Монголчуудыг үндэс угсаагаа дээдэлж явахыг уриалж байдаг дуучин С.Жавхлан энэ удаа хямрал нүүрлээд байгаа өнөөгийн хүнд үед баяр тэмдэглэж мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг уриаллаа. Тэрбээр энэ жил ямар нэгэн Шинэ жилийн хүлээн авалтад оролцохгүй, халтуур хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин хандивын тоглолт хийж олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болсон гэнэ. Увс аймгийн төвд 390-ээд өрх “Идэх хоолгүй байна” гэсэн судалгаа гарч, аймаг орон нутаг нь хүнсний талон олгох маягаар аргацааж байгаа аж.
С.Жавхлан “Зарим нь идэх хоолгүй байхад Шинэ жилийн баяр тэмдэглэж хэрэггүй зүйлд хөрөнгө зарцуулахаас энэ жилдээ татгалзах хэрэгтэй. Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна” гэсэн юм. Мөн тэрбээр энэ сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Монгол өлсөх учиргүй” нэртэй хандивын тоглолт хийхээр болсон тухайгаа мэдэгдлээ.