Уг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. Иймд буруу зөрүү юм байвал өршөөгөөрэй.
Өнөөдөр Монголд 800,0 мянга гаран айл өрх байгаагийн талаас илүүгийнх нь амьдрал ахуйг бүсгүйчүүд маань нуруун дээрээ үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж явна. Үүний цаана 200.0-300 мянган эрчүүд эхнэрээрээ тэжээлгэж 500-600 мянган хүүхдүүд ээжийн олж ирэх мөнгөнөөс шалтгаалж хоолтой хонох эсэх нь шийдэгдэж байгааг харж болохоор байна.
Гэтэл бас зовлон дуусах болоогүй үүнээс 90.0 мянга шахам бүсгүйчүүд маань "өрх толгойлсон эмэгтэй" хэмээн дуудуулж тэдний 80 хувь нь ядуу, нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна.
Өнөөдөр Монголд дайн болоогүй атал эрчүүд маань хааччихваа. Монгол эрчүүдийн багагүй хэсгийн маань хийморь, сүр сүлд яахаараа ингэж доройтож эхнэр хүүхдээ ч тэжээж дийлэхээ больж ийм хулхи, хариуцлага хүлээх дургүй, хулчгар, ноён нуруугүй, амьдрах, тэмцэх чадваргүй болчих воо. Энэ явдал нэг хоёр хүний асуудал биш нэг хэсэг Монголчуудын маань зовлон болж байгаа учраас маш нарийн судалж учир шалтгааныг нь тодруулж гарах гарц, өөрчлөх бодлогыг даруй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Одоохондоо энэ талаар бодох сэтгэлтэй, бас завтай нэг ч улс төрч, улс төрийн нам хүчин байхгүй байгаа тул бүсгүйчүүд та бүхэндээ хандахаас өөр арга алга. Монголын төр, Монгол эрчүүд яг ингэж сульдаж доройтсон үед бүсгүйчүүд маань хатамжлан босч ухаан бодол, хүчин зүтгэлээ эрчүүддээ болон улс орондоо зориулан сэргээн мандуулж байсан түүх хэдэн арваараа байна. Одоо энэ цаг нь ирж. Та нартаа бас л ачаа үүрүүлж нэгийг бодож хоёрыг хийгээч хэмээн уриалж байна.
Учир нь бидний өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд бодож байсан бодол, хийж байсан ажил үйлс, явж байсан зам мөр маань буруу байж хэмээн бодогдох болов.
1. Баян боловсролтой, гайгүй ажил төрөлтэй эрчүүдийн хойноос хүүхнүүд хошуурч байгаа бол яг ийм эмэгтэйчүүдэд нөхөр олдохоо больсон. Иймд айл бүр эрэгтэй хүүхдүүдийнхээ бие бялдар, оюун санаанд хамаг хөрөнгөө оруулсан дээр байна. Охидууд яахав айлын эхнэр хийж амьдарцгаана биз. Эр хүн тэжээх гэж зүтгэж байхаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нөхөртөө эрхэлж, униж туниж явах нь айл өрхөд ч улс оронд ч тустай.
2. Мэргэжилгүй, боловсролгүй, ажилгүй, бага цалинтай, бүтэлгүйтээд байгаа, ууртай, хартай, архичин 50-иас доош настай бүх эрчүүдийг ямар нэг их дээд сургууль, коллеж, сургалт дамжаа, бясалгалын, бүжгийн клуб, бүр болохгүй бол фитнест явуулж дахин сургаж шинэ мэргэжил эзэмшүүлж орчиныг нь, харьцдаг хүмүүсийг нь, мэдлэг боловсролыг нь, ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөх хэрэгтэй байна. Иймд эр нөхрүүдээ, аавуудаа хөөгөөд, хөтлөөд, чирээд ч болов ямар нэг юманд явуул. Ядаж үр хүүхдүүд нь энд тэнд ажилд орох, анкет бөглөхдөө миний аав ийм, тийм сургууль, сургалт дамжаа дүүргэсэн гээд нүүр бардам бичиж яваг.
3. Эрчүүдийн нуруун дээрхи ачаа нь хөнгөдхөөрөө л хийморь сүлд нь доройтож, архи дарсанд орж, ааш зан нь эвдэрч эхэлдэг. Иймд тэднийг бүү эрхлүүл. Урдуур нь орж мөнгө төгрөг олох гэж зүтгэж гадаа гарч эр болж байгаа бол бүсгүй таны буруу. Тэдэнд итгэж тэдний онгироож чадвал ертөнцийг өөрчлөх хүч эрчүүдэд бий. Тэр галыг нь бадрааж өгөх нь гэргий таны үүрэг. Иймд эр нөхөртэйгөө бүү хэрэлд, тэднийг бүү муул, тэднийг бүү загна, бүү зэмлэ, сурган хүмүүжүүлэх гэж хэзээ ч бүү оролд. Эрэгтэй хүн эхнэрийнхээ үгэнд орж засарч хүмүүжих их дургүй, та нар үүнийг хийж бараг чадахгүй байх. Хэрэв ингэж хүмүүжүүлж чадсан бол нөхөр чинь сургуультай гөлөгнөөс өөрцгүй болсон байгаа байх. Та гөлгөө тэжээх, арчлах, зугаацуулах хэрэгтэй болно. Тэр таныг харахаараа зөвхөн сүүлээ шарвахаас өөр ид шидгүй амьтан болно. Гөлөгтэй амьдармаар байна уу, жинхэнэ эр хүнтэй амьдармаар байна уу гэдгээ сайн бодож байж эр нөхрөө дахин хүмүүжүүлэх оролдлогоо хийх эсэхээ шийдээрэй.
4. Үлгэрт өвгөн шулмас гэж байдаггүй эмгэн шулам гэж гардаг. Төрөл нэгтэнтэйгээ адилхан болчихгүй байхыг хичээргээрэй. Шулмын хажууд хэн ч тогтохгүй. Харин үлгэрт өвлийн өвгөн цасан охидоо дагуулан бэлэг тарааж явдаг биз дээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн цаад мөн чанар нь тэс өөр өөр юм шүү. Одоо яригдаад байгаа "жендер" эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх энэ тэр бол тархи угааж бидний тогтоосон соёл уламжлалыг баллуурдаж арилгах гэсэн суртал ухуулга. Аягаа ээлжилж угаах бол тэгш эрх биш, харин завхарал. Харин тэгж ярих юм бол хэдэн арван зууны турш бид бүсгүйчүүддээ давуу эрх эдлүүлж ар гэр, амьдрал ахуй, эд хөрөнгө, төр улсаа хүртэл тэндэндээ итгэж даатгадаг байсан юм шүү. Манайд ирсэн гадны бизнесменүүдийн нэг ойлгодоггүй юм нь нөхөр нь улс төрд орох, амжилтанд хүрэхээрээ хамаг бизнес, үл хөдлөх хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж эхэлдэг явдал. Баруунд бол ийм юм хэзээ ч байдаггүй. Тэнд хэрэв ингэвэл шууд гудманд хөөгдөөд гардаг гэсэн. Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуучуудын ажил үйлс өөдлөөд эхлэхээрээ эхнэртээ машин авч өгдөг. Машинтай бол түүнийг нь томруулж эрхлүүлдэг. Худлаа гэвэл гадаа гудманд гараад хар.
5. Монгол хүндээ хандах, Монгол гэр бүлдээ хандах Монгол төрийн бодлого бүхэлдээ буруу явж ирсэнээс болж хөл толгойгоо олохоо больсон өнөөгийн ийм нөхцөл байдалд бид тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг тодорхойлж ирсэн улс төрийн намууд, улс төрчид үүнийг залруулж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоорой.
Сайн бодож, их ухаарал, энэрэнгүй нинжин сэтгэлээр эрчүүддээ, эрэгтэй хүүхдүүддээ хандаарай.
Д.Уламбаяр