“Монголын нууц товчоо”-ноо эзэн Чингэс хаан нэгэн шар дэвсэг дээр гарч толбот бор морины дэл дээр ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар ирж байдаг тухай барим тавим өгүүлсэн нь бий. Үүнтэй нэгэн адилаар мэргэн зүүдний тухай баримт хаа сайгүй байдаг. Тухайлбал, Ломоносов өөрийнхөө эцгийг нэгэн арал дээр хэрхэн нас барж буйг зүүдэлсэн нь бодит байдлаас өчүүхэн ч зөрөөгүй гэдэг. Энэ тохиолдлыг телепатын сонгодог жишээ гэж үздэг.
Японы эзэн хаан Go-Daigo хаан ширээгээ алдсаны дараа зүүднийхээ ачаар Кusunoki Masashige гэгчийг өөрийн талд татсанаар ахин хаан суудалдаа заларчээ. Зүүдэлсэн түүх нь сонин. Хаантан зүүрмэглэтэл дахиад Киото дахь ордондоо оччихсон байх юм гэнэ. Бүх мөчир нь өмнө зүгрүү хандсан аварга том мод харагдана. Модны өмнөд хэсэгт гурван их сайд, бусад албан тушаалтнууд эрэмбээрээ сууна. Гол суудал нь өндөрт өргөгдсөн байх бөгөөд мөн л өмнө зүг рүү ханджээ. “Энэ эзэнгүй суудал хэнийх юм бол?” гэж хаан бодтол гэнэтхэн хоёр хүүхэд гарч ирээд “Энэ бол танд зориулсан хаан сэнтий. Жаахан ч болов суугаад үз дээ” гэж хэлчихээд агаарт уусан алга болчихов гэнэ.Хаан сэрсэн хойноо энэ бүхэн тэнгэрийн тэмдэг гэж үзжээ. Тэгээд удтал бодсоны эцэст “өмнө зүг” гэсэн ханз үсгийг “мод” хэмээх ханзтай зэрэгцүүлбэл “гаврын мод” гэсэн үг үүсэх бөгөөд кукуноки гэж дуудагдана гэдгийг ойлгожээ. Тэгээд байсан газрынхаа нэгэн ламаас ойр тойронд Кукуноки гэдэг нэртэй хүн байдаг эсэхийг асуутал үнэхээр байдаг болж таарав. Хаан түүнтэй уулзаж тусламж авснаар эргэн суудалдаа суужээ.
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн үхэхээсээ арав хоногийн өмнө буюу 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд зүүдэлсэн зүүдээ хувийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байжээ.
“Шөнө дүлээр уйлах чимээ сонсов. Цагаан ордны нэгэн танхимд орж ирээд бөөгнөрөн зогссон хүмүүсийг олж харлаа. Тэдний дундуур зүтгэсээр танхимын голд очтол Америкийн далбаагаар бүтээсэн авс байна.
-Хэнийг оршуулж байгаа юм бэ хэмээн дэргэдэх хүнээсээ асуув.
-Та мэдээгүй юм уу? Ерөнхийлөгчийг алчихсан шүү дээ гэж нөгөө хүн хэллээ” гэж уг тэмдэглэлд бичжээ.
Декарт зүүдэндээ нэгэн дэлгэмэл ном үзээд бүх шинжлэх ухааны нийлмэл буюу scientai mirabilis гэсэн нэр өгчээ. Энэ нь түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, орчин цагийн шинжлэх ухааны аргазүйн үндэс болжээ. Энэ зүүдний агуулга нь Декартын зүүдээ тэмдэглэдэг дэвтэрт бичээстэй байсан боловч хожим нь алга болжээ. Гэхдээ түүний намтар бичигч Адриен Байе энэ тухай олны хүртээл болгожээ. Түүний үгээр бол Декартын оюун санааг ямар нэгэн сүнс эзэмдэж, залхуу хойрго байна хэмээн зэмлэж, өөрийнх нь амьдралын зорилго бол байгаль ертөнцийг танин мэдэхэд математикийн зарчмуудыг ашиглаж болно, ингэж шинжлэх ухааны мэдлэгийг тодорхой, цэгцтэй болгох нь асар их ач холбогдолтой гэдэгт итгүүлсэн байна.
Менделеев химийн элементийн алдарт хүснэгтээ мөн л зүүдэндээ олсон бол Фридрих Бурдах ч бас л зүүдэндээ цусны эргэлтийн тухай санааг олсон гэдэг.
1845 онд оёдлын машин зохион бүтээсэн Еlias Howe даавууны цаад талаас утсаа татах аргаа олохгүй махаа баржээ. Тэгтэл нэг удаа баахан зэрлэгүүд түүнийг алахаар хүрээлэн бүчлээ гэж зүүдэлжээ. Тэд түүнийг тойрон зогсоод жадаараа газар тогшин бүжиглэцгээтэл жаднууд нь бүгд үзүүртэй тээглүүртэй байжээ. Тэрээр сэрэнгүүтээ мөнөөх жаднаас санаа аван зүүний сүвэгчийг нөгөө үзүүрт нь гаргаснаар асуудлыг шийдэж чаджээ.
Нильс Бор атомын цөм ба электроны бүтэц нь нарны системтэй адилхан гэж зүүдэндээ анх харжээ.
Энэтхэгийн суут тоочин Сринивас Раманужан олон нээлт хийсэн бөгөөд энэ өүхнийг зүүдэнд нь Энэтхэгийн нэгэн бурхан хүрч ирж төрөлх хэлээр нь бичиж өгдөг гэж нотолдог байжээ.
Зүүдэнд гагцхүү нээлт хийдэг ч юм биш. Урлагийн олон бүтээл агуу уран бүтээлчдийн зүүдэнд мэндэлсэн байдаг Жишээ нь алдарт Пол Маккартни “Сэрэхэд минь толгойд гайхалтай аялгуу эгшиглэсээр байлаа. Гайхалтай… Энэ ер нь юу вэ? Би орноосоо босч төгөлдөр хуур руу очлоо… Ийм зүйл зохиосон гэдэгтээ би итгэсэнгүй. Би хэзээ ч ийм юм бичиж байгаагүй шүү дээ. Гэтэл миний бичсэн аялгуу… Янз бүрийн хүмүүст дахин дахин сонсгоход минь бүгд л “Гайхамшигтай сайхан. Би чамайг бичсэн гэж бодож байна” гэцгээлээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа л би тэр аялгууг өөрийнх гэж зарлахаар шийдэж билээ” хэмээн бичсэн байдаг.