УДБЭТ өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь тэд үзэгчдэд зориулан вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын “Оргилуун дарс” балетыг шимтэн үзэх боломжийг олгосон юм. Дуурийн театрт хүрэлцэн ирсэн зочдыг чавхдаст хөгжмийн дөрвөл сонгодог хөгжмийн хөнгөн хэмнэлээр дулаацуулан “Consonans” хамтлаг дуу хуураар хөглөн бүжгийн хамтлаг хоёрдугаар давхрын танхимд вальст урин бүжин байлаа. Сонгодог орчинд ийнхүү “Оргилуун дарс” тайзнаас оргилон үзэгчдэд хүрлээ.
“Оргилуун дарс” балетын цомнол, найруулга, дэглэлтийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва дэглэн симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглож, балетын гол дүрүүдэд гоцлооч Б.Саруул, А.Эрдэнэболд, А.Билгүдэ, О.Анужин болон залуу бүжигчид бүжив.
“Оргилуун дарс” балетын дараа ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа
–И.Штраусын “Оргилуун дарс” балет үзэгчдийн хүртээл болон энэхүү балетаар дамжуулан үзэгчид сонгодог орчинд урлагийн дарсыг хүртлээ. Шинэ бүтээл хэрхэн төрсөн бэ?
-УДБЭТ-ын уран бүтээлчдийн хувьд аль болох шинэ зүйлийг хийж, шинэлэг сайхан бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэж, түүний дагуу шинэ мэдрэмж хүргэх юмсан гэж маш их хүсдэг. Шинэ мэдрэмж гэдэг өөрөө хүн бүрийн хувьд өвөрмөц тусдаг тийм зүйл байх гэж би боддог. Магадгүй урд нь хэзээ ч очиж байгаагүй газраа очиж үзэх, өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэйгээ уулзан түүний сайхан энергийг олж мэдэх ч юм уу. Түүн шиг манай “Оргилуун дарс” хэмээх энэхүү балет сонгодог гэх нэрнээс цааргалан өмнө нь театрт ирж байгаагүй үзэгчдэд театр гэдэг чинь хүнд ямар гоё мэдрэмж өгдөг юм бэ гэдгийг мэдрэх шинэ зам боллоо гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, бид залууст зориулан хөнгөн, олон өнгийг харуулсан ийм бүтээлүүдийг хийж байгаа. Бүтээл өөрөө янз бүр байдаг. Жинхэнэ мэргэжлийн өндөр түвшинд нарийн мэргэжлийн хүмүүс үнэлж чадахуйц тийм бүтээлүүд байхад мөн энгийн үзэгч ч гэсэн түүнийг үзээд утга учрыг нь ойлгон хүлээж авч баярлаж, баясдаг бүтээлүүд ч бий. Тэгэхээр “Оргилуун дарс” бүтээл бол аль алийг нь өөртөө шингээсэн буюу мэргэжлийн үзэгчдэд болон анх удаа театрт ирж байгаа хөгжимд дуртай хүн ч гэсэн хүлээж авах тийм л бүтээл болсон гэж бодож байгаа. Манай театрын хувьд шинэ он гараад том аялан тоглолтоор уран бүтээлээ эхлэснийг уншигчид маань мэдэж байгаа. Танай сайтын уншигчид манай уран бүтээлийн талаарх мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авдагт бид их баярладаг.
-Та бүхний үзэгчдэд барих дараагийн бэлэг тань юу вэ?
-Бид энэхүү бүтээлийн дараа ОХУ-ын “Их театр”-т тоглосон “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 12-нд үзэгчдэдээ хүргэхээр бэлдсэн. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард тавьсан шинэхэн бүтээл “Төгсгөлгүй” танго балетаа дахин тоглоно. Маш олон залуус, үзэгчид энэхүү бүтээлийг дахин үзье гэсэн хүсэлтийг манай фейсбүүк хуудсаар дамжуулан бидэнд тавьсан. Тиймээс бид хоёрдугаар сарын 8-нд “Төгсгөлгүй” танго балетаа тоглоно. Хоёрдугаар сарын 8-н бол Гэгээн хайрын баярын өмнөх долоо хоногийн амралтын өдөр учраас ялангуяа залуус маань ирж үзэх байх. Тэр ч утгаараа залуустаа хайрын баярынх нь өмнөтгөл болгон энэхүү бүтээлээ дэлгэх гэж байна. Хөгжим өөрөө хил хязгааргүй урлаг учраас хэн бүхэнд л үйлчилж байдаг гайхамшигтай урлаг. Саяхан манай театрынхан фейсбүүк хуудасныхаа 3000 дахь гишүүнээ тодруулж, “Оргилуун дарс” балетын хос тасалбарыг бэлэг болгон өгсөн. Тун удахгүй 3500 дахь гишүүнээ тодруулна.
-Энэ жилийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө сонирхуулахгүй юу?
-2015 онд уран бүтээлчид маань дуурь, балет гээд гурван шинэ бүтээл тайзнаа тавихаар төлөвлөсөн байгаа. Мөн гадагшаа хийх томоохон аялан тоглолтууд төлөвлөгдсөн. Гуравдугаар сараас эхлэх тэрхүү томоохон ажлуудыг цагийг нь дөхүүлээд үзэгчдэдээ дэлгэнэ. Мөн бид ирэх гуравдугаар сард тохиох Олон улсын театрын өдрийг балетын тусгай үдэшлэгээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Түүнчлэн ирэх тавдугаар сард Монгол-Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Травиатта” дуурийг хоёр өдөр тоглох гэж байна. Тиймээс юун түрүүнд үзэгчид маань ойрхон болох тоглолтуудыг маань хүрч ирж үзээсэй, шинэ сайхан мэдрэмжүүдийг аваасай гэж хүсэж байна.
-Саяхан БНСУ-ын удирдаач монголын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийсэн. Энэхүү тоглолтын сонин сайхнаас дуулгахгүй юу?
-Нэгдүгээр сарын 15-нд БНСУ-ын Пусаны Мару олон улсын хөгжмийн наадмын ерөнхий зохион байгуулагч, Бэк Жин Хён удирдаачтай бидэнтэй хамтарч ажилласан. Өнгөрсөн есдүгээр сард манай театр Пусаны Мару олон улсын наадмын түншээр ажиллан хамтран ажиллах соёлын харилцааны эхлэлийг анх тавьж байлаа. Удирдаач Бэк Жин Хён манай уран бүтээлчидтэй хамтарсан гала тоглолт хийсэн. Үзэгчид энэ тоглолтын дараа “Танай театр дуурь, балетын тоглолтуудаас гадна хаяа ийм симфони болон гала тоглолтуудыг хийж байгаарай” хэмээн сэтгэл өндөр байсан. Энэхүү тоглолтод манай симфони хөгжмийн залуу гоцлоочид соло номеруудаа тоглосон. Учир нь эдгээр уран бүтээлчид маань энэ улиралын тоглолтын сүүлээр БНСУ-ын олон улсын наадамд уригдан оролцохоор төлөвлөөд байна.
-“Монголын алтан хоолойтнууд” тоглолт Улаан-Үүдээс Москвагийн “Их театр”-ын тайзнаа хүртэл эгшиглэсэн. Энэхүү тоглолт цаашид өөр орнуудаар аялах уу?
-Миний хувьд дэлхийн хамгийн том театруудад хийх тусгай тоглолтыг “Монголын алтан хоолойтнууд” гэж төслөөр эхлүүлсэн. Мөн театрынхаа шилдэг уран бүтээлчдийг оруулсан “Монголын гала” нэгдсэн тоглолтыг чамгүй олон газар тоглохоор хүсэлт, төслөө хүргүүлсэн. Эхнээсээ нааштай хариунууд ирсэн. Энэ оны дундуур болон оны сүүлээр манай театр олон аялан тоглолтыг хийхээр төлөвлөөд байна.
Г.Даша
Эх сурвалж: Opera.balet.mn