Хүүхдийн ертөнц” улсын хэмжээний хүүхдийн уран зургийн уралдааныг анх 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо зэрэг байгууллагууд жил бүр хамтран зохион байгуулдаг уламжлалтай байлаа. “Хүүхдийн ертөнц” уламжлалт уралдааныг 24 жилийн дараа буюу 2014 онд бид дахин сэргээж хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон билээ.
БCШУЯ, ХТҮГ, Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”-аас санаачлан “Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдааныг Монгол орон даяар 21 аймаг, УБ хотын 9-н дүүргийн ЕБС-ийн 6-18 насны бүх сурагчдын дунд хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авъяаслаг уран бүтээлчийг тодруулан гаргах зорилготойгоор зарласан.
Уралдааны бүтээлийг 2016 оны V/05 өдөр зохион байгуулагчдын төлөөлөл мэргэжлийн зураач, багш, урлаг судлаачдаас бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван насны ангилал тус бүрт Гранпри нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт шалгарсан шилдэг 81 бүтээлийг шалгарууллаа.
2016 оны VI/01 өдөр шилдэг 81 бүтээлийг Монголын Үндэсний Уран зургийн Галерейд ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2016” үзэсгэлэнд дэлгэн нийтийн хүртээл болгон шагналыг гардуулсан юм. Түүнчлэн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээр цаашид олон улсын гар зургийн үзэсгэлэнд оролцуулна.
Хүүхдийн зургийн уралдаанд ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдсан ба уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрт:
Гранпри I байр 1 сурагч /300.000 төгрөг/, II байр 2 сурагч /200.000 төгрөг/, III байр 3 сурагч /100.000 төгрөг/, тусгай байр 20 сурагчид өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Эхний 3 байрт шалгарсан 18 сурагчдад Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Авьяас алтан медаль, Оюун ухааны тоглоом, OУ-ын Найрамдал зусланд амрах эрх, Төрийн ордонтой танилцуулах, Чингис хааны талбайд зураг зурах эрхүүд дагалдлаа.