Нийслэл юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа ил тод зарлаж, өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт – 2015” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ жил тус чуулга уулзалтыг “Улаанбаатар худалдан авалт – 2016” нэртэйгээр хоёр дахь жилдээ 01 сарын 20-нд зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.
“Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Хотын хөгжил, эдийн засгийн идэвхижилтэд хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт хамгаас чухал. Тийм ч учраас хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжих боломжтойг форумын хүрээнд ярих юм.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй томоохон компани нэгдэж 2015 оны 3 дугаар сард Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжиж чадсан. Иргэний нийгмийн дуу хоолой гэхээр улс төрчид эсвэл олон нийтийн байгууллагуудын дуу хоолой байдгаас өдөр тутам бизнесийн үйл ажиллагаа явуулж, ажлын байруудыг бий болгон татвараа төлж буй нийгмийн баялаг бүтээгчдийн дуу хоолойг ерөөсөө сонсогддоггүй. Тиймээс тэднийг нэгтгэж ажиллахаар энэхүү танхимыг байгуулсан юм.
Тус танхим нь “Улаанбаатар хотыг хүн амьдрахад тав тухтай, хөрөнгө оруулахад таатай ямар нөхцөл бололцоо байж болох вэ” гэдэг дээр төр, нийслэлийн удирдлагатай нягт хамтран ажиллаж, дуу хоолойгоо өргөх, гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд зорилгоо хэрэгжүүлэх анхны арга хэмжээ нь энэхүү чуулган болж байгаа юм.
Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:00, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой.
Эх сурвалж: www.TODAY.mn