Ертөнц юмс үзэгдлийг өөрийнхөөрөө, өөрт төрсөн мэдрэмжээр ээ төсөөлнө гэдэг зураач хүн бүрийн хувьд нэгэн аз жаргал.
Энэхүү аз жаргалыг эдлэнхэн, уран бүтээлээ уг сэтгэлээсээ туурвин байгаа зураач М. Ган-Очирын “MASTERPIECE SOLUTION ART” уран бүтээлийн үзэсгэлэнгийн тухайд:
I. “Миний нүдээр төсөөлдөг ч болоосой” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. Хүн бүр юмс үзэгдлийг танин мэдэх, мэдрэх, харах агшин янз бүр. Ертөнцийг янз бүрийн хэлбэр дүрсээр төсөөлөн харах, урнаар сэтгэн бодох боломж бүгдэд нээлттэй.
Хүрээлэн буй орчноосоо юу харж, юу мэдэрснээ зураач бүсгүй өөрийн гэсэн арга илэрхийллээр дүрслэн илэрхийлэхийг зорин, тус бүтээлийн үзэсгэлэнд тусгажээ.
Бидний эргэн тойрон дахь байгаль ертөнц, юмс үзэгдэл, амьдрал байж байгаагаасаа бидний мэдэх тэрхүү төсөөллөөс тэс өөр байдагтай хэн ч маргахааргүй болсон тэр цаг үед бид амьдарч байна.
XX зууны эхэнд хорвоо ертөнцийг фовистууд асаж хашгирсан өнгөөр, кубистууд шоо талст хэлбэрээр, хийсвэрлэгчид биегүй дүрслэлээр төсөөлж эхэлсэн тэртээх цагаас хойш олон урсгал чиглэл өөр өөрийнхөө байр суурь, урлаг дахь хандлагаа тогтоож дүрслэлд үзэл баримтлалаа тунхагласан нь амьдрал болоод төсөөлөл хичнээн баялаг олон талт илэрхийлэлтэй болохын баталгаа болсон төдийгүй, орчин үеийн урлагийн цоо шинэ гарааны эх ийнхүү тавигдсанаар урлаг дахь олон ургальч үзэл санаа биеллээ олох онцгой дэвшилтэт цагийн эхлэл болсон юм.
Дэлхийн урлаг дахь ардчилал, тэгш эрхийн үзэл санаа Монголын зураачдын бүтээлд тусгалаа олж эхэлсэн хорь илүүтэй жилийн цаг хугацаа нь Монголын зураачдад нээлттэй бүтээл хийх өргөн боломжийг олгож эхлэв.
Залуу зураач М. Ган–Очир хорвоо ертөнцийг ер бусын өнцгөөс харж мэдэрснээ бүтээлдээ тусгасан нь үзэсгэлэнгийн бүтээлээс илэрхий харагдана. Түүний туршилт болгон нь ижилгүй төдийгүй сонирхолтой.
Зураачийн бүтээл ерөнхийдөө байгаллаг.
Байгаль дэлхийгээс хүнд төрж болох тэр л мэдрэмжийг зураач дүрслэлийн бодит бус хийсвэрлэлийн аргаар илэрхийлэв.
Тэрээр байгалийн янз бүрийн түвшин дэхь ажиглалтаас үүдсэн сэтгэгдлээ бүтээл болгох тал дээр анхаарч төвлөрсөн нь ажил хэрэг болохын үндэс нь болсон байна. Хурд дундаас ажиглагдах байгаль түүний үзэгдэл, түүнээс төрөх мэдрэмж ихэнх бүтээлийнх нь сэдэл болсон байх жишээтэй.
Байгалийг хараад хүмүүс уул ус, гол мөрөн зурдаг. Зураач, байгаль болоод цэцэг навчсаас авсан өөрийн мэдрэмжээ хийсвэрээр тусгаж бүтээлд сэдэл өгөх өчнөөн боломжий нь бүтээлчээр ашиглажээ.
Байгаль түүний эд эс болох мод, навч, цэцэгс, ус, усан дусал, цас борооноос авсан мэдрэмж, газар дээрх тогтоол ус, шилтэй усан доторхи бөмбөлөг, байгалийн баялаг өнгө гээд зураачийн бүтээлд тусгалаа олсон илэрхийлэл дүүрэн байна.
Залуу нас, залуу сэтгэлгээ л ийнхүү уран сэтгэмжээр төсөөлөн харж, илэрхийлж чадна.
II.
Өнгөний хувьд хиргүй тунгалаг, цэвэр тод, баялаг байгаллаг, нууцлаг золбоолог, шимтэй амьтай төдийгүй төрөл өнгөнүүд илүү давамгайлсан бүтээлүүд харагдана
Өнгөний шинж чанарт нь өнгийн хавтгай, өнгийн ов тов байдал төдийгүй уялдаа холбоот байдал бүтээлд ноёрхсон
Өнгийн цэгэн, толбон, хүрээн, шугаман, хурд хөдөлгөөнт, асалтат, шилжилтэт, нүүгэлдэлт гэх мэт өргөн хувилбаруудтай
Ажиллагааны хувьд өнгийн толбот, урсгалт уусгалт, зуралт сараачилт, харвалт тархалт, замхралт нүүлгэлт гэх мэт төрөл бүрийн туршилттай
Хэлбэр дүрсийн хувьд ихэнхдээ тодорхой бус геометрийн зөөлөн хэлбэрт биетүүдийн ов тов, орон зай, орон зайн алслал, цэг толбо, холбоос, хөдөлгөөн, уусалт шингэлт, үргэлжлэл тархалт, эмх цэгцэт ба бус байдал гээд хязгааргүй боломжууд
III.
Ертөнцийн эмх цэгц, зохион байгуулалт, хязгааргүй орон зай, цаг хугацаа, цагийн чимээ, цагийн цохилт, лугшилт, …
Амьд биет, төлжилт, үргэлжлэл, …
Сансар огторгуй, асар их хурд хөдөлгөөн, нүүдэл, …
Цэнгэг ус, цэнгэг агаар, усан ертөнц, тархалт, шингэлт, уусалт, …
Байгаль ээж, навч цэцэгс, хөрс ургамал, шим тэжээл, …
Орчлон ертөнц, юмс үзэгдэл хоорондын уялдаа холбоос, …
Шөнийн хот, амьдрал, хөдөлгөөн, анивчилт, …
Будрах цасан. Солонгын өнгө, ширхэг, …
Хязгааргүй, тасралтгүй, … гэх мэт ойлголтууд уран сайхны аргаар илэрхийлэгджээ
IV.
– “Masterpiece solution art” бүтээлийн үзэсгэлэн хийсвэр дүрслэлтэй ч, бүтээлийн агуулга болон санаа бодит
– Харааны агших тэлэх мэдрэмж. Хараанаас хүртэхүйд мэдэрсэн тэр л агшин, тэр л мэдрэмжийг зураач дүрслэлийн онцгой хэлээр илэрхийлэхийг зорив
– Аливааг шинээр, өөр өнцгөөс харах боломжийг үзэгчдэд нээж өгч байгаагаараа онцлог
– Үзэгчдийн дүрслэн бодох, ургуулан төсөөлөх, уран сэтгэлгээг хөгжүүлэхэд бүтээл үүрэгтэй
– Бодит байдлыг хуулбарлаагүй. Уран сэтгэмж, ургуулан бодолтоос төрсөн бүтээлүүд
– Зураачийн сонгон авсан тодорхой болон тодорхой бус геометрийн зөөлөн хэлбэрт элементүүдийн дотоод зохион байгуулалт нь ертөнцийн бүтэц зохион байгуулалтын тусгал мэт
– Зураачийн бүтээл нь бодит байдлын мөн чанарын харааны төсөөлөл мэт. Өөрөөр хэлбэл гадаад ертөнцийн нуугдмал хөдөлгөөн буюу бодит байдлыг илтгэх мэт
– Зураачийн сонгосон ов тов хэлбэрүүд нь юмс, үзэгдлийн мөн чанарын ид шидийг үзүүлэх мэт
– Зураач зотон дээр хүссэнээр ээ тодорхой бус биетүүдийг хөдөлгөн, хэзээ зогсох нь мэдэгдэхээргүй туршилт үзүүлбэр таниулсан байна
– Имперсионистуудын өнгийн дэлгэцийг зураач орон зай, хөдөлгөөнд янз бүрээр оруулан хэрэглэв
– Өнгөний өөрчлөлтөөс шалтгаалан гэрэл, зай хоорондын хязгааргүй, дуусашгүй мэт мэдрэмж бүтээлээс төрнө
– Бүтээлд тасралтгүй, тасалдашгүйн утга дүүрэн
– Үзэгчдийн сэтгэл зүйн онцлог, хүлээн авалттай холбоотойгоор бүтээл тэдэнд үйлчилнэ
– Дүрслэлийн дүр агуулга нь утгагүйгээс, боломжгүйгээс, ургуулан бодолтоос урган гарсан байна
– Бүтээл дэхь олон тооны, янз бүрийн хэлбэрээс нэг нь ч гол чухал дүр болж бусдаас ялгарч чадахгүй. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүй нь ямар ч байдлаар нэг дүрс рүү төвлөрч чадахааргүй нь тус бүтээлийн онцлог
– Бүтээлд дүр дүрслэл гэхээс илүүтэй хэмнэл, хэмнэлээс урган гарах утга, хэмнэлийн бүтээгдэх, өөрчлөгдөх, холилдох нь үндсэн сонирхол болсон байна.
– Үзэгчдийн ухамсар ой тойнд дүрслэлийн элементүүд нь бүгд хөдөлж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц
– Хэлбэр формууд нь орон зайн бэлэгдэл, төсөөлөл ч юм шиг. Орон зайн дасал болсон бэлэгдлийг өгөхдөө бус, харин сэтгэл зүйн онцгой тааламжит цочрол, хурц гялбааг үзэгчдэд өгөх зорилго бүтээлээс ажиглагдана.
Урлаг судлаач Сэнгэшадавын Чулуунцэцэг