Хүн төрөлхтний түүхэнд нууц бүлэглэл, нийгэмлэгүүд оршин байсаар ирсэн. Тэдний тухай мэдээлэл хомсхон ч, заримынх нь нууц одоо л тайлагдаж байна. Эртний Мэдлэг хадгалагч «Нууцлаг 9» бол хамгийн нууц бүлэглэлүүдийн нэг юм. МЭӨ 3-р зууны үед тэдний тухай анх дурдагдсан байдаг. Маурий ба Калинг улсуудын хооронд цус асгаруулсан дайн болсны дараа Энэтхэгийн эзэн хаан Ашока амь үрэгдэгсдийн тоог дуулаад цочирджээ. Байлдан эзлэхийн тулд заавал зэвсэг хэрэглэж цус асгаруулах шаардлагагүйг, зүрх сэтгэлийг өөр аргаар татаж болно гэдгийг хаантан тэр үед л ойлгосон байх. Хүн төрөлхтний оюун санааны суут бүтээлийг хорон муу зорилгоор хэрэглэхийг Ашока хаан чандлан хоригложээ. Энэ зарлигийг нь биелүүлж буй эсэхийг хянах туйлын хэцүү гэдгийг эзэн хаан өөрөө ч сайн ойлгож байж. Иймээс хүн төрөлхтнийг өөрөөс нь хамгаалах зорилготой нууц нийгэмлэг байгуулсан нь «Нууцлаг 9»-ийн эхлэл байсан гэдэг. Энэ нийгэмлэгийн гол зорилго бол хүн төрөлхтний олж цуглуулсан ховор нандин мэдлэг, мэргэн ухаан, суут бүтээлүүд муу хүмүүсийн гарт орохоос сэргийлэн хамгаалах явдал байжээ.
Хүн төрөлхтөнд хор учруулж болзошгүй аливаа мэдлэг, шинжлэх ухааны салбаруудыг чанд нууцлахыг эзэн хаан зарлиг болгожээ. Тэр үедээ сор болсон ухаант мэргэд: одон орон судлаачид, ид шидтэнүүд, эрдэмтэд, гүн ухаантнууд эзэн хааныг тойрон хүрээлсэн байна. Тэд судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж, гэхдээ нээлт бүтээлүүдээ нууцлах ёстой байв. Зөвхөн цөөн тооны шилэгдмэл хэсэг л нууцад нэвтрэх эрхтэй байлаа.
Хүн төрөлхтөн дэвшилтэт мэдлэгийг хүлээн авч, сайн сайхны төлөө ашиглаж чадах цаг ирэхийг хүлээсээр «Нууцлаг 9» хэдэн зaуун жилийн нүүр үзжээ. Гэвч энэ бол хүнд хэцүү хөдөлмөр байв. Хүн гэгч амьтан дэндүү ухаантай, ялангуяа муу зүйл сэдсэн хүмүүс хамгаалагчдын хурц хараанаас мултрах нь элбэг. «Нууцлаг 9» хүн төрөлхтнийг дайн дажнаас ч, хөнөөлт өвчнөөс ч аварч чадсангүй.
«Нууцлаг 9»-д ямар хүмүүс орж байсан нь хамгийн тайлагдашгүй оньсого. Хэн нэгэн нь амь алдвал түүний байрыг дор нь авьяаслаг бөгөөд амаа хамхиж чаддаг өөр нэг эрдэмтэн эзэлдэг нь л тодорхой байлаа.
Талбот Мэнди 25 жилийн турш Энэтхэгийн цагдаад алба хаасан нэгэн. 1927 онд түүний бичсэн мөрдлөг ч гэх уу, эсвэл роман гэсэн ч болохоор бүтээл хэвлэгдэн гарчээ. Энэ зохиолдоо тэрээр учир битүүлэг «Нууцлаг 9»-ийн талаар олж цуглуулсан бүх материалаа дэлгэн тавьсан байна. Энэ холбооны гишүүн бүр шинжлэх ухааны аль нэг салбарт хуримтлагдсан нууц мэдлэгийг агуулсан нэг номын хамгаалагч байсан гэж тэр үзэж байгаа аж. Тэдгээр номнууд бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу шинжлэх ухааны мэдлэгийн түүвэр гэнэ.
1-р номонд сэтгэл зүйн дайн хийх арга барилыг бичсэн бөгөөд энэ нь хамгийн аюултай ном гэнэ. Учир нь, олон хүний ухаан бодлыг хянаж чадах шинжлэх ухааны туршилтуудын талаар өгүүлсэн аж. Энэ номын тусламжтайгаар ертөнцийг захирч чадах гэнэ.
2-р номонд хүний мэдрэлийн системийн тухай өгүүлсэн байдаг гэнэ. Номонд байгаа мэдлэгийг эзэмшсэн хүн гараа хүргээд л бусдыг хөнөөж чадах ажээ.
Дараагийн номонд макро болон микробиологийн тухай бичигджээ. Харин 4 дэх ном химийн шинжлэх ухаанд зориулагдсан гэнэ. Хэрвээ энэ үнэн бол тугалгыг алт болгон хувиргаж чаддаг алхимичдийн тухай яриа ор хоосон зүйл биш бололтой. 5 дахь ном дэлхий болон харь ертөнцийн холбооны тухай өгүүлсэн гэнэ. Математик, физик, ялангуяа таталцлалын хуулийн нууцын тухай 6 –р номноос мэдэж болох аж. 7 дахь номын хуудаснаас цахилгаан болон байгалийн гэрлийн тухай, 8-р номноос сансар, орчлонгийн тухай уншиж болох гэнэ. Харин 9 дэх ном хүн төрөлхтний түүхэн хөгжил, хувьслын тухай өгүүлсэн гэнэ.
Мэндигийн ном үнэхээр сонирхолтой ч, «Нууцлаг 9»-ийн тухай баримт нотолгоо тун бага үлдсэн нь харамсалтай.