Туранхай харагдахын тулд байнга хар өнгийн юм өмсөхөөс залхаж байна уу? Тэгвэл дараах 15 зөвлөгөөг уншаад үзээрэй. Хар хувцаснаас өөр олон хүчин зүйл таныг багах зэргийн дутагдлаа нуухад тус болж чадна.
1. Хөх томтой, шулуун ташаатай бүсгүйчүүд V маягийн задгай энгэр, хөхний даруулга хүртэлх ухлаадастай цамц, даашинз өмсвөл сайхан харагдана.
2. Намхан нуруутай мяраалаг эмэгтэйчүүд пальто болоод цамцыг сонгохдоо аль болох өргөн бүс, хөндлөн оёос нугалаа байхгүйг авах нь зүйтэй юм.
3. Хэт бариу биш, хэт сул биш жирийн шулуун юбка хөл болон гуяны дутагдлыг сайн хааж өгдгөөрөө давуу талтай. Шулуун юбка заавал урт байх албагүй юм. хүсвэл та өвдөгнөөс дээгүүр бошинз захиалж хийлгэсэн ч болно.
4. Мяраалаг бүсгүйчүүд маань ямар нэг тод бөгөөд том хээтэй хувцаснаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Ямарваа нэг нугалаа, хуниас зэрэг нь таны мярааг улам тодотгож харагдуулна. Жишээ нь “кальпи”-тай өмд, том том цэцгэн хээтэй цамцнаас татгалзаарай.
5. Хэрэв та ягаан өнгөнд дуртай бол завсрын буюу бүдэг ягаан өнгийг сонгох хэрэгтэй. Өмссөн хувцасны тань өнгө тод бөгөөд, эрс тэс байх тусмаа та жин нэмж харагдах болно.
6. Та үсээ жижигхэн гогцоотой буржийлгах хэрэггүй. Харин түүний оронд том том сул гогцоотой буржгар үс танд сайхан зохино. Мөн шув шулуун үсийг туршаад нэг үзээрэй. Таныг лав одооныхоосоо ч залуу харагдуулах болно.
7. Та урт хүзүүтэй бол үсээ уртавтар хэвээр нь байлгаарай. Харин богино хүзүүтэй бол үсээ цомхон бөгөөд жижгэвтэр янзалж боож байх нь зүгээр. Ингэхдээ чихээ хагас эсвэл бүтэн гаргаарай.
8. Богино хүзүүтэй бүсгүйчүүдэд том зах, битүү дөрвөлжин захтай платье, өргөн бүс зохимжгүй харагддаг.
9. Хэрэв та цээжин хэсгээрээ жижиг, харин гуя хэсгээрээ тарган бол мөрөө өргөсгөсөн хувцас өмсөх хэрэгтэй. Тэгвэл таны галбир илүү сайхан харагдах болно.
10. Мяраалаг бүсгүйчүүд маань цүнхээ сонгохдоо ч бас анхаарч байхад илүүдэхгүй. Танд жижиг, бөөрөнхийвтөр загвартай цүнхнээс илүү хавтгайдуу, тэгш өнцөгт клач маягийн цүнх лавтай зохино.
11. Харин акссесуарны тухайд та том шигтгээтэй гоёлоос аль болох татгалзаж, нарийхан бугуйвч бөгж сэлтээр өөрийгөө чимээрэй.
12. Хэрэв та том хөхнөөсөө санаа зовж явдаг бол дээгүүрээ юбканыхээ өнгөнөөс арай бүдэг, усан өнгөтэй цамц өмсөж байгаарай. Харин гуя хэсгээ нарийхан харагдуулахыг хүсвэл доогуураа дандаа бүдэгдүү өнгийн өмд, бошинз өмс.
13. Таны ямар ч хувцасны ханцуй цээжний дунд хэсэгт төгссөн байж болохгүй. Учир нь энэ нь цээжин хэсэгт илүү их анхаарал татаж, байгаагаасаа том харагдах болно.
14. Таны нүүр лийрэн хэлбэртэй бол орой дээрээ элдэв чимэг, нугалаастай малгай өмсөх нь зохимжтой юм.
15. Эцэст нь та ноосон, том нэхээс зузаан материалтай цамцнаас аль болох татгалзах хэрэгтэй. Ноолууран эдлэл таны сайн нөхөр байж чадна.