Жэймс Жойсын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан уншигчдад хүргэх дуртай орчуулагч О.Чинбаяр агуу зохиолчийн "Зураачийн залуугийн хөрөг" хэмээх номын нээлтээ өчигдөр/2014.11.27/ "Интер ном"-д хийлээ.
Жэймс Жойсын “Зураачийн залуугийн хөрөг” хэмээх энэхүү алдарт зохиолыг тэртээ 1914 онд бичиж дууссанаас хойш нэгэнтээ 100 жилийн ой тохиож байгаа. Анх энэхүү роман бичсэнээс хойш хоёр жилийн дараа буюу 1916 онд хэвлэгдсэн байдаг.
Сүүлийн үед Дэлхийн улс орнуудын утга зохиолын хөгжлийг нэг талаар Жеймс Жойсын бүтээлийг орчуулснаар тодорхойлдог болжээ. Тэгвэл түүний бүтээлийг орчуулсан Азийн гурав дахь орон Монгол Улс боллоо.
Ингээд Монголчуудынхаа оюунд үнэтэй хувь оруулж байгаа орчуулагч О.Чинбаяртай хэсэг хором ярилцлаа.
– Та Жэймс Жойсын цуврал “Зураачийн залуугийн хөрөг” хэмээх гурав дахь номыг орчууллаа. Өмнөх зохиолуудаасаа ялгарах онцлог нь юу байна, хоорондоо яаж холбогддог вэ?
– Энэ гурван зохиол бол хүйн холбоотой. "Дүблинxүүд" хэмээх ном нь 15 өгүүллэгээс бүрдсэн. Дүблиний иргэд, Ирландын ахуй амьдралыг харуулсан реалист чиглэлээр бичигдсэн ном.
“Зураачийн залуугийн хөрөг” роман бол Жойсын өөрийнх нь намтарчилсан роман гэж болно. Судлаад үзэхээр Стивен Дедал бол Жойс өөрөө байгаа. Энэ номонд Жойсын хүүхэд нас, идэр насны тухай өгүүлсэн байдаг. "Үлисс" дээр Стивен Дедал нь үргэлжлээд амьдраад явдаг.
"Үлисс"-ийг уншаад ойлгохгүй байгаа хүн эхлээд “Зураачийн залуугийн хөрөг” романыг унших хэрэгтэй. Хүмүүс "Үлисс"-ийг уншаад ойлгохгүй орхичихдог. "Үлисс" бол хурдан унших ном биш.
Оросын томоохон яруу найрагч Анна Ахматова таван удаа уншиж байж саял нэг ойлголоо гэсэн байдаг. Мөн Орос хэлрүү орчуулсан Оросын хоёр орчуулагч байдаг. Тэд "Үилисс"-ийн зарим хэсгүүдийг ойлгохгүй орчуулсан гэж байгаа юм. Орчуулах ёстой, дуусгах ёстой гээд дунд нь ороод гацчихдаг. Нөхдүүд заримыг нь гөрдөөд орчуулаад байж л дээ.
Миний мэдэж байгаагаар дэлхийн 14 хэл дээр орчуулагдсан байдаг. Азийн орчуулагчдаас Японы зургаан орчуулагч хувааж орчуулсан байдаг. Мөн Солонгосын орчуулагч 2009 онд орчуулсан.
Монголчууд оюуны цар хүрээ, утга зохиолын орчуулгаараа дэлхийд дээгүүр, Хятадын өмнө явж байна гэдгийг яруу найрагч Д.Ган-Очирын хэлдэг үнэн юм. “Зураачийн залуугийн хөрөг” романы хувьд “Үлисс”-ийг бодвол арай энгийн. Жишээ нь Жеймс Жойс өөрөө тэрс үзэлтэй хүн байсан учраас Библи, Христ, ертөнцийн эзнийг үгүйсгэсэн, дээрээс нь тамын орны тухай, хүн нүгэл үйлдвэл яаж тамд очдог, энэ бүх үйл явцыг их өвөрмөц маягаар дүрсэлсэн байгаа.
Үүнийг орчуулахын тулд ариун библийг судлах ажил гарсан. Орчуулагч хүн бол цаг ямагт шинэ бүтээл орчуулахдаа өөрийгөө хөгжүүлж байдаг. Танин мэдэхүйн талаасаа ч тэр, оюуны цар хүрээгээ тэлж байдаг, мэдэхгүй юмаа мэдэж авсны дараа их сайхан байдаг.
– Энэ романы орчуулгын тал дээр таны бодол?
– “Зураачийн залуугийн хөрөг” роман нь Жэймс Жойсын зохиолын гурав дахь орчуулга учир улам гаршсан, орчуулгын хувьд дээд түвшинд орчуулахыг хичээсэн. Уншигчид ч гэсэн уншаад үнэхээр тийм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх байх гэж найдаж байна.
– Монгол улсын утга зохиолын салбар дэлхийгээс 150 жилээр хоцорч байна гэсэн тодорхойлолт гарсан байна. Жеймс Жойсын 100 жилийн өмнө бичигдсэн зохиол өнөө цагт монголчуудад хэр тохирох вэ?
– Энэ бол цаг хугацааны хувьд ямар ч асуудал байхгүй. 100 жилийн дараа байлаа гээд хоцорч байгаа юм биш. Орост гэхэд “Зураачийн залуугийн хөрөг” 60, 70 оны үед гарсан. Бид нар хөгжлөөс хоцроод байгаа юм байхгүй. Одоо бол энэ үетэйгээ мөр зэрэгцэн явж байна.
Гадаадын сүүлийн үеийн сайн сайн зохиолуудыг тухайн зохиогчоос нь, эсвэл хэвлэлийн газраас нь эрхийг нь аваад хэдэн сарын дараа гараад эхэлж байгаа нь сайны эхлэл. Миний хувьд цаашдаа хуучны хүнд, сонгодог зохиолуудыг барьж авъя гэсэн зорилготой байна.
– Та Жеймс Жойсын зохиолоос гадна ямар ямар, хичнээн томоохон зохиол орчуулсан бэ?
– Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжанцангийн есөн ном, 2006 онд Ирландын зохиолч Оскар Уайльдын “Дориан Грэйний хөрөг”, 2008 онд Франц Кавкагийн “Шүүх ажиллагаа” зэрэг нийтдээ 20 гаруй ном орчуулсан.
– Жеймс Жойсын бүтээлүүдийг сонгож аваад байгаагийн учир юунд байна?
– 20-р зууны шилдэг топ 10 ном байгаагийн нэгт жагсаж байгаа ном. Хүссэн хүсээгүй Монголд орчуулагдах ёстой номны нэг гэж би ойлгож байгаа. Хүн учир хүмүүс өнөөдрийг хүртэл барьж аваагүй байсан. Миний хувь тавилан юмуу, нэгэнт сургуулийг нь төгсөөд ирсэн хүн би үүнийг барьж авахгүй бол өөр хүн орчуулахгүй юм байна гэж бодсон. Хүүхэд залуучуудад хэлэхэд “Дүблинчүүд”, “Зураачийн залуугийн хөрөг” хоёрыг эхэлж унших хэрэгтэй. Нэлээн нас бие гүйцэж байж “Үлисс”-руу орсон нь дээр.
– “Зураачийн залуугийн хөрөг” романыг орчуулахад хэр хугацаа зарцуулсан бэ, мөн Ирландад очиж судалгаа хийсэн гэлээ?
– Хагас жилийн хугацаанд орчуулсан. 2003 онд Ирланд руу тав хоног л явсан. Тэр хугацаандаа Ирландын нийгмийг танихыг оролдсон. Тэр маань эргээд энэ номыг орчуулахад тус дэм болсон.
– Баярлалаа