын “Мөнгөн мод” цомын эзэн. 2025 онд “Fiddleland Ensemble” дебют концерт, мөн Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Талын харгуй:24 романс, 24 дуучин” тоглолтод уригдан оролцсон.

“DUO TENOR” оператик поп концертыг “Улаанбаатар театр”-ынхаа тайзнаа толилуулсан)

Дуулах бүтээл:

П.И.Чайковский, “Евгений Онегин” дуурийн Ленскийн ари

Төгөлдөр хуурч СТА, БТА Б.Чулуунцэцэг

  • Х.Мягмарсүрэн /Баритон/

(2015-2024 онд УДБЭТ-т дуучнаар, дараа нь Бельгийн хаант улсын Хатан хааны нэрэмжит Opéra Royal de Wallonie театрт ажилласан.

ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гран при шагналт. ЗХУ, Азербайджаны нэрт дуучин Муслим Могамаевын нэрэмжит Дуурийн дуучдын олон улсын уралдааны II байрын эзэн. Казахстан улсад зохион байгуулсан “International Vokal art opera compitetion” олон улсын уралдаанд тусгай байр эзэлсэн. Оросын нэрт дуурийн дуучин Ф.И.Шаляпины нэрэмжит Олон улсын залуу дуурийн дуучдын II уралдааны финалист.

Нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагдын нэрэмжит Мэргэжлийн дуучдын V уралдаанд III байрт шалгарсан.

Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит Дуурийн дуулаачдын олон улсын уралдаанаас шүүгч Стэфано Торболийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн хөгжмийн зохиолчийн нэрэмжит “Сэрсэн тал” дууны уралдааны II, III байрын шагналтай.

Дуулах бүтээл:

В.А.Моцарт, “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари

Төгөлдөр хуурч Г.Анужин

Зохион байгуулагч Virtuoso Academy

Мэдээлэл 99776917, 88037007

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2026” тоглолтод 10 настай Ж.Сүмбэр оролцоно

27/11/2026
Сонгодог урлаг Урлаг

Дуурийн дуучин Г.Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ

26/11/2026
Балет Урлаг

Дэлхийг тойрч буй “Хунт нуур” бүжгэн жүжигт монгол балетчин Д.Одсүрэн гоцолж байна

25/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert” 23 дахь жилдээ болно

29/11/2026

Жесси Айзенберг найруулсан гурав дахь киногоо үзэгчдэд хүргэнэ

28/11/2026

Жон Траволта гэр бүлийнхээ нарийн боовны тэмцээнд түрүүлж байсан тухайгаа ярьж, дуртай жигнэмэгээ нэрлэлээ

28/11/2026

Селин Дион тайзнаа эргэн ирсэндээ талархаж буйгаа илэрхийллээ

28/11/2026

“GTA VI” тоглоомын орлого дөрөв хоногт 4 тэрбум ам.доллар давжээ

28/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.