ХҮҮХДЭЭ ЗӨВХӨН ХАЙРЛАХ БИШ, ХАЙРААРАА ДАМЖУУЛЖ СУРГАН, МЭДЛЭГ ӨГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Дээгий ийм гоё сургууль байгуулсанд баяр хүргэе. Үнэндээ Хөгжим бүжгийн сургуулиас өөр хөгжмийн сургуульд орж үзээгүй л дээ. Танайх дэгжин, хамгийн гол нь их тохилог, тав тухтай юм?
-Баярлалаа. Илүү гоё болгох гээд хичээж л байна.
-Хэзээ нээсэн юм бэ?
-Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард анх нээсэн. Гурван сар хэртэй ажиллуулж туршаад зуны амралтаар завсарлаад саяхнаас шинэ байранд төвхнөж үйл ажиллагаагаа жигдэлж байна.
-Танай сургуульд хүүхдүүд голдуу сурах уу, насны хязгаар бий юу?
-Төгөлдөр хуур, хийл, гитар, дуулах урлаг гэсэн чиглэлээр ямар ч насны хүмүүс сурч болно. Хичээл ганцаарчилсан хэлбэрээр явдаг. Монгол хүүхдүүдийн хувьд таваас дээш настай байвал илүү тохиромжтой юм байна гэж бодогдсон. Сонгодог хөгжим бол хүүхдийн зөв төлөвшилд их чухал. Хүүхдүүд компьютер, гар утаснаас салахгүй байна, өөр зүйлд сатааруулмаар байна гэж эцэг эхчүүд хэлдэг болсон өнөө цагт тэднийг сонгодог хөгжим, урлагт дуртай болгох сон, уруу татах юмсан гэж бодсон.
-Хөгжмийн сургууль нээх Дээгийгийн мөрөөдөл байв уу?
-Хөгжмөөр овоглож, энэ урлагтай салшгүй холбоотой хүн бүр урлагаа түгээх өөрийн гэсэн газартай болох юмсан гэж мөрөөддөг байх. Миний хувьд багын минь мөрөөдөл. Мөрөөдөлтэй байх сайхан ч ажил хэрэг болгох амаргүй байлаа. Бидний мэргэжил маш нарийн ур чадвар шаарддаг. Тийм болохоор сайн боловсон хүчин, сайн багш урьж ажиллуулах нь чухал. Олон жил ажилласан, туршлагатай багш нарыг авсан нь манай сургуулийн хамгийн том давуу тал.
-Багш нараа танилцуулаач?
-Хөгжмийн урлагт орос школ дээгүүрт бичигддэг. Орост сургууль төгссөн, мэргэжлээрээ олон жил ажилласан хүмүүс хамгийн сайн боловсон хүчин.
Тиймээс би сургуульдаа голдуу Орост төгссөн багш нарыг урьсан. Манай төгөлдөр хуурын Энхжаргал багш л гэхэд Орост сурсан, 32 жил ажилласан туршлагатай. Гитарын багш маань “Шар айраг” хамтлагйин Буянаа гээд дандаа мундаг хүмүүстэй хамтарч байгаа. Хийлээ би өөрөө заадаг.
-Хүмүүс танай сургалтаас аль төрлийг нь илүү сонирхож байна?
-Төгөлдөр хуур хүмүүст их ойрхон. Ямар ч насны, ямар ч мэргэжлийн хүмүүст сурахад дөхөм байдаг.
-Танай сурагчдаас хамгийн бага нь хэдэн настай вэ?
-Хамгийн бага шавь минь таван настай. Хүүхдүүдийг тав, зургаан наснаас сургахад илүү тохиромжтой. Гэхдээ охид илүү адтай байдаг болохоор дөрвөн настайгаас нь авч болох юм билээ.
-Дээгий Америкт хэсэг байсан. Тэндхийн хүмүүс хүүхдэдээ хэдэн наснаас нь хөгжимд сургадаг вэ?
-Дөрөв, таван наснаас нь урлагт хөтөлдөг. Гэхдээ нэг хөгжим сонгохгүй, 2-3 төрлийн дугуйланд явуулдаг юм. Тэндхийн хүүхдүүд их цовоо. Харин манай монгол хүүхдүүд арай бүрэг, даруу талдаа. Азийнхан ерөнхийдөө адилавтар байх. Би л гэхэд найман настайдаа сургуульд орсон. Гэхдээ өөрийгөө таниад, авьяасаа мэдэрч, дур сонирхлоо дагаад Хөгжим бүжгийн сургуульд орсон юм биш. Ээж минь л хөтөлсөн.
-Манайд саяхан болтол хөгжмийн боловсрол олгодог ганц л сургууль байлаа даа. Өнөөдөр харин хөгжмийн боловсрол олгох төв, студи олон болжээ. Дээгий мэдээж зах зээлээ судалсан байх. Хүмүүс танайд хэр хандаж байна?
-1980, 1990-ээд оны үед эцэг эхчүүдийн дунд хүүхдээ хөгжмийн боловсролтой болгоё, хөгжим тоглож сургая гэсэн бодолтой хүн элбэг байгаагүй байх. Өнөөдөр бол өөр болжээ. Хүмүүсийн намтрыг харахад ч хөгжим тоглодог, түүгээр хичээллэсэн нь илүү амжилтад хүрсэн санагддаг. Учир нь тэднийг дотоод мэдрэмж нь амжилтад хүргэсэн, энэ мэдрэмж нь хөгжмөөр илэрсэн байдаг. Ялангуяа хийл гайхалтай. Дотоод мэдрэмж, баримжааг маш гайхалтай хөгжүүлдэг. Энэ хөгжмөөрөө би үргэлж бахархдаг. Яг ийм мэдрэмжээрээ эцэг эхчүүдийг хүүхдүүддээ хөгжмийн боловсрол олгохыг уриалдаг. Хүүхдээ зөвхөн хайрлаж эрхлүүлэх биш хайраараа дамжуулж сургалт, мэдлэг өгч байх учиртай. Хүүхдэдээ боловсрол, мэдлэг олгож чадвал үр хүүхэд минь эргээд бидэнд баярлана гэдгийг хүмүүс ойлгодог учраас хөгжим сурах гэж хүн ирэхгүй байх вий гэсэн айдас надад байдаггүй. Харин ч сургуульд минь багтахгүй бол яана гэж айдаг.
-Хөгжим заах амаргүй байх даа?
-Би хүнийг шийтгэх гэж хөгжим тоглуулдаггүй, тэгж заахгүй. Би өөрөө ч тэгж тоглодоггүй. Стрессээ тайлах гэж, жаргах гэж, таашаал авах гэж хөгжим тоглодог, сонсдог. Энэ бол миний философи. Шавь нартаа ч ингэж сургадаг. Яг ийм филосифиор уран бүтээлээ сонгодог. Монголын хамгийн сайхан, хамгийн шилдэг аялгуу, уран бүтээлийг би онцолдог. Сайхан хөгжим тоглож өөрөө түүнээсээ эрч хүч авч байж сонсч буй хүндээ эрч хүч, аз жаргал, цэнгэл өгдөг. Амьдралын хар барааныг өгүүлсэн, сэтгэл түгшээсэн, дарамт учруулсан, бодолд автуулсан уран бүтээл би барагтай сонгодоггүй. Аливаа сайхан руу би өөрөө тэмүүлдэг учраас миний сургалтад хамрагдсан хүмүүс хөгжмийн урлагийг сайхан талаас нь харна гэдэгт итгэдэг. Миний сургалт тэдэнд сурах ёстой гэсэн дарамт битгий болоосой гэж боддог. Нэг сар сурахад нэг сайхан зохиолыг бүтэн тоглодог болно гэх маягаар сургалтын хөтөлбөрөө хийдэг.
-Нэг сард сурах уу?
-Сурах хугацаагаа суралцагч өөрөө сонгодог. Нэг сард хөгжим тоглоод сурчихна гэж мэдээж байхгүй. Гэхдээ урлагийн хүний хувьд үзэгчээ бэлтгэх гэдэг их чухал. Төгөлдөр хуур харсан хүн, түүнд гараа хүргэж мэдэрсэн хүн хоёр тэс өөр. Тиймээс хөгжим тоглож сурдаггүй юм гэхэд хөгжимд хайртай үзэгчийг бэлтгэж буй юм. Энэ ч бас миний нэг мөрөөдөл. Урлаг, хөгжим ойлгодог олон түмэн байхад хөгжимчин бидэнд ямар сайхан гэж санана аа.
-Дээгий “Улаанбаатар” чуулгад данстай байсан, хэвээрээ биз дээ. Эсвэл сургууль ажиллуулах гээд завсарласан уу?
-Хэвээрээ байлгүй яах вэ. “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин. Чуулгынхаа олон уран бүтээлд оролцдог, хамтарч уран бүтээл хийдэг. Саяхан, нийслэлийнхээ 375 жилийн ойгоор манайх шинэ мюзикл тавьсан.
-Чуулгын ажлын хажуугаар ийм сургууль ажиллуулж, хүмүүст хичээл заана гэдэг амаргүй байх даа?
-Өглөө, оройд цаг бүртгүүлээд явбал амжихгүй, хэцүү л дээ. Манай чуулгын дарга Р.Мөнхсайхан урлагийн хүн. Урлагийн хүн уран бүтээлээ хийх хугацаа ажлын найман цагаар хэмжигддэггүй гэдгийг тэр сайн мэддэг учраас цагаар бариад өглөө, оройд цаг бүртгээд хатуурхаад байдаггүй нь их тус болдог юм. Р.Мөнхсайхан ах ирснээс хойш манай “Улаанбаатар” чуулга их өөрчлөгдсөн. Засвар хийгээд ямар гоё болсон гээч. Танигдахын аргагүй өөрчлөгдсөн.
БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ ЭХЛЭЭД ЯГ 15 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА
-Сургуулиа ажиллуулна, чуулгадаа хөгжимдөнө гээд Дээгий хувийн уран бүтээлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?
-Ийм цаг зав хэзээд гаргана. 2011 онд “Гайхмаараа” тоглолтоо хийснээс хойш шинэ уран бүтээл хийгээгүй. Шинэ уран бүтээл шинэ тоглолт хийхэд төрдөг. Амар биш л дээ. Хүмүүс амархан бүтчихдэг юм шиг л “Дээгий, шинэ уран бүтээл хийж байна уу” гэж байнга асуудаг….
-Сайн байна уу, сонин юу байна гэдэгтэйгээ адил уу?
-Яг тийм. Би 40-50 дуу тоглож найруулга хийлгээд, дөрвөн цомог гаргаж, дэлхийд чанараараа гайхуулдаг Сингапурын студид бичүүлчихээд байхад л хүмүүс шинэ уран бүтээл нэхдэг. Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр л гэхэд бараг хоёр гуравхан дуутай биз дээ. Тэр хэдийгээ олон аймаг хошуугаараа тойрч дуулаад тоглолт хийгээд явдаг. Том одод хаана ч ийм л байдаг. Үнэхээр час хийсэн ганц, хоёр уран бүтээлээ хүмүүст тултал нь хүргэдэг. Гэтэл би өмнөх хийснээ дуусгаж мөлжиж амжаагүй байхад л манайхан “Шинэ уран бүтээл байна уу, хийсэн үү” гээд нэхээд байдаг. Энэ нь уран бүтээлчийг механик болгочихдог. Жил бүр тоглолт хийгээд л, цомог гаргаад байдаг. Уг нь бол нэг тоглолт хийгээд, түүнээ уран бүтээл болгож нутагшуулах учиртай юм.
-Уг нь дэлхийн алдартай хамтлаг, дуучдын ганц хоёр уран бүтээл нь дэлхий даяар түгж хит болдог. Ийм уран бүтээл нь л тэднийг жинхэнэ од болгож, ийм бүтээлээрээ тэр одод амьдардаг. Тухайн уран бүтээлч үгүй болсон ч уран бүтээл нь алдартай хэвээр байх жишээтэй.
-Яг тийм, гэтэл манайд өөр. Манай үзэгчид шинэ уран бүтээл л нэхээд байдаг, сонин шүү. Амьдрах тусам гэх үү, жил ирэх бүр амьдралыг үзэх үзэл, бодол өөрчлөгдөх юм даа. Анх 20 гаруйхан настай байхдаа тоглолт хийчихээд л “За дараагийн тоглолтоо хийхгүй бол болохгүй” гээд л хүмүүсийн темпээр явдаг байлаа. Миний амьдрал чинь өөрийн гэсэн темптэй юм байна, өмнө хийсэн уран бүтээлээ дахин боловсруулж улам сайжруулах ёстой юм байна гэдгээ дараа нь ойлгож эхэлсэн. Хэдийгээр ингэж боддог ч уран бүтээлч хүний сэтгэлд шинэ санаа үргэлж явдаг.
-2009 онд ХААН театрт цөөн үзэгчид зориулсан VIP тоглолт хийхэд хөгжмийн зохиолч Сансаргэрэлтэх их гоё хөгжим бичиж өгч байсан даа.
-Тийм ээ. Бид хоёр хөгжмийн гурван том бүтээл хийсэн, тэгэхэд. Тэр бүтээлүүдээ маш олон удаа тоглож, ид шидийг нь, үр жимсийг нь хүртмээр байна шүү дээ. Гэтэл чадахгүй л байна. Ингээд бодохоор би уран бүтээл хийхгүй ч байгаа юм шиг, эсвэл асар ихийг хийчихээд хүнд хүргэж чадахгүй ч байгаа юм шиг санагддаг. “Хэнтийн өндөр ууланд” хөгжмийг хүн бүрийн сэтгэлд шингэтэл хүргэсэн шигээ бүх бүтээлээ тэгж хүргэмээр байна.
-Хорь гаруйхан насандаа анхны тоглолтоо хийсэн Дээгий тэрнээс хойш хэр өөрчлөгдсөн бол, өөрчлөлт өөрт мэдрэгдэх юм уу?
-Бие даасан уран бүтээл хийж эхлээд яг 15 жил болж байгаа юм байна. Анхны тоглолтоо 1999 онд Дуурийн театрт хийгээд, удалгүй цомгоо гаргаж байлаа. Тэр үеийн Дээгий мэдээж зөндөө өөрчлөгдсөн. Эхэндээ их зоригтой байдаг юм билээ.Эрсдэлээс айхгүй, туулах замаа ч мэдэхгүй эхэлчихдэг. Одоо бол долоо буудуулсан чоно гэдэг шиг хашир болсон шиг байна.
-Ойрын үед тоглолт төлөвлөөгүй гэж ойлгож болох уу?
-Тоглолт хийлээ гэхэд бид тоглолтоо хийх гэж байгаа уран бүтээлч юм шиг, зохион байгуулагч ч юм шиг, тасалбар борлуулагч ч юм шиг л ажилладаг. Нэг тоглолт хийхийн тулд ямар их ажлын ард гардаг гэж санана. Уг нь концерт зохион байгуулдаг продакшн ажиллаад бид зөвхөн уран бүтээлдээ л анхаардаг бол өөр хэрэг. Тоглолт ч ар араас нь хийгээд, уран бүтээл ч гаргаад байж болно. Гэхдээ энэ байдлыг өөдрөг талаас нь харвал, бид өөрсдөө уран бүтээл хийхээс гадна менежмент сайтай болж байна. Нөгөө талаас нь харвал “Би яагаад ингэж өөрийгөө зовоох ёстой юм” гэж боддог, үнэндээ их зовдог. Уран бүтээл, тоглолт хийх сайхан л даа, хүн болгон баяр хүргээд л… гэхдээ л хэцүү. Амархан бол хүн болгон тоглолт хийх байсан биз.
-Өөрийн гэсэн сонсогчтой, үзэгчдэй болчихсон оддыг хүмүүс хүлээгээд байдаг юм биш үү?
-Манай Монголын орчин их сонин л доо. Онцгой хүн байх ёстой ч юм шиг, онцгой биш байх гэхээр хэн ч биш болчих ч юм шиг. Их том эргэлзээ дунд амьдардаг. Хүмүүс биднийг од гэж хардаг, од юм уу гэхээр сая хүнтэй манай хотод жинхэнэ од шиг амьдрах бололцоо байхгүй. Од шиг амьдрах боломж хэзээ бүрдэх вэ гэхээр цомгоо сая хувь борлуулсны дараа. Нэг оройн тоглолтыг 500 биш, мянга биш дорж хаяж 10 мянга, 20 мянган хүн үзэж байж баланс тэнцдэг. Мянган төгрөгөөр нэг талх худалдаж авдагтай зүйрлэх юм бол бид зуун мянган мянган төгрөг зарцуулчихаад нэг ширхэг талх авдаг. Ийм нөхцөлд урлагт үнэнхүү хайртайдаа, эсвэл цаанаасаа даалгавартай ирсэн хүмүүс л урлагт зүтгэдэг.
-Хаанаас, ямар даалгавартай ирнэ гэж?
-Бурхнаас ч юм уу, анх төрөхдөө л ийм даалгавартай, урлагт зүтгэх томилолттой ирдэг юм шиг санагддаг. 100 мянган төгрөгөөр нэг талх худалдаж авч байгаа ч урлагт зүтгэж буй нь амьдралын утга учир нь болсон хүмүүс л энэ ажлыг тасралтгүй хийдэг байх гэж боддог..
-Монголд цомог борлуулаад, тоглолт хийгээд амьдрах боломж байхгүй гэж ганц Дээгий ч биш олон уран бүтээлч хэлдэг л дээ. Тийм байхад л манай хэд хөөрхий зүтгээд л хийгээд байх нь бахармаар шүү.
-Үнэхээр тийм. Гэтэл сая цомог борлуулчихсан одын хэмжээнд биднийг хүлээж авах гээд, тэдэн шиг байлгах гээд хараад байдаг. Энэ нь хүмүүсийн буруу биш л дээ. Миний амьдралдаа үзэж харсан, уншиж дуулсан, туулсан, сонссон, идсэн, уусан, хайрласан, хайрлуулсан бүхэн хөгжимтэй минь холбоотой, их сонин. Урлагийн замыг сонгосон учраас энэ бүхэнтэй, хамгийн сайн сайхантай учирсан байдаг.
-Сургууль ажиллуулах, багшлах ямар байна. Ачаалал нэмэгдсэн үү. Бас өөр мэдрэмж төрж байна уу, хуваалцаач дээ?
-Багш нартаа хайртай, ажлынх нь хүнд хэцүүг мэддэг байсан. Одоо бүр илүү ойлгож эхэлсэн. Хамгийн наад зах нь багш хүний хоолой их хатдаг юм байна. Их энерги, хүч зарцуулдаг учраас хичээл заахад хоолой хатдагийг өөр дээрээ ирэхээр л ойлгож байгаа юм. Багш нартаа энэ тухай хэлсэн чинь яг тэгдэг, хоолой их хатдаг, юм уухаа мартчихсан байдаг гэсэн, хөөрхөн байгаа биз. Багш хүний үйлс ариун гэж би өөрийгөө урамшуулдаг юм. Тийм учраас л боломж олдож ийм сайхан байртай болоод сургуулиа байгууллаа шүү дээ гэж боддог. Би бас эндээ бямба гариг бүр ”W” гэж бүсгүйчүүдийн клуб ажиллуулдаг. Бүсгүйчүүд цуглаад алдартай хүний сайхан лекц сонсдог, тэр талаараа дэлгэрүүлэн ярилцдаг. Хүүхнүүд бид ярих, санаа бодлоо хуваалцах дуртай.
-Сургуулиа ажиллуулна, багшилна, чуулгадаа хөгжимчнөө хийнэ, зарим орой тоглолттой таарна. Ингэхээр зав чөлөө багатай болж ачаалал их байна уу гэж асуусан юм аа?
-Амаргүй шүү, дээр нь ээжийн, эхнэрийн үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ эмэгтэй хүн бүхнийг амжуулах шидтэй биз дээ.
-Сургууль дээрээ хэр их цагаа өнгөрөөдөг вэ?
-Ажлын өдрүүдэд 14-20, бямбад 10-18 цаг хүртэл ажилладаг. Нямд амардаг.
-Дээгийтэй уулзъя гэвэл энэ сургуульд дээр ирэхэд болох юм байна, тийм үү?
-Тэгнэ ээ. Аливаа хүн ажлын газартай байхыг хүсдэг биз дээ. Гэхдээ миний хувьд өглөө очиж цагаа бүртгүүлээд өдөржин тэнд суугаад байх нь сонин биш. Би ч тийм стилийн хүн биш шиг байгаа юм. Өөрийн гэсэн орчноо бүрдүүлж, тэр л орчиндоо байх дуртай. Энэ сургууль бол миний мөрөөдлийн орчин. Энэ бол миний амттай амьдрал.
-Энэ бүхнийг амжуулах, бий болгох тийм амархан биш санагдаж байна?
-Сайн нөхрийн дэмжлэг байдаг, надад. Ер нь бол юу ч хийхгүй байж бас болно. Тухайн хүний л сонголт. Зарим хүн нэг их гомдоллодог шүү дээ, энэ ч, тэр ч болохгүй байна гэж. Бас өөр хэн нэгнийг огт ажил хийгүй амар амьдраад байна ч гэдэг юм уу шүүмжилдэг. Гэтэл энэ бүгдийн уг үндсийг үзэхээр тухайн хүний сонголтоос л шалтгаалсан байдаг. Ажилдаа дарагдаад, түүндээ түүртээд стресстэж буй нь ч, юу ч хийхгүй амар тайван байгаа нь ч, хийж буй ажлаасаа таашаал авч жаргалтай байгаа нь ч бүгд тухайн хүний л сонголт. Бидний амьдралын өнөөдрийн дүр зураг бол хийсэн сонголтынхоо үр дүнг үзэж байна л гэж би боддог.
-Байгаадаа ханаж амьдар буюу таны хийсэн сонголт учраас уучлаарай гэж үү?
-Завгүй ажиллаж, ядарч байна гээд гомдолтой байгаа бол өөр сонголт хий л дээ. Тэр таны эрх. “Амьдрал ямар хүнд, ямар хэцүү юм бэ” гэхэд нь хөөрхий бас хэцүү юм даа гэж өрөвдөх ч уг үндэс нь тухайн хүний хийсэн сонголт л биз дээ.
УЛААНБААТАРЫН УНАГАН ИРГЭН УЧРААС Л “УЛААНБААТАР” ЧУУЛГАД АЖИЛД ОРСОН
-Хүү нь том болж байна уу, хөгжмөөр хичээллүүлж байгаа юу?
-Энэ намар нэгдүгээр ангид орсон.
-Нэгдүгээр ангийн хүүхдэд ээж, аавууд илүү цаг зав гаргах хэрэгтэй болдог байх?
-Олон улсын сургуульд оруулсан юм. Сургалтын хөтөлбөр нь манай сургуулиудаас их өөр юм. Багаас нь ачааллаар балбадаггүй юм билээ. Даалгавар бага өгдөг.
-Хүү тань урлагийн хүн болох нь уу?
-Үгүй байх. Өөр сонголт хийх байх. Гэхдээ миний хүү урлагт дуртай, мэдрэмж сайтай. Англиар сайн ярьдаг, мундаг хүү шүү.
-Манай сонины нэр “Улаанбаатар”. Зочдоосоо Улаанбаатар хотын анхны дурсамжийн талаар заавал асуудаг юм.
-Би Улаанбаатарт төрсөн, нийслэлийн унаган иргэн гэдгээрээ бахархдаг. Сүүлийн үед илүүтэй их бахархаж байгаа.
-Сүүлийн үед гэж онцолдог нь ямар учир байна?
-Би зиндаархаж байгаа юм биш. Манайд мундаг залуучууд олон байна. Улаанбаатарт сурч, ажиллаж буй хэрнээ “Би чинь тэр аймгийнх” гэдэг. Залуу хүмүүс хотод ирж сурч, ажиллая гэж бодолгүй л яахав. Энэ ч утгаараа Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн бараг 70 хувь нь хөдөө орон нутгийнхан байна. Бөхийн өргөөнд болж байгаа тоглолт дүүрэн үзэгчтэй харагддаг. Тэнд тоглолт үзэж байгаа хүмүүсийг харахад масс бол эд нар л юм байна гэж хардаг. Хотынхон хааччихсан юм бэ гэж боддог. Би чинь хотын хүн. “Улаанбаатар” чуулгад орсон гол сонголт минь ч үүнтэй холбоотой.
Тодорхой түвшинд гарахаар, нас нь болохоор ч гэдэг юм уу, чаддаг чаддагаараа дуу хоолойгоо гаргаж, үзэл бодлоо нэгтгэх ёстой юм билээ. “Улаанбаатар” чуулга нийслэлийн нүүр царай болох учиртай. Гэтэл энэ чуулга намайг ороход дан үндэсний хөгжим, хөдөөний хүмүүсээр дүүрэн байсан. Монгол нутаг, улс орноо илэрхийлэх үндэсний урлагаараа бахархалгүй л яах вэ. Гэхдээ энэ чинь хотын чуулга. Хот гэдэг чинь өөр. Соёл нь ч өөр байх ёстой. Тиймээс хотын өнгө аяс оруулах юм сан гэж би энэ чуулгыг сонгож орсон.
-Дээгийгийн бага нас аль дүүрэгт өнгөрсөн бэ?
-Манайх Долоон буудалд байлаа. Сүүлд 13 дугаар хороолол руу нүүсэн. Ингэж ярихаар хүмүүс “Пөөх гэр хороололд байсан юм уу” гэдэг юм. Тухайн үед хотын бараг 80-90-ээд хувь нь гэр хороололд амьдарч байлаа. Гэр хороолол ч өнөөдрийнх шиг ийм шороо эргэлдсэн, хогондоо дарагдсан газар байгаагүй. Нов ногоон дэнжид би өссөн. Ингэж ярихаар хүмүүс үлгэрийн юм шиг гэдэг. Миний нэг дотнын хүн “Дээгий чи битгий Долоон буудалд өссөн гэж хэлж бай, хүмүүс зөвөөр хүлээж авахгүй шүү” гэж байсан. Надад гэрт амьдарч байснаа нуух хэрэг байхгүй. Надад амьдралын бүх цаг үеүдийг мэдрэх боломж олгосон бурханд баярладаг. Тиймээс өнөөдөр би хүүгээ өөрийнхөө бага настай зүйрлээд заавал тийм байлгах гэж зүтгээд яах юм бэ. Одооны хүүхдүүдийн амьдралыг үзэх үзэл тэс өөр болсон. Амьдрал ийм амархан биш гэж хэчнээн хэлээд ч нэмэр байна уу.
-Хүүхэд насны Улаанбаатараас санаанд үлдсэн зүйл олон биз?
-Манайх 13 дугаар хороололд нүүж ирэхэд гурван өндөр баригдчихсан байсан. Тэгээд хичээлдээ өглөө бүр алхана. Эгч минь МУИС-д оюутан болохоор бид хамт алхаад эгч намайг Хөгжим бүжгийн сургуулийн өмнө орхиод цаашаа явдаг байсан. Тэгэхэд тэр хооронд автобус явах ч биш. Чингис зочид буудал баригдаж байлаа. Манай 13-ын тэр гурван өндөрт томчууд олон амьдардаг байсан юм. Батмөнх даргатай их таарна. Эхнэртэйгээ алхаж явдаг юм. Одоо ч санаанд дүр нь байдаг. Каракул малгай тавьсан ч тэр хүйтэнд чих нь ил, ороолтоо бараг бэлгэдлийн гэмээр донжтой тохчихсон явна.
Өвөл их хүйтэн болдог байлаа. Сургууль руугаа алхдаг болохоор ээж гарыг минь хайрлаад хурган дотортой бээлий өмсгөдөг байв. Тэр хүйтэнд гараа бээлийнээсээ гаргахад уур савсаад л…
-Манай Улаанбаатар их өөрчлөгдөж байгаа. Гоё болж байгаа хотоо улам гоё болгохын тулд энийг л өөрчилчих юмсан гэж боддог уу?
-Улаанбаатар минь улам бүр л гоё болж байна. Хэрвээ би ид шидтэй бол энэ баригдаж байгаа барилгуудыг бүгдийг нь дуусгачих юм сан гэж боддог. Тэгвэл бүр гоё болно. Бид баригдаж байгаа барилгын дунд, барилгын талбайд амьдарч байгаа юм шиг заримдаа санагддаг. Яагаад хүүхдийн тоглоомын ганц талбай үлдээчихгүй байшин бариад байгаа юм бол гэж ч боддог.
Одоогийн Дээгий багын Дээгий хоёр их өөр байжээ. Ангид од охид байлаа. Тэр одод алга болоод өгсөн, зарим нь сургуулиа ч төгсөөгүй. Тэгэхэд би багадаа их даруухан, бүхнийг мэдчихдэг охин байлаа. Одоо мэргэжлээрээ би л явж байх шиг байна.
-Мэргэжилдээ хайртай байсны л ач тус байх даа?
-Харин мэдэхгүй, анхнаасаа хайртай байсан гэвэл өрөөсгөл болно.
-Ер нь мэргэжлээ өөрөө сонгосон юм уу, ээж, аав нь чиглүүлсэн үү?
-Яг үнэндээ би учиргүй дурлаад энэ мэргэжлийг сонгоогүй. 16 хүртлээ дуртай дургүйгээ ч мэдэхгүй л хичээлдээ явдаг байлаа. Ээж, аавын үгнээс гардаггүй, хийх ёстой ажлаа хийдэг байсан минь намайг зөв замд хөтөлжээ гэж боддог.
Хөгжим бүжиг бол хүүхдийн авъяасыг шалгаж авдаг сургууль. Төгөлдөр хуурын ангид гайгүй боломжийн айлын хүүхдүүд ордог, хийлийн ангид ядруухан айлын хүүхдүүд ордог гэж багш нар ярьдаг байлаа. Үнэн юм билээ. Төгөлдөр хуурын ангийн хүүхдээс гэртээ төгөлдөр хууртай байхыг шаарддаг. Намайг сургуульд ороход манайх таван ханатай гэрт төгөлдөр хуур тавих уу, нормын ажилтай ээж минь төгөлдөр хуур авч өгөх үү. Юун төгөлдөр хуур нормын ажилтай, намын хуралтай гээд яваад өгнө биз дээ. Би төгөлдөр хуур, хийлийн анги хоёрт аль алинд нь тэнцсэн юм. Хийлд орвол сургуулиас хөгжим өгнө гэлээ. Тэгэхэд ээж “Хийлийн ангид нь орооч, юунд асуудаг юм” гэж байж билээ. Ингээд л хийл сурч эхэлсэн.
-Тэгээд яг хэзээнээс хөгжимдөө дурласан бэ?
-Наймдугаар анги төгсөх үед өөр болж эхэлсэн. Хөгжмийг уран сайхны талаас нь ойлгуулж, цонхыг нь нээж өгсөн хүн бол миний Уртнасан багш. Миний нүдийг нээсэн хүн шүү.
ХАР ЮБКА, ЦАГААН ЦАМЦТАЙ СТИЛИЙГ ДЭЭГИЙ Л ӨӨРЧИЛСӨН
-Хийлч гэдгийг найрал хөгжимд дуугардаг л хөгжим гэсэн бодлыг минь Дээгий эвдсэн. Олон хүн яг ингэж боддог байх гэж бодож байна. Чиний өмнө ингэж гоцлол тоглодог хийлч байсан уу, ер нь. Ардын жүжигчин Чулуун гуай найрал хөгжмөө удирдах үеэрээ нэг хэсэгт нь хийлээр гоцолж байсныг үзэж байсан?
-Байхгүй гэчихвэл өөрийгөө хэт дөвийлгөсөн болох байх, байсан л байж таарна л даа.
-Жишээ нь хийлийн гоцлолоор анхны цомгийг Дээгий гаргасан биз дээ?
-Анхны цомог, анхны тоглолтыг бол хийсэн нь үнэн шүү.
-Хар юбка, цагаан цамц өмсөөд номхон зогсч байгаад хөгжимддөг стилийг Дээгийг эвдсэн л гэж боддог…
-Цахилгаан хийлээр тоглоод эхлэхээр өөр л дөө. Сонгодог урлагийг маш их давтана, тайзан дээр гарахаар өмнө нь бүх хүн тоглочихсон, бүгд мэддэг. Үзэгчид нь ч гэсэн сонин, хөгжимчний хэзээ алдахыг хүлээгээд ч байгаа юм шиг. Нэг л түгшүүртэй орчин.
Миний амьдралын үзэл өөр. Аливаа юмыг, ямар ч ажлыг жаргаж хий. Эс бөгөөс яагаад би өөрийгөө шийтгэх ёстой юм бэ. Тайзан дээр гарахдаа яагаад хэн нэгнээс айж ичих ёстой юм бэ гэж боддог. Тайзан дээр гарахад сандрахгүй гэж байхгүй л дээ, гэхдээ өөр байя л даа гэж хичээсэн. Тэгээд ч өөрийнхөө уран бүтээлийг тоглох тэс өөр. Яаж ч тоглосон миний арга барил, миний сонголт… Өөрийнхөө мэдрэмжээр тоглодог. Би, миний гэсэн үзэл гарч ирдэг. Үүнийгээ харуулахдаа хэнээс ч айхгүй, ичихгүй.
-Дээгий ШУТИС төгссөн. Хөгжмөөр амьдрах хэцүү юм гээд ийм сонголт хийж байсан уу, үгүй юу?
-No no no (толгой сэгсрээд). Хэл хэрэгтэй байсан. Хэлтэй бол хөлтэй. Хөгжим бүжгээ төгсөөд манайхан СУИС-д орсон. Нэг л хичээл, нэг л төрлөөр явах уу яах вэ гэж бодсон. Хорвоо дэлхий уужим, баялаг шүү дээ. Хэл сурах зайлшгүй хэрэгтэй гэж бодсон. Хүн болгон англи хэл сурах гэж хичээж эхэлсэн үе чтаарсан. Хэл сурах гэж олон сургууль төгссөн дөө. Хүмүүсийн мэддэг нь л ШУТИС болохоос оройгоор их сургууль гээд гурван ч сургууль төгссөн. Америк явсан.
-Тэнд удсан бил үү?
-Бакалавраа хийчихээд ирсэн шүү дээ.
-Төгсөөд л шууд ирсэн үү?
-Тэгсэн. Тэнд амьдрах сонирхол үнэхээр байгаагүй. Монголдоо л өөрийгөө мэдэрдэг, гадаа шороо хийсч байсан ч хөөрхөн баймаар. Тэгэхэд Америкт цаг агаар сайхан, нов ногоон байхад хөөрхөн баймааргүй ч юм шиг.
-Дээгий гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
-Долоо хоногт гурваас доошгүй удаа фитнесст очих ёстой. Эмэгтэй хүний сайхан байх нууц нь өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаалдаг, хэв маягаа л зөв болгох ёстой. Энэ бол эрүүл байх үндэс.
-Дээгий үсний засалтаа их огцом өөрчилдөг. Өнөөдөр бол даруухан гоё байна.
-Баярлалаа. Ер нь би аливаа юманд би их зоримог шийдвэр гаргадаг, үүндээ ч дуртай. Гэрийнхээ тавилгын байрыг их сольдог. Нурж унатал л солино шүү дээ. Манай найзуудаас асуугаарай. Нэг ороход л өөр болчихсон, танайх ямар болчихсон юм бэ гэж найзууд минь хэлдэг. Түүн шиг бүсгүйчүүдийн элдэв ороолт, зангиалаатай, ороож зангилдаг даашинз надад зохихыг яана аа. Нэгэн хэвийн зүйлд дуртай биш. Дараа ирэхэд чинь сургуулийнхаа тавилгыг сольчихсон л байна, ирээрэй.
Ярилцсан Ц.ЭНХМАА
Эх сурвалж: “Улаанбаатарын сонин”