Өнгөрсөн онд Италийн Милан хотноо болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалтаар 11 дэх удаагийн ээлжит уулзалтыг Монгол Улс 2016 онд эх орондоо зохион байгуулах тухай олон нийтэд зарласан билээ. Монгол Улс АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулах үүднээс тус уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахлан ажиллаж байгаа юм.
Уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд өнөөдөр албан ёсны лого болон цахим хуудас болох www.asem11.mn хаягийг нээх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл ажиллаж байгаа гэдгийг дурдаад энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд улам өсөн бэхжиж, гадаадаас манай улсыг зорих ажил хэргийн хүмүүс, жуулчдын тоо нэмэгдэж, улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. Мөн энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн бүгд санаа нийлэн ажиллаж байгаад баяртай байна гэлээ.
Харин үүний дараа АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтын албан ёсны логог танилцууллаа. Өнгөрсөн сард Үндэсний зөвлөлөөс албан ёсны лого шалгаруулах уралдааныг орон даяар зарласан. Уралдаанд нийт 22 оролцогчийн 35 бүтээл ирсэн бөгөөд өнөөдөр болсон ёслолын ажиллагааны үеэр эхний гурван байрт шалгарсан уран бүтээлчдэд шагнал гардуулсан юм.
Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны уран бүтээлч С.Алтантуяагийн зохиосон лого шилдгээр шалгарсан. Түүний зохиосон логог 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болон бусад 10 гаруй салбар хуралдааны үеэр албан ёсоор байрлуулан ашиглахаас гадна дотооддоо АСЕМ-ийн үйл ажиллагааг таниулах, бэлтгэл ажлын явцыг олон нийтэд сурталчлахад давхар хэрэглэх юм.
Энэ үеэр мөн АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтын албан ёсны цахим хуудас болох www.asem11.mn хаягийг албан ёсоор нээж олон нийтэд танилцууллаа. Уг цахим хуудсыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нар албан ёсоор нээсэн.
Энэхүү цахим хуудсын талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нээлтэд оролцсон зочдод тодорхой мэдээлэл хүргэсэн юм. www.asem11.mn сайтыг АСЕМ-ийн ерөнхий логоны дэвсгэр өнгө буюу хөх өнгөөр хийсэн байна. Мөн энэ цахим хуудас бол Монголын төдийгүй олон орны иргэд, сэтгүүлч болоод энэхүү уулзалтад оролцогчдын “Ширээний ном” болно гэдгийг тэрбээр онцолсон юм. Үүнээс гадна тэрбээр өнөөдрийн энэ нээлт бол зөвхөн нүүр хуудас болон домайн нэрний нээлт гэдгийг хэлээд гурван сарын хугацаанд энэхүү сайтыг хөгжүүлж, бүрэн утгаар нь ажиллуулна гэж мэдэгдлээ.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон албан ёсны логоны талаар тодрууллаа.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: АСЕМ-ийн бэлтгэл ажил жигд явагдаж байгаа
-АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтын албан ёсны логог яаж ашиглах вэ?
-Бид 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн лого гаргаад гадаад сурталчилгаандаа ашиглаж байсан. Түүн шиг өнөөдрийн гаргасан логог төрийн болон төрийн бус бүх байгууллагууд, элчин сайдын яамдууд албан бланк, ялангуяа гадагшаа явж байгаа баримт бичгүүд болон и-мэйлийн хаяган дээрээ байнга хэрэглэж байх юм. Тэгж байж 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монголд болох гэж байгаа юм байна гэдгийг хүн бүр ойлгоно. Энэ утгаараа гадагшаа харьцдаг төрийн бус байгууллага болон сэтгүүлч нарт мөн хандаж уриалга гаргана.
-Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц хэр байна вэ?
-Үндэсний хороо долоо хоног бүр хуралдаж байгаа. Үндэсний хорооны дэргэд зургаан дэд ажлын хэсэг байгаа. Тэдгээр дэд ажлын хэсгүүд ч гэсэн тогтмол хуралдаж төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Эдгээр дэд ажлын хэсгүүдийн нэгийг нь би ахалж байгаа. Манай дэд ажлын хэсгээс хурлын агуулга, баримт бичиг гарна. Тэнд Монгол Улс өөрийн гэсэн байр сууриа тусгах ёстой. Ази, Европыг холбосон энэ том байгууллагыг дараагийн 20 жилд ямар байх ёстой талаарх зүг чигийг нь гаргаж өгөх ёстой учир энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Үүнээс гадна манай дотоодын ажлууд бас байгаа. Энэ үеэр зөвхөн дээд хэмжээний уулзалтаас гадна залуучуудын, парламентын, олон нийтийн, хөдөө аж ахуйн, дэд бүтцийн, сайд нарын гэх мэт маш олон уулзалтууд зохион байгуулагдах учраас бүгдийг нь бэлтгэх шаардлагатай байгаа. Монголын Засгийн газрын хүлээх үүрэг бол хурлын байр сууц, зочдод үйлчлэх унаа, аюулгүй байдлын асуудал, шинэ онгоцны буудлаа яаж ашиглах вэ гэдэг маш олон асуудал байгаа. Бэлтгэл бол үндсэндээ жигд, хугацаандаа явж байна.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь: АСЕМ-ийн албан ёсны цахим хуудсыг хэн ч, хаанаас ч ашиглаж болохоор хялбар бүтэцтэй хийсэн
-АСЕМ-ийн өмнөх 10 удаагийн вэб сайтуудыг харахад их энгийн, хэн ч хаанаас ч ороод харахад ойлгомжтой байхаар хийгдсэн байдаг. Тэр жишгээр бид цөөхөн цэстэй, хэрэглэхэд хялбар, мэдээллээр баялаг байх гэсэн үндсэн концепцтойгоор энэ сайтыг хийж байгаа. Мэдээж энэ цахим хуудсанд хэлний хувьд ямар нэг асуудал гарах ёсгүй. Тийм учраас Монголын дуу хоолой радиогийнхоо чадварлаг редакцийг энд ажиллуулж байгаа. Энэ сайтад мэдээж тухайн орныхоо талаарх өргөн мэдээллийг багтаасан байх ёстой. Тийм учраас Монгол Улс гэсэн тусгай цэсэн дээр зочдыг Монголд ирэхэд нь үйлчлэх унаа хөсөг, үйлчлэх хүмүүсээс эхлээд үйлчлүүлэх газруудын тухай хүртэл дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Мөн www.asem11.mn сайт зөвхөн мэдээллийн сайт биш, энэ сайтаар дамжуулж бүх оролцогчдын бүртгэл хийгдэнэ. Үүнээс гадна оролцогчид маань Монголд ирээд ямар зочид буудалд, ямар өрөөнд, ямар үнэ хөлстэйгээр орох юм бэ гэдэг бүртгэл, сонголт, төлбөрүүдээ бас энэ сайтаар хийх юм.
АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтын албан ёсны логоны талаар Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны уран бүтээлч С.Алтантуяагаас тодрууллаа.
С.Алтантуяа: Е үсэг үүсгэж байгаа гурван зураас нь гурван цагийн бэлэгдэл юм
-Логоны гол утгыг нь тайлбарлавал монгол гэрийн тооно болох дэлхийн бөмбөрцгөөр АСЕМ-ийн уулзалтыг дэлхий нийтээрээ ач холбогдол өгч, анзаарч байна гэсэн санааг илэрхийлсэн. Е үсэг үүсгэж байгаа гурван зураас нь гэрийн бүслүүр буюу өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагаар үргэлжилж байдаг гэсэн санаа юм. Өнгөний хувьд хөх өнгө бол мөнх тэнгэр болоод энх тайвны бэлэгдэл, харин улаан өнгө бол мандан бадрахыг бэлэгддэг. Мөн улаан, хөх өнгө бол Монгол Улсын төрийн далбааны өнгөтэй таарч байгаа.
Дашрамд дурдахад, Ази-Европын уулзалт (Asia-Europe Meeting) буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой 51 орон, 2 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон үйл явц юм.
АСЕМ-ын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт хоёр жил тутам болдог бөгөөд Монгол Улс 2008 оноос энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.