Германы зохион бүтээгч, инженер Карл Фредрих Бенз 1886 оны нэгдүгээр сарын 29-нд хамгийн анхны шатахуунаар явдаг автомашин зохион бүтээж орчин үеийн автомашины эхлэлийг тавьж байжээ. Энэ үеэс эхлэн дэлхийн улс орнуудын хаан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөрлөгүүд төмөр хүлгээр гангарах болсон байна.
Мөн тэдний хөлөглөдөг унаанд өөрийн гэсэн түүх бий. Зарим нь улс орныхоо эдийн засгийг дэмжих үүднээс дотоодод үйлдвэрлэсэн машинаа унадаг байсан бол зарим нь үнэтэй машинаас татгалзаж энгийн нэгэн унаа сонгодог аж. Харин заримынх нь хувьд машин тэдний аюулгүй байдлын баталагаа болдог. Ингээд дэлхийн удирдагчдын төмөр хүлгүүдийн талаарх сонирхолтой фото мэдээллийг хүргэе.
Оросын эзэн хаан асан II Николай хааны 1913 онд хөлөглөж байсан автомашин. Тэрээр францын “Delaunay-Belleville SMT” автомашиныг ихэвчлэн унадаг байсан бөгөөд 1913 онд 29, 1917 онд 46 автомашинтай байсан гэнэ.
Владимир Ленин ЗХУ-ын удирдагч болсноосоо хойш “Turcat-Mery 28”, “Delaunay-Belleville-45”, “Renault-40 CV” зэрэг автомашин хөлөглөх болжээ. Энэ бол түүнийн 1920-иод оны үед унаж байсан “Rolls Royce 40/50” юм.
Зөвлөлтийн удирдагчдын нэг Иосеф Сталин АНУ-д үйлдвэрлэсэн “Packard Twelve” төмөр хөлгийг унах дуртай байжээ. Харин 1949 оноос дотооддоо үйлдвэрлэсэн, тусгай хуягтай “ZIS-110S” автомашин унах болсон байна.
ЗХУ-ын бусад удирдагчдын нэгэн адил Никита Хрущев дотооддоо үйлдвэрлэсэн автомашин унадаг байв. Энэ бол түүний 1960-аад оны үед хөлөглөж байсан “ЗИЛ-111” автомашин аж.
1964-1982 оны хооронд Зөвлөлтийг удирдаж байсан Леонид Брежнев хамгийн анхны гар аргаар угсарсан “ЗИЛ-114” автомашиныг унадаг байжээ. Зурган дээрх төмөр хөлөг бол түүний 1976-1982 оны хооронд унаж байсан “ЗИЛ-4104” юм.
ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачев 20 гаруй автомашинтай байсан бөгөөд ихэвчлэн “ЗИЛ-4104” автомашиныг хөлөглөдөг байсан аж. Үүнээс гадна түүнд долоон ширхэг “Ил-76” онгоц байсан гэдэг.
Борис Ельцин 1991 онд Ерөнхийлөгч болохдоо хуягласан “ЗИЛ-4105” автомашин унаж байсан бол хожим “Mercedes S500 Pullman Guard”-ийг хөлөглөх болжээ.
Харин ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин “Mercedes S600 Pullman Guard” унадаг байна. Дашрамд дуулгахад, тэрээр гадаадад айлчлахдаа үргэлж өөрийн машинаар явдаг цөөхөн удирдагчдын нэг юм. Энэхүү хуягт лимузины их биеийн зузаан 60 миллиметр, бүх хаалганы жин нь 160 килограмм гэнэ. Тус төмөр хөлөг бол аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан унаа аж. Үүнээс гадна автомашины хуяг нь галт зэвсэг, гар бөмбөгийн дэлбэрэлт болон элдэв халдлагад өртсөний дараа ч хөдлөх чадвартай юм байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Жонн Кеннеди 1961-1963 оны хооронд “Lincoln Continental” хөлөглөдөг байжээ.
БНХАУ-ын удирдагч Мао Зэдун 1949 онд Зөвлөлтийн удирдагч Иосеф Сталинаас “ZIS-110” автомашин бэлгэнд авч байсан аж. Харин 1958 онд өөрийн улсдаа үйлдвэрлэсэн “FAW Hong” автомашиныг унах болсон байна.
Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгддэг Уругвайн Ерөнхийлөгч Хосе Альберто Мухикагийн хамгийн үнэтэй хөрөнгө бол 1987 онд үйлдвэрлэгдсэн энэхүү “VW Beetle” төмөр хөлөг юм. Тэрээр сарын цалин болох 12 мянган ам.долларын 90 хувийг буяны үйлсэд хандивладаг билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн л хуягласан “Cadillac Limousine” унадаг аж. Ерөнхийлөгчийн автомашины цуваанд л гэхэд 40 гаруй тээврийн хэрэгсэл багтдаг байна. Иймээс гадаадад айлчлах үеэр эдгээр унааг “Боинг С-17” цэргийн тээвэрлэгч онгоцоор авчирдаг аж.
Тэгвэл Их Британийн хатан хаан II Элизабет 2002 онд өөртөө зориулж хоёр ширхэг “Bentley Limousine” үйлдвэрлүүлжээ.
Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Jaguar XJ X351” унадаг билээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хуягласан “Renault Vel Satis” хөлөглөдөг.
Германы Канцлер Ангела Меркель хуягласан “Audi A8 L” болон BMW 760 Li E 67, “Mercedes Benz S600 Guard V 221” машинуудыг унадаг байна.
Испанийн шинэ хаан Фелипе “Rolls Royce” илүүд үздэг.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Toyota Land Cruiser” унах дуртай гэнэ.
Энэхүү тансаг зэрэглэлийн “Bugatti Veyron” автомашиныг Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов унадаг гэнэ.
Брунейн султан нэлээд олон машины цуглуулгатай аж. Төрийн ёслолын автомашин нь 1992 оны “Rolls-Royce Phantom VI” бол хувийн унаа нь “Mercedes-Benz G55 AMG” юм байна.
Эх сурвалж: Eagle.mn