Энэ жилийн "Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт өгүүллэгээр МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын "Цоожны ганц шүдлэн" шалгарсан билээ. Эрхэм уншигч та бүхэнд тус өгүүллэгийг хүргэж байна.
"Цоожны ганц шүдлэн"
Хэтний уу аяндаа ноцчихоор их халуунд хөх түрүү, хэдгэнэ дүнгэнэлдэж, омруу, цавь руу нь зээтүүлэн шунгаснаас унаа морь дэвхцэн цавчилж, толгойгоо сэжихдээ тахимд хавчуулаатай цулбуурыг суга татуут нь, босч мордоод хониныхоо араас хатируулав. Хонины түрүүч багийн ил дээр задгай мэлмийх худгийн халиан ус руу хошуурч, хэдэн сэрх тэргүүлэн харайж хүрчээ.
Эзгүй хэдэн байшин суурь богийн хөл аяс, чимээ шуугианд цуурайтан тэрүүхэндээ суурин газрын хөг гаргаад, амь аялгуу орох шиг болох ажээ. Айлууд бүгд зусландаа гарч, шавар байшин, багийн төвийн танхим, хүн ер нь усанд орсон юм уу, үгүй юм уу, хэзээний л халуун усны байшин нэртэй жижиг цагаан байшин, хуучин муу модон пинтэй худгийн туурь, нурсан чулуун хороо, лууль шарилж багсайлдсан энэ тэрхэн ахуй амгалан налайна. Ар хойтоод нь ялимгүй гүдийх дэнж дээр алсаас өнгө муутай нь танигдаад байх жаахан гэр хий зэрэглээн дээр байгаа аятай өндөлзөн бөмбөлзөнө. Басхүү уйтгар гуниг, хүлээл, цөхрөлөөр санаа алдан царайчлах шиг санагдана. Худгийн асгар замагтуулан дэвэрсэн ус хялгалсан урсаад, мэлмэгнэн гүймэгтэх нь чив чимээгүй. Өдөр өдөрт гүнээсээ хэдий чинэн дэвлэвч, тэр дороо л халуутан бүгээтэх уснаас баглуурын мал шилэмдэх төдий болоод төдхөнөө хошууран гарч уулаадаан цувлаа. Хярын борог, хөвдөд эрүү чилж, махан тараг лаглайсан хонь, ямаа таван үе илүү ургасан хахмал багалуурт хошуу уулзуулж хужирсаа ханаад, нар сэгийг тусам илчлэн төөнөх халуун, ялаа дэлэнчээс дайжихын түүс ээ. Аргагүй л зуны хэц арын салхинд өвс сорчлох цаг улирлын малын араншин юм даа.
– “Айл байна даа, ороод гаръя” хэмээн мөнөөх сүүмэлзэгч гэр лүү дөхөж очвол, сүүлний хонхорцог нь ширэлдсэн доожоогүй хөгшин банхар сүрхий духайн харснаа хуцсан ч үгүй шогшин ирж дагав. Нүдээрээ дүүрэн нуух гоожуулж, ноолуураа гээлгүй бахлайлгасан энэ амьтанд нохой нэр л үлджээ. Өглөөн сэрүүнд явсны ортой багахан үүрэг хуурай шар харгана, уутны ихэнхи тал аргалыг анзааран, морио тушиж суутал айлаас хүн гарч ирэх нь гэрийн эзээн.
– Өчигдөр ар луу хонь дарж яваа хүн харагдсан. Та. Байж л дээ. Бөөрийн хөл рүү хонов уу даа. Ялаа барьчих гэж байгаа биз гээд мэндийн зөрөөгүй асуув.
– Жаахан хөх хомоол унагасагны ачаар танагтай л хонолоо. Ялаа халуун хоёр мөн горьгүй байна шүү. Танайх харин яажшуу зусч байдаг айл вэ?
– Зусахгүй гээд яах билээ. Цоожны нэг шүдлэнгийн эрхэнд л айл амьтны хэдэн тагз сахиж сууна даа. Орооч та! Гэхийн өнгө нь хүнтэй ярихын мөрөөс болжээ. Гэрийн зүүн хаяагаар сүйжилдэн хэвтээд, хараажаар тав зургаан нас хүрсэн хүүгээ үлгүүлж нялхамссан эхнэр хүн орж ирүүт залхуутайхан өндийж, хүүгээ түлхэн энгэрээ хумисхийв.
– Энд чинь тэгээд хэдэн цоож байдаг юм бэ?
Хар хүн толгойгоо боосон дайртай алчуураа авч, нүүрээ тойруулан арчаад,
– Нэг, хоёр, гурав гээд яс тоолохоор дөч гаруй хаалга цоож байдаг юм. Тэр болгоны цаана өмч хөрөнгө байдаг л байлгүй. Юмтай улс цоожоо баглаж баглачихаад л арилдаг. Намар олигтой юм барьж өгөх юм уу, үгүй юм уу, бүү мэд дээ. Ноднингийн айлд гурван цоожтой айл нэг амбаараас нь дусаал гоожсон гээд хоёр муу шүдлэн барьж өгсөн гэж манай энүүнд авгай нь ярьсан байна лээ гэж мөнөөх эрх нялуундаа дэлэндүүүлээстэй эхнэр рүүгээ дохиод,
– Үгүй ээ, чи! Хүнд аяганы амсар зуулгаач гэлээ. Чухам ганц аж амьжиргааны нь тухай ярьснаас уу, хавь ойртоо хүн орж ирээгүйгээс үү, угаас сэхээ сийрэг мөхөсийнх үү, үүлгэртэж суусан эхнэр аяга авч, зуухан дээрх данхнаас цийдэн цай хийж өгснийг уувал зэлгээн ажээ. Тэгээд зуухны халив дээр жигнэсэн хуурай гамбиртай тавгийг явган сандал дээр тавьж дөхүүлэв.
– – Амбаарын дээврээс дусаал гоожихыг та нар бас хариуцах ёстой юм уу?
– Цоожийг нь бүрэн бүтэн байлгахыг манаж байвал барав биш үү? Гэтэл эзэгтэй хар хүнээсээ өрсөн
– – Хө-ш та минь, хэлээд юүхэв ээ. Ядруу улсыг чинь амьтан хүмүүс зоргоороо элэг барих юм. Юу ч гэж хэлсэн эн муу сайнууд яав л гэж гэж боддог шиг байна гээд суудлаа засан мөнөөх “элэг баригсаддаа” хэлсэн юм шиг аминдаа шилбэлзлээ.
– – Эрх биш нэг булгийн амьтан ах дүү байна. Цоожныхоо нэг нэг юм бариад өгнө байлгүй дээ.
– Аа-аа.., мэдэхгүй. Хоёр дугуйт зайдалсан хонио ч мориор хариулахаа байчихсан улс харагдах юм. Моторт нь байтугай морь ч үгүй айлд атга ноолуур нь аштай юу даа, ер нь гээд өнөөнөөс нааш сонинд ороож шүлсдэж, шүлсдсэн тамхиа асаав. Авгай нь залгуулан,
– – Манай энэ гэж нэг л их тамхи татаж өдөр, сар өнгөрөөсөн хүн. Салхигүй энэ халуунд эсгийний ноос хатаагаад савбал болмоор. Тоож ноосоо саваадуулах хүн алга гэх юм. Хаашаа ч болсон түмэн олонюм бэ дээ гэж цөхрөл үнэртүүлэн үглэв. Гэтэл, чимээ авиагүй багийн төвөөс гэнэт хоёр дугуйтын мотор хавь ойрыг дэргэлзтэл цочоон асч хөдлөөд, төдхөнөө алсран холдлоо. Харин мөн чигээс ойрхоон, яаж яваад байгаа нь тойм тэмдэггүй хүний явдал, бас амандаа юм үглэмэглээд байх нь тодорч “Ойлон толгойтой аавын хүү, өвлөх хөрөнгөгүй ч хүний хүү-ээ…” хэмээн ээдэгнэж хэлгийтсэн цаанаа бядгүй агсамнал наашилсаар гадаа ирэв. Аав ээж хүү гурав агшин зуур нэг нэгнээдээ түгшүүртэй хараад, босон харайцгааж сарампай хаалгаараа босгоны тоос манаруулан чихэлдэн гарав.
– – Баячуудын архийг балга балгаар ууна аа. Өнжөөд л сав саваар авчраад хурааж байна. Энэ хэдэн цоожнуудын чинь цаана архи гэж нуур далай. Хусам ч долоогоогүй зусч байгаа хүн, малын буян байна, уучих гээд байхаар нь уучихлаа. Архи чинь рашаан биү дээ аав аа? Гэж бузгай үг сөргөснөө хүү газарт ялчгасхийтэл суулаа.
– Хусамтай хусамгүй чамайг хүн болгосон. Аагаа багтааж ядсан улсын бахыг хангаж байдаг чи бид хоёр мөн заяасан аав хүү хоёр шүү. Алтв одоо гэрийн сүүдэрт унт.
– Унтахгүй ээ. Халуун газар их унтахаар харангадаж үхдэг гэж та хэлсэн. Би үхмээргүй байна. Цэрэгт л явмаар байна.
– Нас чинь болоогүй. Зарлан нь ирэхээр явуулна. Одоо унт.
– Би хэзээ ирэх нь мэдэгдэхгүй хэдэн шүдлэнгийн хий хошного сахиж, нар сар сарласан навсархай дөрвөн ханатад суумааргүй байна. Хар цай, хатсан гамбиртай энэ халуунд шатаж үхлээ. Ойлон толгойтой, оочих аягагүй, өвлөх хөрөнгөгүй хүни хүү гэдэг хэцүү юм аа хэмээгээд гэнт огиулан бөөлжлөө. Тэгээд амнаасаа шүлс бөөлжис савируулан,
– Ээж таны барааг нь хараад үхвэл барав гэдэг чинь ч байдаг юм.
Ээж нүдээ гялалзуулан гайхалзаж, хомхойхон “Юу тэр вэ” гэхдээ хамар духны нь хөлс бөнжигнөжээ.
– Яагаав дээ яагаав. Аав тууварт яваад ирэхэд богцноос нь гоожоод гээгдчихсэн гэж ярьдаг гос даавуу. Би Амбаагийн амбаарыг ганцхан хөшчихөөд авчихсан. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй, их гоё. Та ороод үз дээ. Нэг шүдлэнгээр тийм даавууг солиод яасан ч яадаг юм гээд хөлчиж согтсоноос сүүмгэртсэн гэнэхэн нүдээрээ их хэрэг бүтээсэн хүн шиг, баярлаж байна уу гэсэн шиг ээжээдээн тогтоож харав.
Энэ үгийг сонссон ээж их л уярангуйгаар хүүгийнхээ амны шүлсийг арчиж байснаа, гэнэт байдгаараа далайн алгадаж
– Үгүй ээ, юу гэнэв ээ ороолон чинь, энэ хэдэн цоожийг онгойлгоод, хамаг амьтны юм онгичиж байгаа юм байна шүү дээ. Ээ-ээ үйл гэж. Шоронгийн хадаас болох нь уу чи, яав даа даанч хэмээн орилон хашгирснаа суунтусч, гаслан уйлж эхэллээ.
Эхийгээ хүчтэй алгадахад бөөлжсөндөө нүүр шааж унасан хүүгээ эцэг нь гэрийн сүүдэр рүү чирж, бага хүү ээжийнхээ нулимсыг арчин, эздийнхээ амьдралын гашууныг шингээсэн гулгидас бөөлжсийг хөгшин банхар урт улаан хэл гарган шалир булир долоолоо. Үд дундын халуун мэнэртэл шарж, дэлгээтэй хаалганы босгон дээр самардаж гарсан гүрвэл амныхаа энгээр аахилах ажээ.