Сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг Улаанбаатарт амьдрал бужигнасаар… Их хотын энд тэнд аз жаргал, инээд хөөр, зовлон гуниг, үхэл хагацал эн тэнцүүхэн өрнөнө. Тэр дундаас 2+2=3 буюу ихэр үрсийн ээжгүйгээр эцэгтэйгээ амьдардаг гуниг хурж, өр өмлөм амьдралын талаар бичихгүй орхиж чадахгүй нь.
Энэ бол БГД-ийн “Голден Парк” хотхоны дэргэд орших нэгэн орон сууцанд 2 ихэр хүүхэдтэйгээ амьдардаг, 32 настай залуугийн гэр бүлийн талаар юм. Ихрүүд ой 4 сартай бөгөөд ээж нь орхиж яваад 14 хонож байгаа аж. Хүний амьдрал эрээн бараан, хэнд ч юу ч тохиолдох энэ орчлонд хэн нэгнийг нь буруутгах гэж яармааргүй байна. Амьдрал гэдэг аав ээж болж тоглодог тоглоом биш. Нэгэнт аав ээж болсон л бол хариуцлагатай байх ёстой. Монгол хүн гэдэг Монголын маань хамгийн үнэтэй баялаг. Тийм болохоор үр хүүхэд төрүүлнэ гэдэг өөрийнхөө төдийгүй Монголынхоо төлөө хүлээх хариуцлага гэдгийг ойлгож ухамсарлах нь өнөөдөр хэд байна вэ?
Сайхан сэтгэлт ээжүүдийн ачаар ихэрүүд идэх хоолтой золголоо.
Ээжүүд ихэр хөвгүүдэд хүнс базааж өгсөн нь
Хоёр хүүхдийн аав Б.Цолмон уг нь ШУТИС-ийг программист мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор хүүхдүүдээ хараад ажилгүй, хөлсний байранд зутруухан амьдарч байна. Тэглээ гээд энэ зутруу байдлаа бусдад хэлсэнгүй, хэн нэгнээс тус дэм эрсэнгүй. Хоёр хүүхэд нь олон хоног хоосон байснаас харангадахад хүрчээ. Өчигдөр тэрээр нэг хүүгээ тоглоомын талбайн элсэн дээр суулгаж, тэнд хүүхдээ салхилуулж байсан нэгэн эхэд захиж орхиод нөгөө хүүгээ тэврэн хайшаа ч юм явсан байна. Гэтэл нөгөө хүү хэсэг сууж байснаа аажмаар хажуулдан унахад тэнд байсан эхчүүд сандарч юу болсныг нягталбал олон хоног хоолгүй байснаас харангадсан аж. Хүүхдээ салхилуулж байсан сайхан сэтгэлтэй ээжүүд дор бүрнээ тав арван мянган төгрөг цуглуулан ихрүүд болон аавыг нь хооллож ундалж, живх, хувцас, хүнсний материал гэх мэт ойр зуурын зүйлсээр туслажээ. Тус хотхонд байрладаг үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийнхан гэхэд л загварын баривчнаасаа хоёрыг хүүхдүүдэд өгсөн байна. Гэр оронд нь хүртэл очиж үзэн цаашид хэрхвэл зохихыг зөвлөлдсөн байна.
Ихэр хүү болон эцэгт нь тусалсан сайхан санаат ээжүүд
“Таны зоог”-ийнхон аав хүүхдүүдийг хооллолоо.
Сайхан сэтгэлт ээжүүдийн нэг, “Голден парк” хотхоны оршин суугч Б.Отгонзаяа:
– Хүүхдүүдийг нь бид энүүхэнд байдаг хүүхдийн хувийн эмнэлэгт үзүүлэхээр очсон чинь “Мөнгөө төлбөл л үзнэ” гэсэн. Тэгэхээр нь Эрүүл мэндийн 7-р төвийн түргэн тусламжийн “Эмүүжин” төвд хандсан. Үзсэн эмч нь “Хүүхдийг ийм ч болгох гэж дээ” гээд нулимс дуслуулж байсан. Тэгээд Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү бичиг хийж өгснөөр очиж үзүүлсэн. Ихрүүдийн томыг нь ивэрхийтэй, уйлуулж болохгүй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн хэмээн ярьж байна.
Мөн эмнэлэг рүү хүүхдүүдийг авч явсан хоёр эмэгтэйн нөхрүүд нь хүртэл тэсэлгүй уйлсан байна. “Чи цуйван идээд хамаг хөлс нь гарч байсан хүнийг харсан уу? Цолмонд цуйван, аяга цайтай авч өгөхөд хамаг хөлс нь сад тавьсан гээд бод доо ” гэж тэд хэлсэн юм.
Эндээс хэд хэдэн эмзэглэл төрнө. Нэгдүгээрт, айл болон амьдарна гэж сэтгэл нийлж голомт бадраан ийм сайхан ихэр хүү эрүүл саруул төрүүлчихээд, эр нөхрийнхөө алдаанд тэвчээр алдууран орхиод явсан эх хүнийг ойлгохгүй нь.
Нас биед хүрч, өрх өсгөн сум сунгачихаад гэр бүлээ тэжээх эцэг хүний, өрхийн тэргүүний үүргээ эн тэргүүнд тавихын оронд христийн шашны буруу урсгалд автан идэвхгүй амьдралын хэвшлийг чухалд үзсэнээр гэр бүл, үр хүүхдийнхээ хувь заяаг золионд гаргасан Цолмонгийн үйлдлийг ойлгохгүй нь.
Монгол хүний өр нимгэн сэтгэл, эмч хүний эрхэм нандин үүргийг умартан “Мөнгөө төлбөл үзнэ” хэмээн харангадаж унасан хүүхдийг хаалгаараа алхуулаагүй эмнэлэг, эмнэлгийн ажилтан байна гэдгийг ойлгохгүй нь.
Гэхдээ монгол хүний сайхан сэтгэл ор тас алга болчихоогүйд баярлана. Тоглоомын талбай дээр хүүхдээ салхилуулж явсан ээж, аавууд ихэр хүүгийн төлөө санаа тавьж, эмнэлэгт үзүүлж, гэр орноор нь очиж, бага боловч мөнгө цуглуулж, хувцас авч өгсөнд баярлалаа. Сайхан сэтгэлтэй, сүүний үнэртэй ээжүүдээс эхэлсэн энэхүү тус дэм саар бүхнийг ялж, сайхан ирээдүйг маргаашнаас эхлэн бүтээх ч юм бил үү? “Хөхөөний өндөг эхдээ гологдсон ч Хөрст хорвоод жигүүрээ дэлгэдэг жамтай. Миний хоёр дүү мундаг залуус болно оо ” хэмээн орчлонгийн эрээн барааныг онож таних болоогүй хоёр нялхад хэлмээр санагдлаа.
Хүмүүс минь, аав ээжийн бурууг алаг үрс үүрэх ёсгүй шүү дээ. Хоёр ихрийн нэг нь өнөөдөр ой дөрвөн сартай атлаа хөлд ч ороогүй нь хүнс тэжээлийн дутагдлынх гэнэ. Эцэг нь нааш гэх ахан дүүс муутай нэгэн бөгөөд хоёрын хоёр нялх үрээ орхиод ажил хийж чадахгүй, дээш тэнгэр хол, доош газар хатуугийн зовлонг амсаж явна. Сайн санаат хүмүүсийн өгсөн хоол ундны ачаар тэр гурав өнгөрсөн шөнө анх удаагаа бүтэн нойртой хоносон. Одоо цаашид яах вэ? Хүүхдүүдийг нь цэцэрлэгт явуулж, аавыг нь ажилтай болгож өгөх үү? Эд материал, мөнгө төгрөг мэт цаг зуурын тусламж үзүүлэх үү? Аль аль нь л хэрэгтэй байх. Эрэл хайгуул хийж, хэрэгтэй зүйлсээр нь тусалж нэгэн гэр бүлийн аз жаргалтай инээмсэглэлийг харцгаая гэж уншигч та бүхнээс хүсэж байна. Тусалж дэмжихийг хүссэн хүмүүс Б.Отгонзаяатай 88098515 тоот утсаар холбогдоорой.
Сэтгүүлч С.Гүндсамбуу