Надад гар утас л хэрэгтэй байлаа. Тухайн үед одооных шиг iphone, Samsung зэрэг ухаалаг, том дэлгэцтэй гар утас байгаагүй. Ийм утас гарч ирнэ гэж зүүдлээчгүй явсан үе. Ангийнхан бүгд л өнгөт дэлгэцтэй, стерео дугаралттай, бас тэрүүхэндээ зураг авчихдаг гар утас хэрэглэдэг байв. Харин надад байсангүй. 10 дугаар ангийн "том залуу” гар утасгүй явна гэдэг миний хувьд гутамшиг байлаа.
Утсан дээр тоглоом тоглож, дууг нь сонсч, зураг авахдаа гол нь биш. Найз нөхөдтэйгөө холбоо барих, мессеж бичих зэрэг нь л надад маш их чухал байсан юмдаг. Ер нь тэр үеийн хүүхдүүдийн гол хэрэглээ л тэр байв. Үүнээс болоод л орой бүр ээжээсээ утас нэхэж, маргалдах нь их.
Ээж "Би чамайг бусдаас дор байлгахгүйн төлөө л амьдарч байгаа. Гэвч ганцхан чи энэ гэрт амьдардаггүй шүү дээ. Хоёр дүү чинь бас элдэв юм нэхсээр л байна. Энэ болгоныг зохицуулах гэж аав, ээж хоёр нь яаж ажиллаж байгааг айлын том хүүхэд мэдмээр л юм. Бодолтой л бай. Чамд одоохондоо гар утас нэн шаардлагатай зүйл биш. Гэрийн утас байна. Бүр болохгүй бол аавынхаа утсыг гэртээ ирээд хэрэглэж болно. Тиймээс дахин энэ тухай ярихгүй шүү” гэж олон удаагийн маргааны эцэст хэлсэн юм.
Үүний дараа би ээжээсээ гар утас нэхээд нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс цорын ганц арга зам нь би өөрөө түүнийг "ямар ч аргаар” хамаагүй олж авах байв. Цорын ганц арга замыг бодож олсондоо одоо ч өөрийгөө буруутгадаг.
Дунд сургуулийн үерхэлд гар утасны "мессеж” гэгч дээгүүр байр эзэлдэг байсан үед надад тэр нь байсангүй. Энэ намайг бусдаас доор нэгэн болгож байгаа мэт санагддаг байлаа.
Одоо бодоход хэтэрхий гэнэн, бас тэнэг байж дээ. "Утас байхгүйгээс болж найзуудтайгаа уулзаж чадахгүй байна” хэмээн уурлаж, тэр орой гэрийнхээ хаалгыг савж гарсан тийм л "тэнэг” байлаа.
Гэвч тэр орой миний хувьд хэзээ ч арилгаж болохгүй тийм л хар толбыг үлдээж, даган гарах үр хөврөл нь одоо ч намайг зовоосоор байдаг. Тэр эгч "согтуу байсан” нь энд огтхон ч хамаагүй. Би л "ямар ч аргаар хамаагүй” гэсэн муухар бодолтой алхаж явсан минь буруу байсан. Бүх зүйл хоморхон зуурт л болоод өнгөрч. Нэг харсан би "хүсч байсан” гар утсаа гартаа барьчихсан гүйж байлаа. Ингээд л асуудал шийдэгдчихлээ хэмээн яасан их өөрөөрөө бахархаж байсан гээч.
Гэтэл нэг их хол гүйж чадсангүй эргүүлийн цагдаа нарт баригдчихлаа. Ингээд хэзээ ч төсөөлж байгаагүй, төсөөлөх ч шаардлагагүй хүйтэн цэвдэг "муу газар” миний л адил алдсан, эсвэл алдаагаа дахин давтсан, зарим түүнээгээ бахархал болгон ярьсан олон хөвгүүдийн хамтаар "түгжигдэв”.
Тэр шөнө би унтаж чадаагүй…
Харин маргааш өглөө нь байцаагчийн өрөөнд ороход ээж минь уйлаад сууж байлаа. Би тэсэлгүй л уйлж орхисон. Маш хэцүү байсан. Харин ээж минь намайг зэмлэхдээ бус өөрийгөө буруутган, зүхэж уйлж байсан юм.
Хэрэг явдал сунжирч сар гаруйн хугацааны дараа "анх удаа” гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч гомдолгүй болсон. Тодорхой хэмжээнд саатуулагдсан гэх шалтгаанаар надад шүүхээс "тэнсэн” ял оноож, өршөөсөн юм. Гэвч ганц удаагийн тэнэг үйлдлээсээ болоод сайн эцгийн нэрийг хамт олон дунд нь хугалж, ижийгээ олон шөнө дэрээ норгож хоносны гэм бурууг яаж ч өршөөх билээ.
Манайх нэг өрөө байраа зарж, гэр хороололд амьдрах болсон. Яагаад гэж үү, миний үйлдсэн гавьяаг цайруулж, хохирогчийг "хохиролгүй болгох” гэж тэр шүү дээ. Эцэг эхийнхээ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг гар утасны төлөө, тэнэг хүү нь үгүй хийчихсэндээ одоо ч харамсаад бардаггүй юм.
Гэтэл сүүлд нэг сонин зүйл сонсоод бүр ч ихээр өөрийгөө "зүхэх” боллоо. Юу вэ гэвэл хохирогч эмэгтэйгээс "хүүг минь уучлаач. Миний буруу” хэмээн бүтэн шөнөжин өвдөглөн суужээ, ээж минь… Намайг харанхуйд 3 хоног хоригдоход ээж минь ч адилхан хоригдож, хүн бүрийн өмнө өвдөг сөгдөн гуйж, миний хийсэн бурууг өөртөө тохож явсныг хөндлөнгийн хүний амнаас дахин сонсох шиг хэцүү зүйл энэ орчлон үгүй биз. Гэвч миний амссан зовлон гэх зүйл таны минь туулсан бүгдийн хажууд хумхын тоос билээ ээж ээ. Хүүгээ уучлаарай ээж ээ. Таны хийсэн бүгдийн дараа "уучлаарай" гэдэг үг ямар өчүүхэн, ямар хямд санагдана вэ. Намайг төрүүлэх гэж, намайг өсгөх гэж, миний гэм бурууг ухааруулах гэж бас хүүгээ өмгөөлж, буруу гишгих бүрт нь өмөлзөж, хэчнээн ч их зовоо вэ ижий минь.
Хүү нь "ухаажсан". Алхам бүрээ хянаж, алдахгүйг хичээж явна. Одоо л таныгаа жаргаах юмсан. Үндэсийг тань сайн хүмүүн болгохоо амлаж байна. Үүгээрээ л таныхаа ачыг хариулья. Өөр би яах ч билээ. Хүүгээ өршөө … Амьд бурхан минь.
Л.Тамир