Та бидний сэтгэл зүрхийг шимшрүүлж нэгийг тунгаах сэдэл төрүүлсэн маш олон гайхалтай гэрэл зургууд бий. Эдгээрээс хүн төрөлхтний сэтгэлийн нандин утсыг хамгийн ихээр хөндөж дэлхий дахинаа алдаршсан “шилдэг – 20” гэрэл зургийг хүргэж байна.
Гэрэл зургийг Их Британий гэрэл зурагчин Майк Велс 1980 онд Угандад авчээ. Энэ зургаа тэрээр 5 сар бодолд дарагдсаны эцэст “World Press Photo” гэрэл зургийн уралдаанд оролцуулахаар шийдэж байжээ. Учир нь хүмүүс өлсөж үхэж байхад энэ зургаа тэмцээнд өрсөлдүүлнэ гэдэг дэндүү хүн чанаргүй санагдсан байна. Ингээд түүний энэ бүтээл “World Press Photo”-гийн (1980) шилдэг зургаар шалгарч шагнал гардах агшиндаа тэрээр хүмүүс тэнд өлсгөлөнд нэрвэгдэж олноороо үхэж үрэгдэж байхад би энд шагнал аваад зогсож байгаадаа үнэхээр ичмээр санагдаж байсан хэмээн бичжээ.
2.
Хийн камерыг АНУ-ын хоригдлуудад цаазын ялыг гүйцэтгэх зорилгоор 1920-оод оноос олноор байгуулах болжээ. Хойд Солонгост ч гэсэн хийн камерыг хэрэглэдэг тухай цахим нэвтэрхий тольд бичсэн байна. Аушвицийн хийн камерын энэ дүр зураг бол амьдралын төлөөх цуст тэмцлийн сэтгэл шимшрүүлэм түүх юм.
3.
Суданы ардын чөлөөлөх армийн цэрэг улсынхаа тусгаар тогтнолын баярын арга хэмжээнд бэлдэж байгаа энэ зургийг 2011 оны долоодугаар сарын 5-нд авсан юм. Өмнөд Судан улс 50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгож ийнхүү Суданаас тусгаар тогтнож Өмнөд Суданы Холбооны Улсыг байгуулжээ.
4.
Өлсгөлөнд нэрвэгдсэн энэ бяцхан хүүг Михаг Геди Фара (зарим хэвлэлд Минхаж Геди Фара) гэдэг. 7 сартай боловч ердөө 3.4 кг орчим жинтэй энэ хүүгийн гэрэл зургийг 2011 онд Кенид авсан бөгөөд өлсгөлөнд нэрвэгдэж тураалдаа орсон 800.000 гаруй хүүхдийн нэг юм. Эмч нар хүүгийн үхэх сэхэх нь 50/50 хувьтай гэж үзэж байсан ч азаар хүүгийн бие сайжирсан тухай сайхан мэдээ онлайнаар тархжээ.
5.
Збигнев Релига (1938 – 2009) нь улс төрч, зүрхний мэс ажилбараар мэргэшсэн Польшийн шилдэг эмч байжээ. Түүний энэ гэрэл зургийг 1987 онд авсан бөгөөд зүрх шилжүүлэн суулгах мэс засал 23 цагийн турш үргэлжилж амжилттай өндөрлөсөн нь энэ юм. Өнөөдөр дэлхий дахинд жил бүр 5000 гаруй зүрхний мэс засал хийгддэг бөгөөд хамгийн багадаа 6 цаг зарцуулагддаг байна.
6.
Бангладешийн Савар дүүрэгт “Rana Plaza” хэмээх 8 давхар худалдааны барилга нурж 1100 гаруй хүний амийг авч одсон харамсалтай явдал 2013 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр тохиосон билээ. Энэхүү ослоос 2515 хүн амьд гарч чадсан гэсэн мэдээ байдаг. Сэтгэл шимшрүүлэм энэ зургийг Бангладешийн гэрэл зурагчин Таслима Ахтер авчээ.
7.
ОХУ-ын ахмад дайчин Дэлхийн II дайны үеэр жолоодож байсан танкныхаа өмнө хүндэтгэл үзүүлж байгааг та бид харж байна. Эх орныхоо төлөө эрэлхэгээр тэмцэж явсан танк нь одоо түүхэн хөшөө дурсгал болон үлджээ.
8.
Омайра Санчез (1972 – 1985) бол Невадо дел Руиз галт уулын дэлбэрэлтэд өртөж харамсалтайгаар амиа алдсан 25.000 хүний нэг юм. 1985 оны арваннэгдүгээр сарын 13 – 14-ний өдөр дэлбэрсэн галт уулын гэнэтийн дэлбэрэлтийн улмаас Колумбын Армеро тосгон тэр чигтээ сүйдсэн юм. Тухайн үед Омайра охин ердөө 13 настай байсан юм. Гэрэл зургийг түүнийг нас барахаас нь өмнөхөн Францын гэрэл зурагчин Фрэнк Фурнер авсан бөгөөд охин хөдөлж чадалгүй 60 гаруй цаг тарчилсаар хорвоог орхисон байна.
9.
“Apollo – 8” хөлгөөс авсан энэ зургийг сансрын нисгэгч Уильям Эндерс 1968 онд авсан байна. Өдгөө сар руу аялсан ердөө 24 сансрын нисгэгч байдаг бөгөөд анхдагчдын нэг нь Эндерс байсан юм.
10.
Энэ бол гэрэл зурагчин Майкл Клэнсигийн 1999 оны наймдугаар сарын 19-ний өдөр авсан гайхалтай гэрэл зураг юм. Итгэл тээсэн гар нэрээрээ дэлхий дахинаа танигдсан зурагт Самуэл Армас (1999.12.02 төрсөн) хүүгийн ургийн гажигийг засах мэс ажилбарын явцыг буулгажээ. Хүү тухайн үед 21 долоо хоногтой байсан бөгөөд “Spina Bifida” хэмээх ургийн гажигтай хэмээн оношлогдсон байжээ. Мэс ажилбарыг “The Vanderbilt University” их сургуулийн Dr. Жозеф Брунер ба Dr. Ноел Тулипан нар гардаж хийсэн бөгөөд эдгээр мэргэжилтнүүд нь жирэмсний явцад ургийн гажигийг засах технологийг хөгжүүлсэн хүмүүс юм.
11.
Үүргээ гүйцэтгэж буй АНУ-ын цэрэгт цай өгч байгаа энэхүү гэрэл зураг бол Ассошиэйтед Пресс агентлагийн гэрэл зурагчин, сэтгүүлч Рафик Макбулын 2009 онд авсан зураг юм. Цэргүүд Кабулын Вардак мужид Талибаны бүлэглэлийнхнийг отож байсан юм байна.
12.
Гурван настай Касси Кэйта хүү болон 31 настай эх Мариам Дэмбелэ нар нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч юм. Эх хүү хоёрын сэтгэлийн гасланг илэрхийлсэн энэхүү зургийг Италийн дэлхийд танигдсан олон улсын фотожурналист Паоло Пеллегрин авсан байна.
13.
“San Jose High School” ахлах сургуулийн орчим бол гэмт халдлага олноор гардаг хотын хамгийн аюултай бүс юм. Өнгөрөгч 2013 оны байдлаар л гэхэд өсвөр насны цөөнгүй хүүхдүүд амиа алдсан хэрэг гарсан бөгөөд зурагт дүүгээ гэмт халдлагын хохирогч болсон тухай сонссон ахын шаналалыг харуулжээ. Тэрээр миний хамгийн бага дүү минь байсан юм. Түүнийгээ босоод ирнэ гэдэгт итгэж байна. Яг одоо надад ямар хэцүү байгаагаа хэлж чадахгүй нь хэмээн нулимсаа барьж ядан хашгичиж байжээ.
14.
“The Falling Man” хэмээх энэхүү гэрэл зургийг Ассошиэйтед Пресс агентлагийн гэрэл зурагчин Ричард Дрю 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөөний 09:41:15 цагт авсан байна. Энэ хүн Нью Йоркийн худалдааны ихэр цамхагийн “The North Tower”-оос нь унаж байгаа бөгөөд террорист халдлагын үеэр хамгийн багадаа л гэхэд 200 хүн цамхагаас үсрэх эсвэл унаж нас барсан гэж үздэг байна.
15.
Сэм нэртэй энэхүү коала баавгайг гал сөнөөгч Дэвид Три Австралийн Виктория мужид гарсан ойн түймрийн үеэр олж амийг нь аварч байжээ. Харамсалтай нь 4 настай коала баавгай энэ явдлаас сар гаруйхны дараа 2009 оны наймдугаар сарын 6-ны өдөр хорвоог орхижээ. Үхлийн шалтгаан нь шээсний суваг орчимд нь байсан уйланхайг авах мэс ажилбарыг даагаагүй явдал байсан юм. Эмч нарын хэлснээр коалаг уйланхайнаасаа болж өвдөж шаналахыг харахыг хүсээгүй учраас мэс ажилбарт оруулсан нь амжилтнүй болжээ.
16.
Канадын гэрэл зурагчин Клод Детлофын (1899 – 1978) түүх болон үлдсэн маш олон гайхалтай гэрэл зургууд байдаг. Эдгээрээс “Аав аа, Намайг хүлээгээрэй!” (1940) хэмээх энэхүү зураг нь түүнийг дэлхий дахинд алдаршуулсан шилдэг бүтээл нь юм. “Life” сэтгүүлийн 1940 оны шилдэг зургаар нэрлэгдэж байсан зургийг 1940 оны аравдугаар сарын 1-ний өдөр авсан бөгөөд дайнд явсан цэрэг эрсийн “The British Columbia Regiment” хорооны тухай зураг юм. Зураг дээрх хүүг Уаррен “Уайти” Бернард гэдэг байжээ.
17.
Мумбайн цагдаагийн албанд хүчин зүтгэж байсан Лабрадор үүлдэрийн энэ нохойг Занжир гэдэг. Ясны хорт хавдраар 2000 онд хорвоог орхисон тэрээр 3329 кг тэсрэх бөмбөг, 249 гранат зэрэг маш олон удаагийн гэмт халдлагаас Энэтхэг орныг хамгаалж байсан юм. Түүнийг цагдаагийн албаныхан эцсийн замд нь ёслол төгөлдөр үдэж байна.
18.
Америкийн гэрэл зурагчин Берни Бостон (1933 – 2008) “Flower Power” хэмээх энэхүү гэрэл зургаараа дэлхийд нэр хүндтэй уран бүтээлч байжээ. Зурагт Вьетнамын дайныг эсэргүүцэн жагсагчид энхийг эрхэмлэн бууны хошуунд лиш цэцэг хатгаж байгаа дүр зургийг буулгажээ.
19.
Дэлхийг шуугиулсан энэ гэрэл зургийг “The Associated Press” агентлагийн гэрэл зурагчин Мэлком Броун (1931 – 2012) 1963 онд авчээ. Вьетнамын ерөнхийлөгч Но Дин Дием (1901 – 1963) Буддын сүсэгтнүүдийн эсрэг үзэл баримтлалтай нэгэн байсан бөгөөд тэднийг элдвээр хавчиж дарамталдаг байсан юм. Үүнийг эсэргүүцэж хувраг Тич Кван Дук (1897 – 1963) зулын гол болж улс төрийн золиосонд амиа өгчээ.
20.
Америкийн сэтгүүлч, гэрэл зурагчин Стефани Синклар гэрлэхэд дэндүү балчир бяцхан охидын амьдралын харамсмаар мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Зураг дээрх ягаан даашинзтай охиныг Тахани гэдэг. Тэрбээр Мажед гэгч өөрөөсөө 19 ах хүнтэй 6 настайдаа гэрлэсэн байна. Энэ тухайгаа эргэн дурсахдаа “Тэрнийг харах бүртээ би нуугдчихдаг байсан. Бүр харах ч хүсэл төрдөггүй. Би тэрнийг маш их үзэн яддаг.” гэсэн юм.
21.
Зурагт Өмнөд Солонгост амьдардаг өвөө Хойд Солонгост байдаг ахтайгаа салах ёс хийж байна. Өмнөд ба Умард Солонгосын Засгийн газраас жар гаруй жилийн өмнө салж хагацсан иргэддээ гурван өдөр хамт байх боломжийг өгсөн билээ. Хагас зууны турш холбоогүй явсан аав охин, ах дүүс, нэгэн гэр бүлийг уулзуулсан уулзалт баяр гунигийн хийгээд хагацлын нулимсаар өндөрлөлөө.
Эх сурвалж: bunny.mn