Монголын дизайнерүүдийн холбооны “А” зэрэглэлийн модель, Эра модель агентлагийн тайзны алхааны багш, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогч, мисс, модель Г.Сарантунгалаг Монголын мянга мянган хүүхэд залуучуудыг эко ирээдүйг бүтээхэд уриалж “Эко ирээдүйн төлөө” сайн дурын аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт дэлхийн улс орнуудын хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа энэ цаг үед Монгол улс болон зүүн хойд Азийн орнууд дээрхи асуудалд хамгийн их анхаарал хандуулж цөлжилтийн эсрэг мод тарих, хүүхэд залуучуудын эко боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан юм.
Энэхүү гэгээлэг ажилд нь “My club”, “Залуусын давалгаа” НҮТББ-ын гишүүд дэмжигчид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тус аяны эхлэл болгож 2015 оны 9-р сарын 25-нд “Экологийн боловсролыг ирээдүйн залууст” нэртэй танхимын сургалтыг Нийслэлийн 75-р сургуулийн дунд ангийн сурагчдад явуулжээ. Энэхүү сургалтаар дэлхий дахинд тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт түүнд юу нөлөөлж байгаа болон бид энэ асуудалтай хэрхэн тэмцэж болох талаар сургалт, зөвлөгөөг амжилттай явуулжээ. Мисс бүсгүй дараагийн төлөвлөж буй ажил нь “My club”, “Ногоон ази” сан, “Мандах бүртгэл” дээд сургууль, Нийслэлийн 75-р сургууль нартай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд мод тарих, арчилж ургуулах тухай практик сургалтыг зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх юм байна.
Түүнчлэн 2015 оны 10-р сарын 4-нд “Trash Backet Challenge” арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд зохион байгуулах ажээ. Ийнхүү өөрийн гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлаж “New Face 2013” тэмцээний үндэсний ялагч “Топ модель” өргөмжлөлт, “Student miss 2015” тэмцээний гутгаар байрын мисс, “Miss international beauty 2015”, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогчоор шалгараад байгаа мисс, модель маань эх орныхоо “Эко ирээдүйн төлөө” үйл хэргээ эхлүүлээд байна.
Энэ дашрамд дурьдахад мисс, модель Г.Сарантунгалаг нь 2013 оны 6-р сард “Хоггүй туул гол минь” сайн дурын аян, 2013 оны 7-р сард, 2014 оны 9-р сард “Цацруулагч уут” сайн дурын аян, 2014 оны 9-р сард “Ээжтэй хайртай өдөрлөг” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 2014-2015 оны 9-р сард “Мартагдашгүй намар 1,2” атарын аян, 2014-2015 оны 10-р сард “Мөнх цохилох зүрх 1,2” сайн үйлсийн аян, 2015 оны 9-р сард “Эко ирээдүйн төлөө” сайн дурын аян зэрэг олон арван ажлуудын санаачлагч, зохион байгуулагч, дэмжигчээр ажиллаж ирсэн нийгмийн түүчээ болсон нэгэн юм.
www.urlag.mn