Литвийн нийслэл Вильнюс хотод олон арван жилийн турш сураггүй байсан түүхэн уран зургийг хоёр иргэн хогийн савны дэргэдээс олжээ.
Литвийн зураач Римтас Калпокасын 1939 онд бүтээсэн уг зурагт тус улсын анхны хаан Миндаугасын 1253 онд хаан ширээнд заларч, титэм зүүх ёслолыг дүрсэлсэн байна.
Энэхүү бүтээлийг 1939 онд Нью-Йорк хотод зохион байгуулсан дэлхийн үзэсгэлэнгийн үеэр Литвийн павильонд дэлгэн үзүүлж байжээ. Үзэсгэлэн дууссаны дараа уг зураг Вашингтон дахь Литвийн консулын газарт хадгалагдаж байсан гэх мэдээлэл байдаг ч түүнээс хойш хаана байгааг нь тогтоож чадаагүй тул сураггүй болсон бүтээлд тооцогдох болсон юм.
Харин Дануте, Йонас Юозелскай нар хэмээх хоёр иргэн Вильнюс хотын Жверинас дүүргийн Бирутес гудамж орчмын хогийн савны дэргэдээс уг зургийг олж, Литвийн Үндэсний урлагийн музейн дэргэдэх Пранас Гудинасын сэргээн засварлах төвд хүлээлгэн өгчээ.
Музейн мэргэжилтнүүдийн үзлэгээр зураг нугаларсан боловч чийгэнд өртөөгүй, харьцангуй бага гэмтэлтэй байсныг тогтоосон байна.
Музейн удирдлагууд энэхүү олдворыг Литвийн урлаг, соёлын түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал хэмээн тодорхойлжээ. Мөн бүтээлийг сэргээн засварласны дараа олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Ийнхүү 1939 оны Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэнд Литвийг төлөөлөн оролцож байсан түүхэн зураг 85 орчим жилийн дараа эх орондоо дахин олдсон нь урлагийн ертөнцийн анхаарлыг татаж байна.

